sonin.mn

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан энэ сарын 22-нд НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн (UNHABITAT) мэргэжилтэн Паула Пеннанен Рибейро болон НҮБ-ийн Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн Монгол дахь салбарын менежер Д.Энхцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ХАБИТАТ-ын мэргэжилтэн Паула Пеннанен Рибейро БХБ-ын сайд Ц.Баярсайханы НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн салбарын захирал Ноён Ёшинобу Фукасавад “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг  боловсруулахад мэргэжлийн удирдамж, зөвлөмжөөр хангаж хамтран ажиллахыг хүссэн захидлын хариу Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөгөөний төслийг хамтран боловсруулахдаа таатай буйгаа илэрхийлэн захидлыг гардуулав.

Уулзалтын үеэр Паула Пеннанен Рибейро, “Хүн  амын нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахын өмнө нэгэнт хийхээр төлөвлөсөн байгаа Хот байгуулалтын түргэвчилсэн үнэлгээг үндсэн 7 асуудлаар боловсруулах ажлын багийг асуудал бүрийг хариуцсан байгууллагуудаас албан хаагч оруулж бүрдүүлж, боловсруулаад 11 дүгээр сард Үндэсний хороонд танилцуулахаар семинар зохион байгуулж хэлэлцүүлэх, цаашлаад боловсруулах ажилдаа орох зэрэг шат дараалсан ажлуудыг төлөвлөсөн” гэв.

БХБ-ын Ц.Баярсайхан “Эдгээр шат дараалсан ажлуудыг хийх болон семинар зохион байгуулахын  өмнө холбогдох хүмүүсийг хот байгуулалтын бодлого, төлөвлөлтийн талаар нэгдсэн ойлголттой болгох нь чухал. Энэ зорилгоор НҮБ-ХАБИТАТ-тай хамтран боловсруулсан Хүн амын нутагшил суурьшлын өөр орны туршлагыг судлах нь зүйтэй.

Түүнчлэн хоёр хөрш орнуудыг холбосон гол төмөр зам, хурдын зам зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалттай холбогдон шинэ хот, суурин газруудыг төлөвлөх зайлшгүй хэрэгцээ байгааг онцолсон нь хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлууд их байгаа” гэв.

Уулзалтын төгсгөлд НҮБ-ХАБИТАТ-аас туршлага судлах сургалт аялалын талаар ойрын хугацаанд хариу ирүүлэхээ мэдэгдэж, Монгол Улсын Хүн амын нутагшил суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажилд оролцох нь хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болохыг тэмдэглэв.