sonin.mn

ЖЕНЕВ. /Xinhua/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар буруушаан, Иракт хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа нь хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэнтэй дүйцэж байна гэлээ.

Тус цэрэгжсэн бүлэглэл нь үндэстний цөөнхүүд, тэдний дотор, христийн шашинтнууд болон язидичуудыг хавчин гадуурхсаар байгаа юм. НҮБ-ын мэдэгдсэнээр, 1,2 сая орчим хүн дүрвэжээ.

“Лалын улс” өдөр бүр хүний эрхийг ноцтой, аймшигтайгаар зөрчиж байна гэж комиссар Нэви Пиллэй мэдэгдэв. Түүний хэлснээр, тус бүлэглэлийн үйлдэл нь дайны гэмт хэрэг, хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэнээс бараг ялгаагүй байна.

Иракт арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж байгааг болиулах НҮБ-ын хороо мөн мэдэгдэл хийсэн юм. Уг мэдэгдэлд, хүмүүсийг үй олноор нь устгаж, угсаатны цэвэрлэгээ хийж, хүмүүсийг дүрвэхээс өөр аргагүйд хүргэж байгаа нь хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын конвенцыг илэрхий зөрчсөн хэрэг гэжээ.

Иракийн хойд нутагт аюулгүй бүс бий болгох яаралтай арга хэмжээний хүрээнд тус улсад НҮБ-ын энхийг сахиулах хүчнийхнийг байрлуулах хүсэлтийг Аюулгүйн Зөвлөлд гаргахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд уг мэдэгдлээр дамжуулан уриалсан байна. Тус хорооны хүсэлтийг заавал биелүүлэх албагүй. Гэхдээ ийм бодлого явуулахыг тус хороо барагтай л бол шаарддаггүй юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг