sonin.mn
Цэцэрлэг, сургуулийн бүртгэл явагдаж, хүүхдүүдээ улсын цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүд дээд тал нь тав хоног цэцэрлэгийн үүдэнд дугаарласан хэцүү­хэн өдрүүд өнгөрч байна.
 
Гэтэл “Муу дээр муухай, муухай дээр улцан” гэгчээр БХЯ, Хилийн цэргийнхэн амралтаа авсан ажилчдын амралтын мөнгө, цалинг нь тавьж чадахгүй хэцүүдэж байгаа дуулдав. Тун удах­­гүй хичээл сургууль жигд­рэхээр сургууль, цэцэр­лэгүүд ч цалингаа тавьж дий­лэхгүй байдал үүсчээ. 
 
Тэртэй тэргүй өдөр хо­ногийг арга­цаан амьдарч байгаа Эрүүл мэндийн сал­барын тухайд байдал бүр ч хүндхэн тусах нь ойл­гомж­той. Гэмтлийн эм­нэлэг хэ­рэгцээтэй эм, та­риагаа авч дийлэхгүй өвч­төнүүдийн ар гэрээс арга­цаасаар өнөөд­рийг хүрсэн. 
 
Саяхан Сангийн сайд Ч.Улаан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Чингис” бондын мөнгөөр төсвийн цоорхой нөхдөггүй хуультай. Нийг­мийн халамжийн арга хэм­жээнд ч тараах учиргүй. Зарим байгууллага цалингаа хугацаанд нь тавьж чадаа­гүй асуудал гарсан байж бол­зошгүй. Улсын болон нэгд­сэн төсвийн хүрээнд цалин тавьж чадахгүй байх нөхцөл үүсээгүй.
 
Үүсэх ч үгүй” гэсэн байна лээ. Гэтэл цалингаа тавьж чадах­гүй байгаа нь зөвхөн БХЯ-аар соёл урлаг, хэвлэл мэдээллийн олон бай­­гууллагуудыг хамарч ажилч­дынхаа гар дээр тавих мөнгөгүйгээс эхнээсээ хаалгаа барьж эхлэв бололтой.
 
Энэ талаар БХЯ-ны Төрийн на­рийн бичгийн дарга, хошууч ге­нерал З.Болдбаатараас тодруулах гэсэн боловч Халх голын ялалтын 75 жилийн ойд оролцоод Дорнод аймагт яваа гэнэ. 
 
Ер нь ингэхэд энэ бүх хүндрэл, бэрхшээл юунаас болов оо. 2014 оны эхний хагас жилийн байд­лаар улсын нэгдсэн төсвийн тэнц­вэржүүлсэн нийт тэнцэл 240 тэрбум төгрөгөөр, Татварын ор­­лого бүрдүүлэлт 200 гаруй тэр­бумаар тасарч яваа. Гэтэл тун удах­гүй хичээлийн шинэ жилийн нээлт болох гэж байдаг. 
 
Аливаа улсын төр, засаг оршихуйн үндэс нь татвар билээ. Ямар ч цаг үед тухайн улсын төр нь иргэдээсээ авсан татвараараа амьдарсаар ирсэн бөгөөд тэрхүү хураасан татвараараа иргэдээ буцааж тэжээдэг, ард түмэнд ч иргэддээ хэрэгтэй зүйл хийсэн эсэхээрээ л “сайн, муу төр” гэж үнэлэгдэн түү­хэнд бичигддэг жамтай. 
 
Түү­хэнд хураасан татвараараа ард тү­мэндээ хэрэгтэй зүйлсийг бүтээж, хүн амаа өсгөж, газар нутгаа тэлж, зам тээвэр, харилцаа холбоогоо хөгжүүлж, хот тосгон байгуулж, техник технологийг бүтээж, ард түмнээ “хөл хөсөр, гар газар” сэтгэл амгалан амьд­руулсан ухаан­тай төр ч байна, хэрэгтэй хэрэггүй үрэлгэн зардал гарган ард иргэдээ өлөн зэлмүүн, ядуу тарчиг амьдруулсан ухаан мулгуу төр ца­гийн эрхшээлээр доройтон буурсаар ард түмэнтэйгээ хамт мөхсөн гунигт түүх ч бий. 
 
Тиймээс хураасан татварыг хэрхэн юунд зарцуулж буй нь төрийг тодорхойлох хамгийн бодитой арга зам юм. Баялаг бүтээгчид өөрийн бүтээсэн үнэт зүйлсийнхээ тодорхой хувийг өөрийн хийж чадахгүй сайн үйлийн төлөө төрдөө өгдөг, төр нь ч “нийтэд тустай юм хийнэ” хэмээн ам­лан татвар авч өөрөө түүнийхээ өчүүхэн хэсгээр нь амьдраад, бусдыг нь нийтийн сайн сайхны төлөө зохистой зарцуулах онцгой эрх хүлээдэг учиртай билээ.
 
Төр ард түмэн хоёрын хамгийн чухал тохиролцоо энэ юм. Харин хүн төрөлхтний түүхэнд үеийн үед байсаар ирсэн энэхүү тогтолцоо Монгол Улсын хувьд арай л жаахан буруу тогтолцоогоор яваад байгаа. 
 
Монголын төр өнөөдөр хэдхэн баялаг бү­тээгчдийнхээ татвараар амь­дардаг хувалз болчихоод байна. 
 
Амьд биетийг шимэгчлэн цусыг нь сорж амьдардаг, улмаар нөгөө амьтнаа үхэлд хүргэдэг нэгэн төрөл паразетийг хувалз гэдэг. Хувалзны амьдрах биологийн нөхцөл нь өөрөө томроод л байдаг, нөгөө амьтан нь турж жижгэрсээр эцэст нь үхэлд хүргэдэг онцлогтой.
 
Монгол Улсад 2013 оноос хэрэгжиж эхэлсэн Төсвийн тогт­вортой байдлын тухай хуу­лийн дагуу тэнцвэржүүлсэн орлогоор 2014 онд 6.8 их наяд төгрөгийн орлого олох ёстой. Үүний 6.2 их наяд нь татварын орлого, үлдэх 637 сая төгрөг нь татварын бус орлогоос бүрдэхээр төсөвлөсөн.
 
Гэтэл 2014 оны нэгдүгээр сарын гүйцэтгэлээс харахад л нэгдсэн төсвийн тэнц­вэржүүлсэн нийт орлого 353.8 тэрбум төгрөг болж, орлогын төлөвлөгөө 21.3 хувиар буюу 95.7 тэрбум төгрөгөөр дутуу биелэлттэй гарч.
 
Үүнээс хойших зургаан сард татварын орлого бүрдүүлэлт байнга тасарснаас жи­лийн эхний долоон сарын байдлаар тат­варын орлого бүрдүүлэлт 200 гаруй тэрбум төгрөгөөр тасарч яваа. 
 
Ерөнхийдөө татварын орлого асар их хэмжээгээр тасарч, улсын төсвийн алдагдал нэмэгдэж төсөв бүхэлдээ хүндрэх төлөв ийнхүү 2014 оны эхний хагас жилийн байд­­лаас тодорхой харагдаж эхэл­сэн юм. Уг нь татварын орлого бүрдүүлэх ачааг төр биш, баялаг бүтээгчид л үүрнэ. 
 
Энэ байдлаас дүгнэлт хийвэл жилийн эцсээр баялаг бүтээгчид рүүгээ улам ихээр дайрах дүр зураг ажиглагдаж эхэллээ. Учир нь Монголын төрд өнөөдөртөө өөр олигтойхон тэжээгч харагдахгүй л байгаа. 
 
Монгол Улсын төсвийн орлого 2010 онд 3.1 их наяд, 2011 онд 3.3 их наяд, 2012 онд 5.8 их наяд, 2013 онд долоон их наяд болж өссөн. Орлого өсөхийн хэ­рээр төс­вийн зарлага өсөх нь ч ойлгомжтой. Ерөн­хийдөө сүү­лийн дөрөвхөн жилийн до­тор улсын төсөв хоёр дахин томор­сон. Улсын төсөв данхайгаад бай­даг.
 
Эсрэгээрээ монгол­­чуу­дын амьд­ралын хэрэглээний ба­­раа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэ­мэгдэж, инфляци 15 хувиас дээшээ цойлчихлоо. Төгрөгийн худалдан авах чад­вар 40 гаруй хувиар суларч, импортоос улам их л хамааралтай болж, биднээс хураан авдаг татварын нэр төрөл нэмэгдсээр л.
 
Хамгийн сүүлд л гэхэд Улаан­баатар хотын удирдлагуудын зү­­­гээс хотын төвөөр зорчих авто­ма­шинтай иргэдээс 50 мянган төгрөгийн татвар хураах тухай хэсэг шуугиулаад иргэдийн ихээ­хэн бухимдалтай тулгарсны хү­чинд татаж авчихаад байгаа.
 
Монголын төр өнөөдөр улам дан­хайн то­морч, татвар нь улам л нэмэгдэж эсрэгээрээ ард түмэн ун­таад бо­соод ирэхэд л үнийн хөө­рөгдөлд багалзуурдуулсаар байна. 
 
Монголын төрийн албаны хаагчдын тоо 2014 онд 169448 бол­сон дүн мэдээ бий. Тэгвэл энэ тоо 2013 онд 162769, 2012 онд 161612, 2011 онд 155679, 2010 онд 148223 байж. Энэ хэдхэн тооноос харахад л сүүлийн дөрөвхөн жилийн дотор төрийн албан хаагчдын буюу татвараар тэжээлгэгчдийн тоо 12.6 хувиар өссөн байна. Харин иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээний чанар, хүртээмж 12.6 хувь өсөөгүй л болов уу. 
 
Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд мөн татвар төлдөг. Төлөхдөө асуудалтай төлдөг. 
 
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр улсын хэмжээгээр 72.9 мянган аж ахуйн нэгж байна. Тэдгээрийн 50 хувь нь үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү үйл ажиллагаа явуулдаг компаниудын бараг 90 хувь нь жижиг, дунд үйл ажиллагаатай компаниуд гэсэн статистик бий. 
 
Эдгээрийн ихэнх нь “тат­вараас зайлс­хийдэг, үнэн зөв мэдүүл­дэггүй, санхүүгийн хоёр тайлантай” гэдэг нь нууц биш бол­чихсон. Татвараа шударгаар үнэн зөв төлвөл тэр аж ахуйн нэгж бараг л ашиггүй ажилладаг, эхсүл олсон дээрээ улам нэмэх гэсэн шуналтай нь холбоотой.
 
Нууж байгаа гэдгийг нь ч татварынхан мэддэг. Нуусных нь зоргоор төр мэдээгүй царай гарган өгсөн тайланг нь авч татварыг нь хурааж байна гэдэг бол нэг л сэжигтэй. Тэр бол авлига гэдэг нь тодорхой. Ийм л гинжин хэлхээтэй татварын тогтолцоо өнөөдөр хамгийн муу тогтолцоо байсаар байна. 
 
Ямар сайндаа л Татварын Ерөнхий газ­рын хяналтын хэлт­сийн дарга нарын данс­наас хэдэн тэрбум төгрөг гарч ирж байхав. Ийнхүү татвараар амьдардаг Мон­голын төр улам данхайсаар, сүүлдээ тө­рийн болон бусад хувийн хэвш­лийн байгууллагууд цалингаа тавьж дийлэхгүй хавтгайрсан өрийн сүлжээнд боомилогдлоо. Одоо ер нь яах вэ, та минь ээ. 
 
Д.Энхтүвшин
 
Эх сурвалж: