sonin.mn
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Цэцэрлэгийн хангамж, хүрэлцээ, хойшид авч хэрэгжүүлэх тулгамдсан асуудал” сэдвээр Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн боловсролын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран уулзалт ярилцлагыг зохион байгуулсан юм. 
 
Улаанбаатарчуудын сэтгэлийг зовоосон бас нэгэн хүндрэл болоод байгаа сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурч, боловсрох орчин нөхцлийн өнөөгийн хүндрэл, түүнээс гарах арга замын талаар хөндсөн энэ ярилцлагын үеэр Сангийн сайд Ч.Улаанаас Монгол Улсын төсөв, санхүүгийн өнөөдрийн байдлын талаар сонирхсон юм. 
 
 
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын төсөв сан­хүү­гийн байдал таа­руу­хан байгаа нь хүлээгдэж бай­гаа гүйцэтгэлээс то­дорхой харагдаж байгаа. Харин Сангийн сайдын хувьд та ямар тайлбар хийх вэ?
-Эхний долоон сарын дүн мэдээ гарсан. Одоо найман сар дуусч байна. Эндээс харахад улсын төс­вийн орлого бүрдүүлэлт 88 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 300 гаруй тэрбум төгрөгөөр ор­логын бүрдүүлэлт нэ­мэгдсэн үзүүлэлт юм. 
 
Ер нь орлогын бүрдүүлэлтийн түвшинг аваад үзвэл өм­нөх гурван жилийн хэм­жээнд байгаа. Өөрөөр хэл­­бэл өм­нөх онуудын гүй­цэт­­гэл­тэй харьцуулбал ор­логын бууралтын түвшин нэ­мэг­дээгүй. Зарлага сан­хүү­жил­тийн хувьд 80 хувьтай байгаа нь өмнөх онуудын мөн үеийн түвшинд л явж байгаа хэрэг юм. 
 
Улсын төсвийн хувьд тө­лөвлөгөөт алдагдалтай явж байгаа. Энэ алдагдал бид­­ний өмнө нь төлөвлөсөн хэм­жээнд явж байна. Ер нь төсвийн орлогын бүрдүү­лэлт­тэй уялдуулаад энэ оны үлдэж байгаа хугацаанд сан­хүүжилт дээрээ ихээхэн анхаарах шаардлагатай болж байна.
 
Улсын төс­вөөс орон нутгийн өмнө хү­лээсэн үүргийг аль бо­лохоор бие­лүүлэхийг хи­чээн ажиллаж байгаа.  Орон нутагт олгох ёстой санхүүгийн дэмжлэг, тусгай зориулалтын шилжүүлгийг сар бүр 100 хувь өгч байна.
 
Орон нутгийн хөгжлийн санд өгөгдөх ёстой сан­хүү­­­­жилтийн хувьд 70 ху­вийн биелэлттэй байгаа нь боломжийн үзүүлэлт гэж ойлгож болно. Энэ нь голдуу уул уурхайн салбараас орж ирдэг, хуульд нэр заачихсан орлогын төлөвлөгөөтэй уял­­даатай. 
 
Харин үүнийг нө­хөх бололцоо байхгүй. Зөвхөн уул уурхайн салбарын идэвх­жил, нөөц ашигласны төл­бөрөөр орох орлогыг орон нутагт хувь хэм­жээгээр хуваарилдаг. 
 
Тэгэхээр яг өнөөдрийн байд­лаар улсын төсвөөс сан­хүү­жилт хийг­дэж чадах­гүй, хүндэрсэн асуудал харь­цангуй гайгүй байна. 
 
-Тэгвэл олгогдох ёстой хөрөнгө оруулалтын бай­дал бас л гайгүй үзүү­лэлт­тэй яваа юу?
-Хөрөнгө оруулалт өнөөд­­­рийн байдлаар саа­таа­гүйг ха­риуц­лагатай хэ­лэх бай­на. Бид төсвийн ши­нэ хуулиар өнөөдөр яг бо­дитой хийгдчихсэн ажлын баталгаажсан гүйцэтгэлийг л санхүүжүүлж бай­гаа. 
 
Түү­нээс биш тодорхой гүй­цэт­гэлгүй байж, хэдэн цаас үзүүлээд л санхүүжилтээ 100 хувь салгаж аваад зуг­таагаад алга болчихдог хууч­ныхаа арга барилаар ажил­лана гэж бодож бай­вал эндүүрэл болно. Гэх­дээ хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эрч нэлээн удаашралтай байгааг хаа хаана аа хүлээн зөвшөөрөх ёстой. 
 
Яг өнөөдрийн байд­лаар гүй­цэтгэл нь хийгдсэн хө­рөнгө оруулалтын санхүү­жилтийг ноднингийн мөн үетэй харьцуулбал 50 орчим тэрбум төгрөгөөр дутуу яваа. Оны үлдэж бай­гаа ху­гацаанд хөрөнгө оруу­лал­тын санхүүжилт багагүй хэмжээгээр нэ­мэгддэг л дээ. 
 
Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл жилийн эцэс дөхөөд ирэхээр л гэнэтхэн ухаан ордог манайхны ужиг өвчин хэвээрээ л байна гэсэн үг.
 
Өнөөдөр наймдугаар сар дуусч байхад хөрөнгө оруу­­лалтын ажлын ихэнх нь хийгдээгүй л байх жи­шээтэй. Одоо арав, арван­нэгдүгээр сард бүгдээ­рээ шавж ирээд бөөн юм болно. Тэгээд он дуу­сахтай зэрэгцээд л бүгдээрээ мөнгө нэхээд суух гэж байгаа юм. 
 
Ерөөсөө монголчуудын хэнэггүй, хайхрамжгүй бай­дал хэ­зээ арилж, оны эхнээс жигд ажиллаж сурах юм бүү мэд. Энэ жил Сангийн яамны зүгээс төсвийг бүх талаар хэмнэлттэй байлгах асуудалд онцгой анхааран ажиллаж байна. 
 
Ний нуу­гүй хэлэхэд Сангийн яам хэд хэдэн асуудалд тун гар татуу байгааг нуухгүй. Жишээлбэл гадаад, до­тоод томилолт, сургалт, сур­тал­­чилгаа, баяр наадам тэм­­дэглэх, элдэв төрлийн хандив, тусламж, эд хогшил, ширээ сан­дал худалдан авах зэрэгт ер нь л хатуу шалгуур тавьж байгаа. 
 
Манай яам­ны хувьд энэ жил төсөв хэм­нэлтийн горимд шилжин ажиллаж буй. Гэхдээ цалин, тэтгэвэр, тэтгэмж зэрэг зайлшгүй өгөгдөх ёстой санхүүжилтийг оны эхнээс саадгүй олгож ирлээ. 
 
-Сангийн сайдын хувьд Эдийн засгийг эрчим­жүүлэх 100 хоногийн хуга­цааг хэр үр бү­тээлтэй ашигласан гэж дүгнэж байгаа вэ?
-Эдийн засгийг эрчим­жүүлэх 100 хоногийн хугацаанд ши­нэчлэлийн Зас­гийн газар бүх л хүчээ дайчилж, үнэхээр зүтгэж ажиллаа. Ер нь анхнаасаа хийж байгаа ажлынхаа эрч хү­чийг нэмэгдүүлье, бүх талдаа хариуц­лага, сахилгыг дээшлүүлье гэдэг л зорилго тавьсан шүү дээ. 
 
Тийм учраас зөвхөн Сангийн яам гэлтгүй бүх яамдын түвшинд тун шахуу ажилласан. Манай яамны хувьд 12 хууль эрхзүйн баримт бичиг батлууллаа. УИХ-аар гурав, Засгийн газраар таван тогтоол гар­гууллаа.
 
Энэ хүрээнд ерөө­сөө л эдийн засгийг цаашид эрчимжүүлэх нөхцлийг бүр­дүүлэх зорилгоор хувийн хэвшил, бизнесийн салбараа дэмж­сэн шиг дэмжих, тэд­гээрийн үйл ажиллагаа явуулахад бүх талын таа­тай орчин бүрдүүлэх асуу­далд гол анхаарлаа тавьж ажиллаа. 
 
Та бүхэн анзаарсан бол энэ 100 хоногийн хуга­цаанд их олон татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг үндсэнд нь шийд­вэрлэлээ шүү дээ. Энэ олон боломжийг гаргаж өгсөн болохоор тун удахгүй хувийн хэвшлүүд хөл дээрээ тогтож, цаашдаа Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтворжиход ихээхэн үүрэг гүйцэтгэнэ.
 
Хэдийгээр өнөө маргаашгүй үр дүнгээ өгөөд эх­лэхгүй ч тоног тө­хөөрөмжүүд нь орж ирэн үйлдвэрлэл нь өргө­жөөд ирэхээр 2015 оноос эдийн засгийн өсөлт илэр­хий нэмэгдэх учиртай. Тиймээс энэ 100 хоногийн ху­гацаанд бид их зөв эхлэл тавьчихлаа. 
 
Ялангуяа ху­вийн хэвшлийг дэмжих цоо шинэ механизмтай бол­лоо. Засгийн газар, Эдийн зас­гийн зөвлөл, хувийн хэвш­лийнхэн хамтарч асуудлаа ярьж цаашдын арга замаа тодорхойлдог их зөв эхлэл тавигдсан. Үр дүн нь ч гараад эхэлсэн. 
 
-Ямар үр дүн гараад байгааг жишээ гарган тайлбарлаж өгөөч?
-Та нар асуудлыг заа­вал ингэж хурцатгаж байд­гаа бо­лих хэрэгтэй. Жишээ хаа сайгүй л байна шүү дээ. Ам.долларын ханш 2000 хүрнэ гээд л хэвлэл мэдээллийнхэн муу амлаад байсан. 
 
Тэгвэл эдийн засгийг эрчим­жүүлэх 100 хо­ногийн хугацаанд ам.долларын ханш буурсаар л байна шүү дээ. Цаашдаа ч эрчим­тэй буурна. Тийм учраас эдийн засгийн их зөв хөрс суурь та­вигдчихлаа гэж итгэлтэй хэлж болно. 
 
-Царцаагдсан сургууль, цэцэр­лэгүүдийн асуудлыг хэрхэн шийдэх гэж байна? 
-Ер нь аливаа эдийн засгийн шинжтэй асууд­луудыг үр ашиг талаас нь эхлэн харах ёстой. Үр ашгаа бодвол нэгэнт эх­лүүл­чих­сэн барилгуудыг аль болохоор түргэн хугацаанд дуусгах ёстой. Гэхдээ эдийн засгийн бий болсон нөхцөл байдалтай яах арга­гүй уялдаад байна л даа. 
 
Одоо хөрөнгийн эх үүс­вэртэйгээ зохицоод эд­гээр асууд­лыг хамгийн үр дүнтэй шийдэх л хэрэгтэй. Тэгэхдээ эх­ний ээлжинд нэн даруй ашиг­лал­тад оруулах ёстой обьектуудыг түүвэрлэж аваад бүх хүчээ тавих хэрэгтэй байна. 
 
Үнэ­хээр хөрөнгө мөн­гө, хүч чадал хүрэлцэхгүй байгаа барилгуудыг түргэн хуга­цаанд эзэнтэй болгож, хувьч­лах хэрэгтэй байгаа юм. Ингэж байж бид цаашаа явна. 
 
-БНХАУ-ын дарга Си Зинь­пиний айлчлалаар санхүү­гийн гэрээ хэлцэл хийг­дэж бага­гүй зээл, бу­цалтгүй тус­ламжинд га­рын үсэг зур­лаа. Ер нь Мон­гол Улсын бусдаас ав­сан зээлийн эргэн төлөлт ямархуу байдалтай яваа вэ?
-Аливаа зээлийн хугацаа дуусч, хийх ёстой төлбөрөө бараг­дуулж чадаагүй то­хиолдолд өр болдог. Тийм учраас Монгол Улсын бус­даас зээлсэн мөнгө өр болох уу, өгөөж болох уу гэдгийг бид л шийдэх учиртай. Ха­рин саяын БНХАУ-ын даргын айлчлал бидэнд эдийн засгийн хувьд ихээ­хэн бололцоо олголоо. 
 
Бу­цалтгүй тусламж олголоо, дээр нь эдийн засгийн ихээхэн өгөөжтэй том төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх сан­хүүгийн эх үүсвэрүүдийг ший­дэж өглөө. Одоо бид л ухаантай ажиллаж чадвал өгөөжийг хүртэх бо­ломж бүрдсэн гэсэн үг. Энэ бол монголчуудад олдсон маш том боломж юм. 
 
Нөгөө талаар Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ихээхэн хэм­­жээгээр худалдаж авах со­нирхолтой байгаагаа илэр­­хийлж, томоохон зах зээл нээж өгөөд явлаа. Энэ бол Монгол Улсын эдийн засаг үсрэнгүй хөгжих маш таатай, ховорхон боломж мөн. Одоо бүх зүйл биднээс шалтгаалах болчихоод байна. 
 
Зээлийн эргэн төлөлтийн хувьд Монгол Улс эдийн засгийн бүх л харилцаанд нээлттэй, чө­­лөөтэй орол­цож байгаа. Олон улс, гадаадын санхүүгийн бай­гууллагуудаас хөнгөлөлттэй зээл, тусламж авч ашиглаж байна. Өнөөдрийг хүртэл Монгол Улс өр зээлээ найд­вартай барагдуулсаар ирсэн. 
 
Бүх зээл хугацаандаа, гра­фикийн дагуу төлөгдөж яваа. Ер нь Монгол Улс өрийн дарамтад орох вий гэж айж, болгоомжилж бай­гаа хүмүүс тайван байж болно. Сангийн сайдын хувьд Монгол Улс өрийн да­рамтад орохгүй гэдгийг ха­риуц­лагатайгаар мэдэгдэж байна. 
 
-Төсвийн тодотгол хийх зайлш­гүй шаардлага байгаа юу? 
-Байгаа. Орлого багагүй та­салдаж яваа болохоор зайлшгүй тодотгол хийх шаардлагатай. Оны эцсээр санхүүжилтийн маш их хэрэгцээ гарна. Төсвийн тодот­голыг ес, аравдугаар сараас зайлшгүй хийж таарна. 
 
-Та сая бүх талаар хэм­нэлтийн горимд шилжих ёстой гэлээ. Өнөөдөр таны удирдаж байгаа Сангийн яам хэчнээн орон тоотой ажиллаж байгаа вэ. Ер нь танай яаман дээр хэм­нэлтийн ямар горим мөр­дөгдөж байна?
-Сангийн яамны орон тоо өнөөдөр чухалд биш. Бид бат­лагдсан орон тооноос нэг ч хүн илүү ажиллуулаагүй. Сангийн яам орон тоог цөөрүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх тодорхой са­нал гаргасан. Жишээ нь Сангийн сайдын ажлын ал­быг татан буулгас­наар таван хүний орон тоо хумигдсан. 
 
Мөн урсгал зардлыг хэм­нэх талаар ихээхэн ан­хаарч байна. Энд гэрэл ца­хилгаан, илүүдэл хэрэглээ зэрэг урсгал зардлыг эхний найман сарын байдлаар 20 хувь хэмнэж чадлаа. Товчхондоо бүсээ сайтар чангалсан гэж ойлгож болно. 
 
Д.Энхтүвшин
 
Эх сурвалж: