sonin.mn

МИНСК. /RIA Novosti/. Украины төрийн тэргүүн Петр Порошенкотой хийсэн хэлэлцээг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нааштай үнэллээ. Гэхдээ тэрбээр хоёр цаг орчим үргэлжилсэн уулзалтын үеэр Украины зүүн нутагт гал зогсоох болзлыг хэлэлцээгүй болохыг тэмдэглэсэн байна.

“Киев, Донецк болон Луганск хоорондын яриа хэлцээнд Орос улс ямар нэг болзол тавих тухай ярих боломжгүй. Бид зөвхөн маш чухал нэн шаардлагатай гэсэн хэлэлцээрийн үйл явцад итгэлцлийн уур амьсгалыг бий болгоход л тусалж болох юм. Үүний тухай л бид ярьсан” гэж Путин онцлон дурджээ.

Энхийн хэлэлцээг явуулахад болон Украинд цус урсгахыг зогсоохын тулд Орос улс шаардлагатай бүхнийг хийх болно гэж Путин мэдэгдсэн байна. “Энэ үйл явцыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй”, үүний тулд л бид Минскт цугласан гэдгийг тэрбээр цохон тэмдэглэжээ. “Бид мөн Донецк, Луганскт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжийн талаар ярилцсан, бас энэ чиглэлд хэрхэн хамтран ажиллах асуудлыг хэлэлцэн тохиролцсон” гэж Оросын Ерөнхийлөгч онцлон дурдсан байна.

Мөн ОХУ-ын эдийн засгаа хамгаалах зорилгоор авч буй арга хэмжээнд Өрнөдийн орнууд хүндэтгэлтэй хандана гэдэгт найдаж буйгаа Тэрбээр илэрхийлжээ. Путиний хэлснээр, уулзалтын явцад хийн асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн талууд мухардалд орсон “эрчим хүчний яриа хэлцээг сэргээх" шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрчээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг