sonin.mn
Хар дарсан зүүд шиг саяхны явдал...
Өмнөд хөршийн тухай зарим баримт хэлхэн уншигч танаа толилуулах үедээ хойд хөршийнхөө ойрын хийгээд одоогийн зарим явдал, олон улсын тавцан дахь өнөөгийн байр суурийн талаар бичнэ гэж амласандаа хүрэх гэж сууна.
 
Сингапурын эцэг хэмээн өргөмжлөгддөг Ли Гуан Яао “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” хэмээх номдоо “... ЗХУ-ын Ерөнхий сайд Николай Рыжков 1990 оны хоёрдугаар сард... ирж байсан. Тэгэхэд түүнд их гүрний удирдагчийн итгэл үнэмшил, алхаа гишгээ ч байхгүй байсан.
 
...Өргөн хэрэглээний бараа Сингапураас худалдан авахад зориулан 50 сая ам.долларын зээл олгох хүсэлт тавьж байсан. ...ЗХУ-ын Ерөнхий сайд өчүүхэн жижиг Сингапураас 50 сая ам.долларын зээл хүснэ гэдэг бусад их орнууддаа нэр нүүрээ барсан гэсэн үг...” гэж бичсэн байдаг.
 
Энэ бол бидний сайн мэдэх, монголчууд бид ч үзээгүйгээ үзэж, өргөн хэрэглээний бараа картанд орж, дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юу ч үгүй болж байсан цагийн тухай өгүүлж байгаа хэрэг. 
 
Энэ бол дэлхийн хуурай газрын зургааны нэгийг дамнан оршиж, чадлаараа хөдөлмөрлөж, хүссэнээрээ хэрэглэдэг коммунизм буюу хүмүүн төрөлхтний хүсэл болсон диваажин гэмээр нийгэм байгуулж байна гэж байсан ЗХУ ягтаа тулахдаа газрын зураг дээр харагдахгүй шахам Сингапурт очин бадар барьж явсан гашуун түүх.
 
Зөвлөлтийн удирдагчид ирэх цагийн хувь заяа чухам л бидний гарт хэмээн бүрэн итгэлтэй, НҮБ-ын индрийг хүртэл гутлаа тайлан нүдэж цадигаа алдаж байсан үе ч байсан. Хатуу гараар хорвоо ертөнцийг ч, хүн ардаа ч атгах гэж зүтгэж байсан.
 
“Атгагдаж байсан” аварга гүрэн нуран задрахыг харахад аймшигтай байсан. Харамсалтай ч байсан. Бас бахардсан нэг нь товчлуур дарвал хорвоо ертөнц хөмрөх аюултай атом, цөмийн зэвсэгтэй орон учраас айх хүн олон байлгүй яахав.
 
ЗХУ-ыг бүрдүүлж байсан холбооны улсууд бие даан тусгаар улсууд болон салсан. Харин галаа манан хоцорсон улсыг ОХУ гэх болсныг уншигч та сайн мэднэ. Могой тасравч гүрвэлийн дайтай гэж үг бий. 
 
ЗХУ 22,4 сая кв.км газар нутагтай, 290 сая хүн амтай байсан бол ОХУ 17 сая кв.км газар нутагтай, 143 сая хүн амтай улс болон төвхнөх зам даа мордсон. Төвхнөх гэдэг амаргүй байсныг ч монголчууд бид сайн мэднэ. 
 
Харин ийнхүү задрахад олон улсын тавцанд ОХУ ЗХУ-ын хууль ёсны байр суурийг цаашид үргэлжлүүлэн хүлээх үүрэгтэй болсон түүхтэй.
 
Энэ бол ОХУ НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, НҮБ-ын мэргэшлийн салбар байгууллагуудад ажиллаж байсан байр сууринд үргэлжлүүлэн ажиллана гэсэн үг байлаа.
 
Нэгэн янзын “диваажин” байгуулах хүслээр олон түмнийг цэнэглэн хөөрүүлж, их бүтээн байгуулалт, үндэсний бахархалыг нь асааж, оргилуун хүслээр жигүүр ургуулж сансарын уудамд төлөөлөгчөө илгээж, атом хэмээх нүдэнд үл үзэгдэх биетийн өчүүхэн хэсэгт нуугдан байдаг их эрчим хүчийг хазаарлан ашиглаж, оюуны тулаан-шатрын хөлөг дээр ухаанаа гайхуулан аваргалж, олимпийн олон аваргыг тасралтгүй төрүүлж байсан тогтолцоо байсан болохоор юу болов гэж гайхалгүй яахав.
 
Нийгмийн тогтолцоо буруу байсан байж болно. Харин орос үндэстэн, орос орон нийгмийн буруу тогтолцоо шиг түүхийн хог руу түрэгдэн хаягдана гэж хүн бодож байсан болов уу. Үгүй л болов уу. Гэхдээ тэгж бодвол бодохоор явдал болж байсныг бид бас мэднэ.
 
Өглөө босоод ирэхэд мөнгөн тэмдэгт нь хүчингүй болж, ханшны хувьд манай мөнгөнөөс ч дор орж байсныг би хэлж байна. Гэсэн ч ... их хөршийн, их ахын сэтгэлээр монголчууд бидэнд хандсаар байсны ганцхан жишээ “ИХ ӨР”-ийг бараг л “зүгээр” дарсан явдал биш гэж үү?...
 
Монгол Улс, монгол түмэн бид хойд талаасаа нөмрөн орших, өдрөөс өдөрт өндийн босож байгаа ОХУ-аас, орос ах нараас нүүр буруулан холдож “гурав дахь хөрш”-ийн нөмөрт орлоо гээд юу болох бол.
 
Их гүрнүүд нөлөөллийн хүрээгээ тэлэх, зах зээлээ булаалдах ээлжит уралцаан эхэлчихээд байхад зүгээр л сонин хэвлэлээр зарим нэг сэтгүүлчийн “геополитик” хэмээх ойлголтын бичсэн зарим зүйлийг хямсгардуухан уншаад л суух юм уу, бид чинь?...
 
“Шинэ Орос”, Шинэ ОХУ
Өнгө, мөнгө шүтдэггүй өнийн сайханд л тэмүүлж байна гэж тунхаглаж байсан Орос орон, оросын хүн ард зах зээлийн хатуу ширүүн нийгэм рүү шидэгдсэн. 
 
Үнэт зүйлд ахуйн тансаглал, өнгө мөнгийг тооцохгүй гэж байсан чинь сайн сайхан, эрх мэдлийн хэмжүүр нь мөнгө болж хувиран ёстой л өнөө “мөнгө... мөнгө...” гэж дуулан арилжааны зах зээлд цүлхийн орсон. Улсын өмчөө хувьчилж, хууль ёсыг уландаа гишгэсэн 1990-оны явдалд орос орон сүйрч эхэлсэн.
 
Төрийн эрх баригчид нь ойр ойрхон солигдож, парламентын засаглалтай гэж байсан хэрнээ Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр нь хүч хавсран парламентын цагаан ордон руугаа цэрэг, танк хөдөлгөн, их буугаар буудаж байсан. Энэ бол дээр жишээ татсан ЗХУ-ын Ерөнхий сайдын айлчлалаас хойш тун удаагүй байхад болж байгаа явдал.
 
ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Ельцин 1990-ээд оны сүүлээс өөрийн залгамж халаа болох хүнээ идэвхтэй хайж эхэлснийг уншигч та лав санаж байгаа байх. Тэр үед ойр ойрхон шинэ залуу улс ОХУ-ын өндөр дээд албан тушаал, түүний дотор Ерөнхий сайдаар тодрох болсон. 
 
Тэдний дунд 1998 оноос нэр нь гарч, 1999 оноос “миний залгамжлагч” гэж зарлагдан, 1999 оны 12 сараас ОХУ-ын улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, дараа жил нь сонгуульд ялан ерөнхийлөгч болсон хүн бол В.В.Путин.
 
ОХУ бол 200 гаруй үндэстэн ястан, 136 хэлээр ярьдаг олон үндэстний улс бөгөөд холбооны улсын зохион байгуулалттай, бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч-парламентын засаглалтай, бүгд найрамдах улс. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон. 
 
Байгалийн асар их нөөцтэй, тухайлбал газар нутгийнх нь 40 хувь ой модоор бүрхээстэй байдгийн дээр дэлхийн шилмүүст ойн 50 хувь нь орос оронд оршдог гэсэн тооцоо байдаг. Дэлхийд зартай олон том мөрөн орос оронд бий. Эндээс үүдээд цаас болон целлоидын үйлдвэрлэл харьцангуй хөгжсөн улс.
 
Бараг бүх бүс нутагт нь газрын тосны нөөцтэй гэж тогтоогдсон. Мөн түүнчлэн дэлхий дээр шатдаг хийн нөөц, болон олборлолтоороо тэргүүлдэг орон. Энэ бүхэнтэй уялдан үйлдвэрлэн гаргадаг цахилгаан эрчим хүчнийхээ хэмжээгээр дэлхийд гуравдугаарт ордог бөгөөд хүн амынхаа 99 хувийг цахилгаан эрчим хүчээр хангасан орон гэсэн судлагаа байдаг юм байна. 
 
Эрчим хүч гаргаж байгаа эх үүсвэрээр нь авч үзвэл ДЦС-аар 67 хувь (Үүнээс: 44,9 хувийг нүүрснээс, 26,5 хувийг нефтиэс, 14 хувийг шатдаг хийнээс), УЦС-аар 19 хувь, АЦС-аар 15 хувийг гарган авдаг гэсэн мэдээ байна. 
 
Үргэлжлэл бий
 
Орчуулагч Н.Пүрэвдагва