sonin.mn
Өчигдөр Нүүрс хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байгаа борлуулагч портерийн жолооч ачигч нараас бүрдсэн хэвлэлийн бага хурал болсон юм.
 
Тэд энэ хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байгаа 700 гаруй хүмүүсийн төлөөлөл болж сэтгүүлчдэд хандаж байгаа бөгөөд хэрэв энэ хөтөлбөр зогсвол шат шатны арга хэмжээг авахаа ч мэдэгдсэн.
 
Тэднийг Авилгатай тэмцэх газраас дуудан хүн бүрээс хоёроос гурван удаа байцаалт аваад байгаа бөгөөд энэ нь залхаан цээрлүүлт, ажлаа хийж байгаа жирийн нэг иргэдийг айлган сүрдүүлэх оролдлого гэж үзэж байгаа аж. 
 
Ямартай ч өвөл хаяанд ирсэн энэ үед Нүүрс хөтөлбөр ахин үргэлжлэх үү гэдэг асуудал анхаарал татаж гэр хорооллынхон төдийгүй энэ хөтөлбөрт ажиллагсдын амь амьдралтай холбогдон ахин сөхөгдөж эхэллээ. Бид 32 дугаар цэгийн борлуулагч С.Энхжаргалтай уулзаж ярилцлаа. 
 
-Өөрөө дөнгөж сая Авилгатай тэмцэх газраас ирлээ гэж байна. Чухам ямар асуудлаар өөрийг чинь дуудсан бэ? 
-Би өнөөдөр хоёрдох удаа­гаа очиж байцаалт өгөөд ирлээ. Танайх хэдэн оноос үйл ажиллагаа эхэл­сэн, өдөрт хэчнээн хэм­жээ­ний гүйлгээ хийдэг бор­луултынхаа орлогыг хэн ирж яаж авдаг вэ гээд зөндөө л юм асууж байсан.
 
Өмнө нь бас би мэдүүлэг өгсөн. Энэ талаараа л асуудгийн. Бид нарын хийдэг ажил тодорхой ш дээ. Дүүргийнхээ хөдөл­мөрийн хэлтсээр дам­жуу­лаад хорооныхоо ха­лам­жийн ажилтантай гэрээ бай­­гуулсны үндсэн дээр 2012 оны 11 сарын 7-нд анх ажилд орсон. 
 
Манай нүүрсний бор­луулалт жил ирэх тусам нэ­мэгдэж байсан. Эхний жил өдөрт хоёроос гурван портер нүүрс борлуулдаг байсан бол дараагийн жил нь хүмүүс “Нүүрсээ дуудаач ээ, ахиухан захиалаач гэж шаард­даг, нөгөө хоёр гурван машин нүүрс маань оройдоо хүрэлцэхгүй үдээс хойш гэхэд дуусчихдаг болсон.
 
Нүүрс түлдэггүй хүмүүс бол ойлгохгүй байх л даа. Гэхдээ энэ хөтөлбөр үнэхээр ард түмэнд өгөөжөө өгсөн үр дүнтэй ажил болсон гэдгийг би өөрийн биеэр мэддэг.
 
-Танай цэг дээр хэдэн хүн ажилладаг вэ. Ямар зарчмаар ажилладаг юм бол?
-Манай цэг дээр борлуулагч хоёр ачигчтайгаа гурвуулаа ажилладаг. Ер нь хөдөлмөрийн гэрээнд тусгаснаар борлуулагч 600 мянга, цэг дээр байдаг ачигч 150 мянган төгрөгийн үндсэн цалинтай. Цалингаа бид яг цаг тухайдаа сард хоёр хувааж авдаг.
 
Борлуулалтын орлогыг өдөр бүр битүүмжилсэн уут лацтай банкны хүн ирж орлогоо аваад тооцоогоо хийдэг. Өглөө бүр давхар борлуултын менежер ирж өдөрт буусан нүүрс орой үлдсэн нүүрсний тооцоог хийгээд гарын үсэг зуралцдаг. 
 
-АТГ-т дуудагдаж мэдүүлэг өгч байхад юу бодогдож байх юм?
-АТГ-аар ороход их хэцүү. Анх байцаагдаж мэдүүлэг өгч байхдаа өмнө нь тийм газар орж үзээгүй болохоор их эмзэглэж айдастай байсан. Нүүрс борлуулж байгаа жирийн нэг иргэн авлига авах юм уу, өгөх юм уу, юуг нь тэгж дахин дахин шалгаж байцаагаад байгааг ойлгохгүй байна.
 
Бидний данс тооцоо энгийн хүн харахад ч ойлгомжтой. Өдөр бүрийн ирсэн нүүрсний тоо ширхэг, худалдсан тоо, үлдэгдэл нүүрсний тоо, бор­луулалтын орлого тийм л зүйл хүснэгтэнд тэмдэглэгдээстэй байгаа.
 
Гэтэл дахин дахин байцаагаад дуудаад айлгаж сүрдүүлэх гээд байгаа юм уу бүү мэд. Сүүлдээ хэдэн борлуулагч нар маань АТГ-т л тааралддаг болсон. Энэ одоо юу гэсэн үг вэ?
 
-Зарим хүмүүс 800.000-1.000.000 төгр­өгийн цалин авдаг гэх юм. Өөрийн чинь хувьд?
-Борлуулалтынхаа орлогоос шалтгаалж нэмэгдэл цалин авдаг. Ачаалал ихтэй, бор­луулалт сайтай хүмүүс нь тэгж авдаг гэсэн. Миний хувьд гэр хорооллын захад болохоор бага байдаг юм шиг байна лээ.
 
Гэрээнийхээ дагуу үндсэн цалин 600 мянгаа авдаг. Миний хувьд хангалттай л санагддаг. Тэр бол зах зээлийн зөв зарчим болохоор маргаад голоод байх юм байхгүй. 
 
-Багануурын уурхайгаас нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр авдаг болохоор дундаас нь их хэмжээний мөнгө завшсан гэж яригдаад байгаа. Энэ тал дээр?
-Үгүй дээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Нүүрс хөтөлбөр” нэг талдаа иргэдээ хямд үнэтэй нүүрсээр хангаад нөгөө талдаа ажлын байр нэмэгдүүлж байгаа байхгүй юу. Ямар ч хүнд ойлгомжтой шүү дээ.
 
Багануураас тээвэрлэгдэж ирж байгаа зардал, ачигч нарын цалин, портерийн бензин, жолооч нарын цалин, савлаж шуудайлж байгаа хүмүүсийн өртөг зардал гээд. Энэ бүхнийг нэмээд тооцоолоод үзэхээр хангалттай болно, магадгүй 80 мянгаас ч илүү гарч болох л байсан. 
 
-Энэ хөтөлбөр зогсчихвол?
-Хоёр жил дараалаад ажилласан болохоор сүүлийн үед хүмүүс энэ талаар надаас маш их асууж байна. “Хөтөлбөр зогсох юм уу, үргэлжлэх болов уу, сураг байна уу, Зогсчихвол хуучин өндөр үнээрээ зарагдана, тэгвэл нүүрсээ ч хүчрэхээ байх нээ” гээд.
 
2012 онд энэ хөтөлбөр хэрэгжихийн өмнө нүүрсний үнэ тэнгэрт хадаж тортой нүүрс 1800-2000 төгрөг хүрсэн ш дээ. Гэтэл бид нар шигшсэн сайн чанарын 40 кг-тай нүүрсийг 3200 төгрөгөөр зарж байсан. Ер нь гэр хорооллын иргэдийн амьдрал хүнд. 
 
Портероор гэхээс илүү дандаа жижиг­лэнгээр авна. Хэд хэдэн шуудайгаар биш өдөрт нэг өнжөөд нэгийг л авна. Заримдаа бүр хөгжлийн бэрхшээлтэй, амьдрал хэцүү хүмүүс хуваагаад авах тохиолдлууд ч байсан.
 
Миний хувьд хүмүүсээ харьцангуй таньдаг болчихсон болохоор өгөөд тал мөнгийг нь маргааш, нөгөөдөр нь авахаар явуулж л байсан. Өглөө үүрээр шөнө ч байсан хүмүүс ирж авдаг. 
 
-Багануурын нүүрсэнд хүмүүс хэр хандаж байх юм. Утаа тортог ихтэй, илч муу гэх мэт асуудал гардаг уу?
-Хүмүүс их ам сайтай ш дээ. Эхний үед тийм ойлголт байсан л байх. Аваад түлээд ирэхээрээ мэддэг болсон. Яагаад гэхээд шигшээд зууханд түлэх хэмжээтэй болгоод, хог нунтгийг нь шигшчихсэн болохоор маш чанартай.
 
Илчлэг сайтай, дулаанаа сайн барьдаг гээд хүмүүс ам сайтай болсон. Нүүрс түлдэг хүмүүсээс асуухад бүгд хэлнэ дээ. 
 
-Танайх нүүрс түлдэг үү?
-Түлэлгүй яахав манайх гэр хороололд амьдардаг. Энэ нүүрсээ адилхан л худалдаж авдаг. Үнэхээр чанартай гэдгийг нь би өөрөө мэднэ. 
 
-Нүүрс хөтөлбөрт ажиллахаас өмнө өөр газар ажилладаг байв уу. Танай амьдралд хэр нөлөөлөв?
-Өмнө нь би ажилгүй байсан. Тэгээд хорооныхоо хөдөлмөр халамжаар дамжуулан ажилд орсон. Манайх ам бүл зургуулаа. Нөхөр маань ганцаараа ажил хийдэг. Нэг хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй болохоор хүүхдүүдээ орхиод ажил хийж чаддаггүй байсан. 
 
Ганц хүний цалингаар зургаан ам бүл амьд­рахад хэц­үү шүү дээ. Хүний л амьдрал болсон хойно янз бүрийн л зүйл тохиолдоно. Энэ ажилд ороод гэрээрээ нүүрсээ борлуулаад 600 мянган төгрөг аваад ирэхээр амьдрал арай өөр болдог юм билээ.
 
Гэрийнхэн маань хүүхдүүд маань их баяртай байгаа. Хүмүүс ч их сайхан урамтай үг хэлнэ, би чинь эрэлт ихтэй хүн болсон болохоор надад ч бас сайхан санагддаг. Нүүрс хөтөлбөр над шиг ийм олон хүний амьдралд нэмэр тус болж байгаа.
 
Гэр бүлээрээ ажилгүй байж байгаад энэ хөтөлбөрийн үр шимээр ажилд орж амьдрал нь дээрдэж хоолтой ундтай утга учиртай болсон хүмүүс ч бий. Нүүрс хөтөлбөр олон хүнд ач буянаа өгч байгаа хөтөлбөр. 
 
Гэр хорооллын мянга мянган айлууд үүний ачаар хямд чанартай нүүрс түлж эргээд гэр бүлийнх нь эдийн засагт хэмнэлт хийж байгаа болохоор үргэлжлээсэй, битгий зогсчихоосой л гэж бараг залбирч байна даа.
 
Энэ олон ажилчдын ард мянга мянган ар гэрийнхэн нь хараад хүлээгээд байж байгаа. Нүүрс гэдэг маань хүмүүсийн амьдралын хамгийн гол хэрэгсэл болоод байна. Одоо бидний борлуулж байгаа нүүрсийг цэг дээрээс биш захаас авахад нэг тонн нь 140-160 мянга байна гэж байсан.
 
Хоёр дахин үнэтэй байна гээд хүмүүс борлуулалтын цэг дээрээс л ирж авдаг. Хэрвээ энэ хөтөлбөр зогсвол нүүрс илүү үнэ орох байх. Тэгэхээр авч чадах нь хэд байхав авч чадахгүй нь хэдээр нэмэгдэхэв гэдэг бас л хэцүү асуудал болох байх.
 
Эрх мэдэлтэй хүмүүс нь газар дээр нь очоод үзээсэй бидний яаж ажиллаж яаж амьдарч байгааг бас хараасай гэж бодож байна. Энэ Авлигатай тэмцэх газар хууль энэ тэр нь худлаа байдаг юм байна. Хүмүүсийг хэлмэгдүүлж залхаадаг юм байна. Би хувьдаа үнэхээр гайхаж байгаа. 
 
Эх сурвалж: