sonin.mn

Си Жиньпин даргын айлчлал амжилттай болж өнгөрлөө. Доголдоод хар утаа хаяад эхэлсэн эдийн засаг, түүний талаарх бүүдгэр мэдээлэл зонхилсон орчинд уг айлчлал боломжийн хэмжээний салхи, гэгээ оруулах шиг болов.

Транзит тээврийн асуудлаарх тохиролцоо, хоёр орны худалдааг хэдэн тэрбумаар дорвитой ахиулах тухай хэмжээ, хугацаа заасан хамтарсан зорилго, Хөгжлийн банкинд олгох зуу гаруй сая долларын зээл, үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх гэрээ, хэлэлцээр гээд эдийн засагт тус нэмэртэй чамгүй тооны үр дүнг айлчлал дагуулав.

Том удирдагчийн айлчлал том хаялгатай л байдаг. Тийм ч учраас уг айлчлалыг угтсан улстөржилт, талцал эхлэх хандлага гармагц улс орныхоо нэгдсэн эрх ашгийг хөндсөн гадаад бодлогын энэхүү чухал асуудал дээр үндэсний эв нэгдлээ эн тэргүүнд тавин хичээх тухай уриалгыг сөрөг хүчний зүгээс гаргасан. Сүүлийн 20 гаруй жилд ардчилсан Монгол Улсад олон орны төрийн тэргүүн айлчилж ирсэн.

Харин сөрөг хүчин нь улс төрийн ийм ноён нуруу гаргаж, эрх баригчдаа дэмжсэн тодорхой мэдэгдэл гарган түүнийхээ дагуу үг биеэ цэнэж байсныг санахгүй байна. Ер нь шүүмжлэх, өөнтөглөх талдаа л байдаг байсан. Энэхүү улс төрийн соёлыг харуулсан үйлдэл нь айлчлалын уур амьсгалыг зөөллөж, эдийн засагт дэмтэй тохиролцоонууддаа хоёр тал итгэл дүүрэн хүрэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан л байгаа.

Тэгэхээр ажлаа хийхэд нь саад болоогүй, харин дэмжсэн сөрөг хүчиндээ талархал илэрхийлвэл зохилтой. Эрх баригчид ингэдэггүй юм гэхэд олон түмэн энэ шинэ жишгийг үнэлэх л байх. Энэ нь ч сөрөг хүчинд хангалттай. Учир нь улс орны хөгжилд хэрэгтэй зүйл хийж буй нь өөрөө урамшуулал юм.

Энэ шинэлэг зүйлийн хажуугаар ажиглууштай зарим онцлог энэ айлчлалаас анхаарал татав. Өмнөд хөршийн өмнөх удирдагчид хэвлэлийн бага хурал хийж, хэвлэл мэдээллийнхэнтэй шууд харьцаад байх нь ховор байдаг байсан.

Ялангуяа жижиг оронд айлчлах явцдаа иймэрхүү алхам хийх нь элбэг биш. Харин шинэ дарга ийм арга хэмжээ зохиосноор манай ард түмэнтэй шууд харьцаж, санаа бодлоо илэрхийллээ.

Үүний дүнд 90-эд оноос хойшхи хоёр орны харилцааны түүхэнд хятадын өндөр дээд түвшний үеийн үеийн удирдагчид болон удирдлагын нотолсоор ирсэн, тус тусын тусгаар тогтнол, түүхэн хөгжлийн өвөрмөц замналыг хөдлөшгүй хүндэтгэх тухай үгсийг монголын төрийн удирдлагууд болон дипломатчуудын сонорт биш, харин ард түмнийхэд шууд хүргэлээ. Нөгөө “үүнээс цааш газар үгүй, үүнээс өндөр оргил үгүй” гэдэг шиг хятадын наад цаад бодлогыг энэ албан тушаалтнаас давж илэрхийлэх нэгэн өмнөд хөршийн тогтолцоонд байхгүй.

Шинэлэг хандлага үнэртүүлсэн Си Жиньпин даргын айлчлалтай холбоотой өөр нэг онцлог бол тэрээр өндөр, дээд албан тушаал хашиж байхдаа Монголд хоёр дахь удаагаа албан ёсоор зочиллоо. Хүүхэд насных нь том улс төртэй холбоотой гэгээлэг мөч, дурсамж ч Монголтой (Ю.Цэдэнбал даргад цэцэг барьж байсантай) холбоотой байдаг. Ийм тохиолдол ховор.

Энэ бүгд айлчлалын үр дүнд мэдээж эергээр нөлөөлсөн. Айлчлалыг ажиж байгаад “овоо доо” гэж бодсон бас нэг зүйл байв. Маргаашийн өдөр гэж үгүй юм шиг л урд хөрштэй хийсэн тохиролцоо бүрийг засгийн эрхэнд ирмэгцээ гацааж, гоочилж, өөрийн эрхгүй хөршөө шүүмжлэх сэтгэлгээг тухайн үедээ өдөөж байсан эрх баригчид харин хормой дэвсэж найр тавин гүйж буйг хараад “засаглана гэдэг хариуцлага, хожмыг бодож өнөөдөр хэлэх үгс, үйлдлээ цэгцтэй байлгах нь чухал” гэдгийг ойлгоо байлгүй дээ л гэж олзуурхаж байв.

Баяжихын сургаар бид цээж дэлдэж, гаднынхныг, ялангуяа, өмнөд хөршөө муулж байсан үе саяхан. Харин “модоо барих нь” сураг ажиг биш, бодит зүйл болохын даваан дээр нөгөө л дэлхийн хамтын нийгэмлэг, түүн дотроо хоёр хөрш тус нэмэр болдгийг энэ айлчлал сануулаа биздээ. Ноёдынх нь биш, ардын минь сэтгэл цайлган болохоор биднийг заяа түшиж, дэмжлэг ч бас харамгүй ирдэг л дээ.

Д.Цогтбаатар