sonin.mn

КИЕВ. /ВВС/. Улсынх нь зүүн нутагт Оросыг дэмжигч босогчид болон засгийн газрын хүчнийхэн хоорондоо байлдсаар байгаа энэ үед Украины Ерөнхийлөгч Петро Порошенко парламентаа тарааж, энэ 10 дугаар сарын 26-нд сонгууль хийхийг уриаллаа.

Улсынхаа хууль тогтоох дээд байгууллагыг тараах зарлигт гарын үсэг зурснаа тэрбээр өчигдөр мэдэгджээ. Ажиглагчдын үзэж буйгаар, өмнөх Ерөнхийлөгч Виктор Януковичид ойр хууль тогтоогчдыг холдуулах замаар эрх мэдлээ бэхжүүлж, хүчээ нэгтгэхэд нь энэ сонгууль тусална гэж Порошенко найдаж байна.

Энэ оны хоёрдугаар сард Януковичийг түлхэн унагааж,  Оросын талыг баримтлагч засгийн газрыг нь тараасан ч түүнийг дэмжигч олон хууль тогтоогч парламентад суудлаа хадгалан үлдсэн юм. Гэхдээ Украины зүүн нутагт сонгууль явуулж болох эсэх эргэлзээтэй хэвээр байна. Учир нь Оросыг дэмжигч босогчид болон засгийн газрын хүчнийхний хооронд байлдааны ширүүн ажиллагаа өрнөсөөр байгаа юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг