sonin.mn

МОСКВА. /ВВС/. Украины зүүн нутагт байлдааны ажиллагаа өрнөж байгаагийн улмаас дүрвэсэн хэдэн зуун хүн Оросын Алс Дорнодын нэг тосгонд очжээ.

Наймдугаар сарын 19-нд 600 орчим украин хүн Ростов мужаас галт тэргээр гарсан байна. Тэд өчигдөр орой Владивосток хотын ойролцоох Сибиртсево тосгонд очжээ.

Дүрвэгсэд галт тэрэгнээс ачаа тээшээ буулгаж, ядарсан шинжтэй харагдаж байсан байна. Тэд гал тэрэгний буудлаас түр оршин суух сургуулийн биеийн тамирын заал руу автобусаар явжээ.

Украины зүүн нутгаас дүрвэж байгаа хүмүүст зориулан бид түр хоргодох 530 гаруй байр бэлдсэн гэж ОХУ-ын Онцгой байдлын яам мэдэгдсэн юм. Одоогоор хоргодох байрнуудад 57 мянган хүн байна. Шинжээчдийн үзэж буйгаар, олон дүрвэгч Оросын иргэн болохыг хүсэж байгаа ч тэдэнд ажил болон амьдрах орон сууц тийм ч амар олдохгүй.

Донецк мужаас очсон таван хүүхдийн ээж, “Манай гэр бүлийнхэн гэр лүүгээ, нутаг руугаа хэзээ нэгэн цагт буцаж очиж чадахгүй байх. Хүний нутагт яаж амьдарна даа л гэж санаа зовж байна” гэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг