sonin.mn

Хотын дарга аа, та хоёр хоногийн хоолны минь махыг булаачихлаа

Хотын дарга аа, та хоёр оройн хоолны минь махыг булаачихлаа. Ингэж хэлэхээр тансаг амьдралтай, тааваараа тарвалзаж байдаг хүмүүс шууд утгаар нь хүлээж аваад гайхах биз. Үнэн хэрэгтээ таны энэ шинэлэг санаа цаг үеэ олоогүй, ард түмэн, нийслэлчүүдийнхээ амьдралыг огт мэддэггүйг чинь нотолж орхив.

Энэ сарын 22-ноос эхлүүлсэн таны дээрх шийдвэр ядарч туйлдсан ард иргэдийг улам бухимдуулсаар байна. Олныг нуршилгүйгээр энэ шийдвэр иргэний амьдралд хэрхэн тусч буйг танд хүргэе.

Дарь-Эхээс Хүүхдийн-100 руу ажилдаа 500 төгрөгөөр зорчоод оччихдог байсан иргэн Ч таны шинэлэг аргаас болж дөрвөн удаа автобусанд сууж, бууж өөрөөр хэлбэл дөрөв дамжин ажилдаа очихдоо эхний өдөр 28 минут хоцорчихож. Нэг минут хоцроход 100 төгрөг тул 2800, дараагийн өдөр буюу 23-нд 20 минут хоцорч 2000, 24-нд 32 минут хоцроод 3200 төгрөгөөр торгуулж.

Ингээд гурван өдрийн дотор цалингаасаа 6000 төгрөг суутгуулах болоод байгаа. Иргэн Ч зургаан сартай, хоёр настай хоёр хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Сарын 500 мянган төгрөгийг арай ядан хүргэдэг ч хоосон хонодоггүй, хоёр иддэггүй бидний л адил амьдралтай өрх.

Өлсөж үзээгүй ямбатнууд энэ зовлонг хэзээ ч ойлгохгүй тул “ Хоёр хоног хоосон хоноо л биз. Юун сүртэй юм. Түүнээс илүү алсын хараатай ажил хийж байхад” гэх нь мэдээж. Тэгвэл цадталаа идэж үзээгүй, өлөн зэлмүүн байдаг хүмүүс хоосон хоновол улам л туйлдаж ядардаг юм.

Олон түмнийг бухимдуулсан энэ үйлдлийг дагаад сайнаасаа муу мэдээ нь дэндүү их хөвөрч байгаа ч “Дөрөвдүгээр улирлынхаа төсвийг түрүүлээд идчихсэн юм чинь Ийм л аргаар мөнгө олохоос яах вэ дээ” гэх үг их хатуу сонсогдоно билээ.

Ийм үед нийслэлийн төсвөөс 1.3 тэрбум төгрөг гаргаж автобусны компаниудад хувааж өгч байгаа гэх ч үнэн чанартаа тийм хэмжээний орлогоо тус компаниуд алдаж байгаа. Үүнийг зарим компаниудын удирдлагууд тантай хамт шууд нэвтрүүлэгт оролцохдоо дурьдаж “Есдүгээр сарын 1-нээс эхлээд шатахуунгүй зогсоно” гэж байсан.

“Хөдөөгийн баясгалан” кинон дээр малчин өвгөн Ширнэн “Хаврын хайлган цагаар малаа хөөгөөд...” гэдэг шиг эдийн засаг нийгмийн хямралын энэ үед эрхэм дарга нар ийм шийдэл гаргасан нь тун тоогүй. Уг нь монголчууд “Дөч гарсан эр, дөрөө дарсан ат” гэж ярьдагсан даа. Зүүд зэрэглээ мэт ийм ажил хийдэг, ойворгон насаа аль эрт орхисон л баймаар.

Эрхэм баатар таныг настайчууд “Хэт ойворгон загнаад байна” гэж суугааг дуулгахад илүүц болохгүй биз. Дэлхий нийтээрээ хямарч байхад 1.3 тэрбум төгрөгийг аравхан хоногт үрчихдэг манайх шиг улсыг үзээд өгье ч үгүй биз. Ингэж үрэлгэн загнаж байхаар 160 хүүхдийн ортой цэцэрлэг хоёрыг барьчихсан бол 10 хоног битгий хэл 30 жил үр ашгаа өгч улсын маань хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад том хувь нэмэр болох байлаа.

Өнөөдрөөс цэцэрлэгийн багачуудын бүртгэл эхэлж азтай багачууд нь бүртгэлд хамрагдаж азгүй нь гэртээ 10 сар цоожлуулна. Тэдний хэд нь осол, гал түймэр гээд золгүй байдлаар амь насаа алдах бол.

Бүтэн өдрийн билет, хэдэн өдрийн асуудал
Гэхдээ дээрх өдрүүдийн өнгө төрх танд нэг л “дотно” санагдсан юм биш биз. Миний сэтгэлд бол “Дэлхийн дайн” гэж Холливудын киноны хэсэг буугаад байсан шүү. Тэр дундаа захын гэр хорооллын автобусны буудал дээр бүр ч бодитоороо харагдана.

Өнгөрөгч баасан гарагт 500 төгрөгийн тасалбараа авчихсан додигор амьтан автобус хүлээж байлаа. Хүлээсэн чиглэлийн унаа маань ч ирлээ. Гэтэл юу болсон гээч автобусны хаалга нээгдэхтэй зэрэгцэн өөдөөс хүмүүс асгардаг байгаа. Энэ үед дээрх киноны өндөр хана руу зомбинууд авирч байгаад нуран унадаг хэсэг нүдэнд буух нь тэр.

Үүнийг харсан би тэр дороо хулчийж гайхамшигт тасалбараа халааслаад 1000 төгрөгийн хувийн хөсгөөр ажил руугаа хөдөллөө. Харин ажил дээрээ иртэл би хожсон байв. Учир нь ажлын маань хувийн тэрэггүй хэд нь 500 төгрөгийн тасалбараа атгаж, автобусанд шахалцаж, дамжсаар хөмсгөө атируулаад, духан дээрээ овоолчихсон орж ирэн цүнх, саваа ширээн дээрээ чулуудаж байв. Ийм байдалтайгаар Э.Бат-Үүл даргын санаачилсан нийтийн тээврийн шинэ зохицуулалттай эхний өдөр өнгөрөв.

Харин амралтын өдрүүдэд шопрот болтлоо шахцалдах нь багассан ч автобусны буудал дээрх амьдрал бахь байдгаараа. “Би багшийн дээд рүү яаж явах вэ”, “Миний хүү үйлдвэр хомбинат руу яаж яваад байна аа. Өвөө нь бүр будилж орхилоо”, “Хүүе ээ юунд суучихав аа, бууя” гэж будилсан хүмүүс хаа сайгүй.

үүнээс харахад автобусны буудал дээр чиглэл тайлбарлагч хийвэл овоо гайгүй бизнес болчихмоор санагдав. Учир нь автобусны буудал дээр билет борлуулж байгаа хүмүүс тухайн газраасаа явж байгаа чиглэлүүдийг л хэлж өгөхөөс биш өөр тийшээ явах маршрутыг мэдэхгүй юм билээ. Ийнхүү бүтэн өдрийн билетийг тойрсон асуулт, хариулт ажил, гэр, дэлгүүр хоршоо хаа сайгүй үргэлжилсээр.

Амьдрал үзэх 10 хоног
Арга ч үгүй биз “Ч-1” буюу “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлд явдаг “Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолооч Г.Лхахүү “Зорчигчиддоо чиглэл зааж өгөх нь битгий хэл өөрсдийнхөө явж байгаа чиглэлээ яая гэж байна. Одоо явж байгаа чиглэлд явдаг байсан автобуснууд өөр тийшээ явчихаар хэн нь хаашаа, яаж яваад байгааг мэдэх юм алга” гээд толгойгоо илж байх юм.

Тэр ч бүү хэл тасалбараа авч амжилгүй автобусандаа суучихаад кондуктороос авсан билетээрээ өөр автобусанд сэлгэж суух гэж дайрсан тохиолдол ч гарч. Уг нь тасалбар түгээгч нь “Энэ билет зөвхөн энэ автобусанд л хүчинтэй” гээд хэлээд өгчихсөн бол хэн хэндээ амар баймаарсан.

Өглөө авсан билетээрээ хэд хэд дамжиж, тасалбар түгээгч, жолооч, зорчигчидтой зовлон, жаргалаа хуваалцаж явахад “Ер нь л хэцүүхэн байна даа” гэх үгсийг л олонтоо сонссон. Сүүлийн үед залуус хүнд, хэцүү зүйл тохиолдоход ёстой “Амьдрал үзэж байна даа” гэж ярьдаг болсон байна лээ. Тэгэхээр энэ 10 хоногт нийслэлчүүд бид амьдрал үзэх нь.

Г.Лхахүү: Таван автобус пиг дүүрээд гарахад зөндөө хүн багтахгүй үлдэж байна

-Таны явж байгаа чиглэлд ачаалал хэр их байна. Өмнө нь ямар чиглэлд явдаг байв?
-Би өмнө нь “М-27” буюу “Таван шар-Баянзүрхийн товчоо чиглэлд” явдаг байсан. Харин одоо “Ч-1” буюу “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлд явж байна. Манай компаниас энэ чиглэлд эхний ээлжинд 40 автобус гаргаад ачааллаа дийлэхгүй болохоор бямба гарагт нэмж арвыг гаргасан. Харин өчигдөр “Автобус-1” компаниас нэмж 10 автобус гаргасан. Ингээд нийт 60 автобус болж байна.

-Ачаалал хэр их нэмэгдсэн бэ?
-Ингэж их автобус гаргаад ч нэмэр алга, ачаалал асар их байна. Өдөр хоол, ундаа ч идэж чадахгүй шахам явж байна. Ажлын өдрүүдэд Таван шар, Саппоро, Багшийн дээд гэх мэт гол буудлуудад өглөөдөө хүмүүс хэдэн зуугаараа байна шүү дээ. Манай чиглэлийн хоосон таван автобус орж ирээд, пиг дүүрээд гарахад цаана нь зөндөө хүн багтахгүй үлдэж байна.

-Чиглэлийн дагуу зорчигчид хэр их сэлгэлт хийж байна?
-Хүмүүс бол хангалттай сэлгэлт хийж байна. Баруун талын бүх чиглэл Таван шар дээр ирж хүнээ буулгаж байгаа болохоор манай чиглэлд сэлгэлт хангалттай хийгдэж байгаа. Зүүн талын бүх чиглэл бас л Офицеруудын ордон дээр төвлөрч байгаа болохоор манайх бусад чиглэлийг бодвол сэлгэлт харьцангуй сайн байна.

-Үйлчлүүлэгчдийн хувьд сэтгэгдэл ямар байгаа нь та бүхэнд мэдэгдэж байна уу?
-Уг нь санхүүгийн хувьд бол хэмнэлттэй л байх шиг байна. Гэхдээ чиглэл мэдэхгүй, ачаалал их байгаа болохоор бухимдалтай байна.


Түмэн зовлон
Энэ өдрүүдэд хэсэг бүлэг нөхөр ёстой “баларч” байна. Учир нь хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн тул шинэхэн оюутнууд орон нутгаас эцэг, эхээ дагуулан ирж таарсан. Гэтэл хот мэдэхгүй тэдэнд хотын даргын хэрэгжүүлж буй шинэ ажил ёстой түмэн зовлон болж хувирав.

Хамаатныхаа айлаас хүүхдийнхээ сургууль руу, сургуулиас нь дотуур байр руу нь явна гэдэг тэдэнд шинжлэх ухааны шинэ нээлт хийхээс ч хүндхэн даваа болж байгаа нь автобусны буудал дээрх хүмүүсийн ярианаас илт.

Зарим нэг нь “Чи ядаж сургууль руугаа яаж явахаа мэддэггүй юм уу”, “Эртхэн алхая” гэх аргаа барсан үгсийг урсгасаар байсан юм.

С.Цээл, М.Санчир

Эх сурвалж: