sonin.mn

TV ZONE: ЗУНЫ ДЭЛГЭР ЦАГТ ИХЭНХ ХҮМҮҮС АМРАЛТЫН БАЙДАЛТАЙ БАЙНА. ГИШҮҮНИЙ ХУВЬД ЗУНЫГ ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА ВЭ?
Г.УЯНГА:
Энэ зуны хувьд өөртөө амралт өгнө гэж төлөвлөөгүй. Наадмаар хууль ёсны 5 хоногийн амралтаа эдэлсэн. Ирэх чуулганаар хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцүүлэхээр болсон тул ажил ихтэй байна. Ашигт малтмалын тухай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиудыг хэлэлцүүлнэ.

Түрээсийн тухай хуулийнхаа судалгааг хийгээд дууслаа. Хуулийн төслөө боловсруулах ажил удахгүй эхэлнэ. Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тухай хуулийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барихад бэлэн болсон гэх мэт олон хуулиийг ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр байгаа.

Аан тийм, бас эмэгтэй гишүүдийн бүлгээс голлон анхаарч ажиллаж байгаа Архины хяналтын, Хүүхэд харах үйлчилгээний хууль бас байна.

TV ZONE: Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоног ойрын өдрүүдэд болж байгаа юм байна. Та энэ тухай зурагтаар байнга ярьж харагдана лээ?
-Тиймээ. Монгол улс маань хүүхдийг хөхөөр хооллох талаараа дэлхийд тэргүүлдэг. Гэтэл сүүлийн үед энэ нь эрчимтэй буурч эхийн сүүг элдэв импортын бүтээгдэхүүн орлох нь хурдтай өсч байгаа нь санаа зовоосон том асуудал болоод байгаа юм.

Бид цөөхөн хүн амтай улс. Цөөн боловч хүн амаа эрүүл байлгахын анхдагч суурь нь ээжүүд хүүхдээ 6 сар хүртэл нь хөхөөрөө хооллох. Хүүхэд эхийнхээ сүүгээр шим тэжээл, дархлаа, хайр энэрэл гээд юм бүхнийг авдаг. Эрүүл, оюунлаг монгол хүний суурь нь монгол ээжийн сүү.

Эхийн сүүг, сүүгээр дамжих хайр, хүч чадлыг орлох ямар ч бүтээгдэхүүн байхгүй гэдгийг л бид ээжүүддээ маш сайн ойлгуулж, сайн үзүүлэлтээ бууруулахгүй байх талаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ үйл ажиллагааг нэг сарын хугацаатай Монголдоо зохион байгуулж байна.

ТА ГУРВАН Ч ХҮҮХДИЙН ЭЭЖ. ХҮҮХДҮҮДЭЭ БҮГДИЙГ НЬ ХӨХӨӨРӨӨ БОЙЖУУЛСАН УУ?
-Тиймээ, манай бага хүү 3 ой зургаан сартай. Одоо ч хөхнөөсөө бүрэн гараагүй л байгаа. Хэдийгээр хөхний сүү одоо миний хүүд бол үндсэн хоол нь биш боловч хүүхэд мээмээ барьж эрхлэх, хацраа нааж унтах дуртай байдаг. Тэр нь эх үрийн аль алинд сайхан байдаг.

Хайр, энэрэл, нинжин зан чанар, ээж үрийн хэзээ ч тасралтгүй нандин холбоо ээжийн сүү, мээмээр нь дамждаг. Манай ээжүүд мэднэ дээ, хүүхдээ хөхүүлж суугаа эмэгтэй хүн шиг аз жаргалтай сайхан хүн байхгүй. Хүүхэд ч энэ л үедээ хамгийн жаргалтай байдаг шүү дээ.

-ОЙРД ГАДАГШАА ЯВАВ УУ?
-Архины хуулийг хэлэлцүүлэгтэй холбогдуулан эмэгтэй гишүүдийн бүлгээс томилогдон Шри Ланк яваад ирсэн. Олон орны парламентын гишүүд, төрийн бус байгууллагын төлөөлөгчдөөс архи, тамхины хор холбогдол, түүний эсрэг хууль батлахад гарах бэрхшээлүүд, түүнийг хэрхэн даван туулах, хуулиндаа ямар асуудлыг илүүтэйгээр тусгах гэх мэт хэрэгтэй мэдээллүүдийг сайн авсан.

TV ZONE: АНХ ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙХАД НЭЛЭЭД ЗӨРЧИЛТЭЙ ТУЛГАРЧ БАЙСАН. ЕР НЬ Ч ТЭГЭЭД ЯМАР НЭГЭН ШИНЭ САНААЧИЛГА ЗӨРЧИЛ, ТЭМЦЭЛТЭЙ ТУЛГАРДАГ НЬ БАРАГ Л ЖАМ ЁСНЫ ЗҮЙЛ. НАМРЫН ЧУУЛГАНААР ТАНИЛЦУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД ЯЛАНГУЯА АРХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ БҮР Ч ИХ ЗӨРЧИЛ ТЭМЦЭЛТЭЙ ТУЛГАРАХ БАЙХ ГЭЖ БОДОГДОЖ БАЙНА?
Г.УЯНГА:
Ер нь ямар ч асуудал зөрчилгүй улаан хивсэн дээгүүр ногоон гэрлээр гараад ирнэ гэж байдаггүй. Тэр тусмаа парламентад. Архи бол том бизнес, асар их хэмжээний мөнгө. Энэ мөнгө шийдвэр гаргах түвшнээс ангид байдаггүйг бүгд мэднэ.

Тийм учраас маш их эсэргүүцэл, том лобби, хүчтэй бидтулна гэсэн үг. Гэсэн ч хүн амын эрүүл мэндийг хамгаалах, архидалтаас хамгаалах, эрүүл монгол үндэстнийг аварч үлдэх энэ том зорилгын төлөө энэ хууль илүү сайжирч батлагдах ёстой.

TV ZONE: УЛС ТӨРЧ ХҮНТЭЙ УУЛЗСАН БОЛОХООР ЯАЛТ Ч ҮГҮЙ УЛС ТӨР Л ЯРЬЖ ТААРААД БАЙНА. УГ НЬ БИ УИХ-ЫН УЯНГАТАЙ БИШ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙХ НЬ ХУВЬД ЯРИА ӨРНҮҮЛНЭ ГЭСЭН РЕДАКЦИЙН ДААЛГАВАРТАЙ. ТИЙМЭЭС САЯ ТАНЫГ ГАДААД ЯВААД ИРСЭН ГЭДГЭЭС ҮНДЭСЛЭЖ ДАРААГИЙН АСУУЛТАА ТАВЬЯ. ШРИ ЛАНКД ОЧООД ШОППИНГ /ДЭЛГҮҮР ХЭСЭХ/ ХИЙВ ҮҮ?
УЯНГА:
Үнэнийг хэлэхэд гадагшаа явж байхад дэлгүүр хэсээд байх цаг зав тэр болгон олддоггүй юм. Өглөөнөөс орой хүртэл хөтөлбөртэй арга хэмжээнүүд байдаг. Хурал өглөө 8.30-д эхэлж хамгийн эртдээ 17.00 цагт дуусна. Орой долоо найман цагт хаанахын ч дэлгүүр хаачихна. Гэсэн ч бүлтийтэл ээжийгээ хараад сууж байдаг хүүхдүүдийнхээ “нүдийг хуурах” бага сага зүйл авч амждаг аа.

Шри Ланкад ч бас дэлгүүр хоршоо орох цаг зав өмнөхийн адил багатай байсан. Өглөөнөөс орой хүртэл хуралдаа суусан. Харин бидний буудалласан газар их сайхан бассейнтай байсан. Тийм болохоор 7 хоног өглөө оройдоо усанд сэлж байгаад ирлээ.

TV ZONE: ХОЛ ЯВСАН ХҮН ЧИНЬ ХАЙРТАЙ, ДОТНЫ ХҮМҮҮСТЭЭ ТУХАЙН ОРНЫ ЯМАР НЭГЭН НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АВЧ ИРДЭГ ШҮҮ ДЭЭ. ТЭНДЭЭС ЮУГ СОНИРХОЖ БОЛМООР ЮМ БАЙНА. ЕР НЬ ШРИ ЛАНК ЯМАРХУУ ОРОН БАЙНА ВЭ?
Г.УЯНГА:
25 жил иргэний дайн үргэлжилж Шри Ланкийг нэлээд туйлдуулсан байна. Таван жилийн өмнөөс л энх цаг тогтож бүтээн байгуулалт эхэлж байгаа орон байна. Ид халууны улирал биш ч гэсэн +30 орчим хэмтэй байсан. Цейлон цай, үнэт чулуугаараа алдартай.

Цайных нь үйлдвэрийг сонирхож үйлдвэрийн дэлгүүрээс харьцангуй хямдаар ганц нэг хүнд өгөх цай худалдаж авсан. Канди хотод тахисан бурхан багшийн шүдийг үзэж мөргөхөөр жуулчид их очдог юм байна. Бид ч бас тэнд нь очиж заншлыг дагаж цэцгээр өргөл өргөлөө.

-Эрдэнийн чулуугаар алдартай гэж та хэллээ. Чулуу худалдаж авсангүй юу. Эмэгтэй хүн болохоор чулуу сонирхоно биз?
-Үнэнийг хэлэхэд энэ талаар мэдлэг тун маруухан. Хаа л бол хаа, нүдний үзүүрт үнэт чулуу, чулуун эдлэлийн дэлгүүр байдаг юм байна. Хамт явсан бүсгүйчүүд маань чулууны талаар сайн мэдлэгтэй хүмүүс байсан, тэднээр харин сайн тайлбарлуулж ямар ч байсан анхны мэдэгдэхүүнтэй болсон.

Үнэт эдлэл, гоёл чимгээс их хол хөндий хүн юм гэдгээ мэдэрсэн. Эмэгтэй хүн өөртөө ээлтэй чулууг мэддэг, зөвхөн гоёлын хувьд ч биш ивээж хамгаалдаг сайн чулуугаа нас зүсэндээ тохируулж хэрэглэдэг байх нь бас зүгээр л юм билээ.

TVZONE: ӨМНӨ НЬ СЭТГҮҮЛЧИЙН АЖЛАА ХИЙЖ БАЙХДАА ГАДАГШАА ЦӨӨНГҮЙ ЯВСАН БИЗ?
Г.УЯНГА: УИХ-ын гишүүн болохоос өмнө арваад орноор явсан байх.Одоо бол урилгаар, эсвэл их хурлын, байнгын хорооны, эмэгтэй гишүүдийн бүлгийн гэх мэт томилолтоор зайлшгүй хурал, арга хэмжээнүүдэд явдаг.

Гэхдээ УИХ-ын гишүүд, ялангуяа манай эмэгтэй гишүүд төрийн зардлаар гадагшаа явдаггүй. Томоохон хурал, арга хэмжээнүүдийн зардлыг голдуу цаанаас нь хариуцдаг болохоор тэр. Хоёрдугаарт энэ их хурлын ирц маш эмзэг тул их хурлын дарга барагтай бол чөлөө олгодоггүй юм.

TV ZONE: ТАНЫ ХОББИ ЮУ ВЭ?
Г.УЯНГА: Хобби гэдэг бол бас хүний нилээд сонирхож дурладаг, гүнзгий судалдаг, түүндээ цаг гаргадаг зүйл. Надад тийм хэлчих юм үнэндээ олдохгүй л байна. Энэ тийм сайн үлгэр жишээ биш л дээ. Чөлөөт цаг гарвал аль болох юм уншихыг эрмэлздэг. Харин манай нөхөр, ер нь манай гэр бүл сүүлийн үед хоёр төрлийн цуглуулгатай болоод байгаа.

Нэг нь будда бурхны хөрөг баримал, нөгөө нь дэлхийн хэмжээний томоохон улстөрч, сэтгэгчид,түүхэн хүмүүс ер нь алдартнуудын цээж баримал. Бурхнаа нос ёсоор тахин шүтэж, арчилж чадахгүй байх гээд амилуулаагүй. Зүгээр л суугаа хэвтээ, янз бүрийн материалаар хийсэн баримлуудыг цуглуулж байгаа. Харин цээж баримлуудаа каталогжуулж, цуглуулгаа хүүхдүүддээ өвлүүлнэ гэж бодож байгаа.

Цээж баримал бол тийм амар олддог эд биш юм билээ. Зорьж эрж хайж олно. Энэ өөрөө дэлхийн түүхийн сонирхолтой байдлаар хүүхдүүддээ таниулахад бас хэрэг болох байх гэж бодож нөхрийнхөө энэ цуглуулгыг би ихэд дэмжиж гэр бүлийн хобби болгоод байгаа. Хобби бас өөрийг нь ямар нэг хэмжээгээр боловсруулж байвал их зүгээр юм шиг байгаа юм.

-Танайд олон баримал цугларсан уу?
-Чингис хаан, А.Гитлер, К.Маркс Ф.Энгельс, В.И.Ленин, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Уго Чавес, А.Линкольноос эхлээд Америкийн хэд хэдэн ерөнхийлөгч, зураач, хөгжмийн зохиолчид гээд цөөнгүй баримал бий. Хамгийн сүүлд Нидерландад Ван Гогийн музейгээс Ван Гогийн баллууран бюстийг авсан. Ердөө л 2 евро байл уу даа. Маш ховор хирнээ нээг их үнэтэй биш, гэхдээ маш сонирхолтой цуглуулга.

Харин гэрт багтаж шингэх газар тааруу болоод байгаа, тавиур хийж, каталогжуулж тавина гэж төлөвлөж байна. Цуглуулгаараа каталог хийх санаа Франц дахь Монголын ЭСЯ-нд очоод төрсөн. Элчин сайд Ш.Алтангэрэл гуай хаа очсон газрынхаа ЭСЯ-дад морины сайхан цуглуулга үлдээгээд явдаг юм билээ.

Шилэн хоргонд өрж тавьсан олон янзын моринуудын алийг нь хэн өгсөн гэдгийг фото зурагтай нь он сар өдөртэй нь альбом хийчихсэн нь их нямбай сургамж авууштай сайхан санагдсан. Түүнээс санаа авч каталогжуулах санаа төрсөн юм. Гадаадад явахад элчин сайдын яамандаа морины сайхан цуглуулга сонирхох их сайхан санагдсан.

TV ZONE: ТА ХЭР ШҮТЛЭГТЭЙ ВЭ?
Г.УЯНГА:
Монгол хүн болохоор сүсэг бишрэл, итгэл үнэмшил байлгүй яахав. Сар шинийн дараа, эсвэл зүүд тавгүйрхэх гээд янз бүрийн шалтгаанаар хаа нэг ном уншуулдаг. Даллага авахуулж, хийморийн сан тавиулах гээд бусад хүмүүсийн адил энгийн сүсэг бишрэл бий.

Ерөнхийдөө бол өөрийн дотоод итгэл үнэмшил, залбирал, далдын хүч, тухайн хүний хүч, оюун ухаан, зорилгыг дэмжиж байдаг далдын хүч байдаг гэдэгт итгэдэг.

TV ZONE: ТА УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД СЭТГҮҮЛЧИЙНХЭЭ АЖЛААС ХЭР ХӨНДИЙРСӨН БЭ?
Г.УЯНГА:
Мэргэжлээсээ хөндийрөхгүй юмсан гэж их боддог. Тийм ч учраас тодорхой асуудал, тодорхой сэдвээр бичих ажлаа хийж байгаа, орхиогүй. Сэтгүүлчийн мэргэжил маань надад байнга хэрэг болж, хань болж байдаг гэж боддог.

TV ZONE: ГИШҮҮНИЙ СТАТУСААР АЖИЛЛААД 2 ЖИЛИЙГ АРДАА ҮДЖЭЭ. ЭНЭ ХУГАЦААНД ТА ӨӨРИЙНХӨӨ ТӨСӨӨЛЖ БАЙСНААР АЖИЛЛАЖ ЧАДАВ УУ?
Г.УЯНГА:
Бодож санаснаа хэрэгжүүлчих юмсан гэж хичээж байна. УИХ-д ормогцоо хамгийн түрүүнд Туул гол руу хорт бодистой усаа шууд юүлж байсан Хятадын хөрөнгө оруулалттай арьс ширний үйлдвэрүүдийн ажиллагааг бүр мөсөн зогсоох ажлыг Арьс Ширний Холбооныхонтой хамтарч санаачлан БОЯ-ныхны оролцоотойгоор хийсэн.

Түүнээс болж мал нь ногоон ус ууж, зарим нь хордоод, өөрсдийн нь уух ус хүртэл хордоод байсан Туул голын дагуух суурингуудын иргэд чин сэтгэлээсээ баярласан. Хүнээс тийм талархал сонсох, мэдрэх сэтгэл өег их сайхан байдаг.

Түрээсийн  тухай, ашигт малтмалын тухай, ҮАБЗ-ийн тухай, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардын тухай гээд хэд хэдэн хуулийн төсөл санаачилж боловсруулж, заримыг нь өргөн барьсан. Хүмүүсийн хүлээж байгаа эдгээр төслүүд дээрээ батлагдтал нь ажиллах ёстой.

Цаг хугацаа хурдан өнгөрч байгаа ч санаачилсан, хийж байгаа ажлууд бас бий. Одоо санаачилсан ажлуудаа ажил хэрэг болгох гээд хичээж байна. Энэ зуныг амралтгүй өнгөрөөж байгаа маань ийм учиртай.

Гэхдээ хууль бол УИХ-ын гишүүний үндсэн хийх ажил болохоор түүндээ аль болох хүнд хэрэгтэй цөөн ч гэсэн ажил хийхийг хичээн ажиллаж байна. Үүний зэрэгцээ улстөрийн том зорилгоо мартаагүй. Тэр бол Үндсэн хуулийг өөрчлөх хувьсгал. 10 жил тасралтгүй ярьж бичсэн энэ том зорилго бол үүнээс өөр ажил хэдий ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай төлөвлөгөө болон санаачилж байгаа хуулийн төслүүд бусад ажлууд маань хоорондоо уялдаатайгаар явж байгаа. Нэгдүгээрт хүнд сэдэв ярихгүй гэсэн, хоёрдугаарт танай сэтгүүлийн тухайд дэлгэрэнгүй ярих сэдэв биш гээд ингэсгээд орхиё доо.   

TVZONE: БИ ЭЭЖ БАС СЭТГҮҮЛЧ ХҮН БОЛОХООР ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ СЭТГЭЛД МИНЬ ИХ ЭМЗЭГ ТУСАХ ЮМ. НААШАА ИРЭХ ЗАМД ЗАМЫН ТҮГЖЭЭН ДУНД ӨӨДӨСХӨН ЖААХАН ХҮҮХДҮҮД ЮМ ЗАРАХ ГЭЭД АВТО ЗАМ ДЭЭР АМЬ НАСАА ӨРСӨН ГҮЙЖ БАЙГААГ ХАРААД ИХ Л ТАВГҮЙ САНАГДЛАА.
Г.УЯНГА:
Энэ бол манай нийгмийн сүүдэр нь. Миний бодлоор төрийг цэгцлэхээс бүх зүйл эхэлнэ. Нийт иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхээс эхлээд үндэстэн улсынхаа гал голомтыг бүхий л талаар үргэлжлүүлэн авч явах үүрэгтэй цорын ганц субъект - төр дэндүү хүчгүй, сул дорой болчихоор бүх л зүйл болохгүй тал руугаа эргэчихээд байна л даа.

Төр байхгүй болохоор бодлого байхгүй, бодлого байхгүй болохоор юу хийхээ мэдэхгүй болдог. Тэр хүүхэд машины үнэртүүлэгч, хуурцаг зарсан мөнгөөрөө тэр шөнө гэр бүлээрээ дулаан хонох тал шуудай нүүрс худалдаж авдаг байж ч магадгүй. Гэтэл тэр хүүхдийн дулаан хонох нүүрснээс л мөнгө унагаадаг, хуурцаг зарж олсон цөөхөн халтар төгрөгөөс нь халаасалдаг арилсан дотортой хүмүүс төрд байна гэхээр л өнөөдрийн төрийн дүр төрх даан ч дэндүү байгаа юм.

Чи тэр үеийг мэддэг болов уу, залуу хүүхэд учраас сайн мэдэхгүй байж магадгүй. Намайг арван жилд байхад бүх хүүхдийг хичээлээс гадуур ямар нэг дугуйлан секцэнд үнэ төлбөргүй хамруулдаг байлаа. Заавал нэг дугуйланд яв гэж шаарддаг, энд тунд дугуйлан хичээллэдэг байсан. Түүгээр нь багшийн ажлыг бас дүгнэдэг байсан. Манай ангийнхан бүгд дугуйлантай. Залуу байгальчдын төв станцад ургамал судлал, цэцэрлэгжүүлэлтийн, Залуу техникчдийн ордонд залуу зохион бүтээгчдийн дугуйлан, Хүүхдийн ордонд жүжиг, бүжиг, дуу, төрөл бүрийн хөгжмийн дугуйланд явцгаана.

Бас сургууль дээр багш нар зургийн, шатар даамны гээд дугуйлангууд хичээллэдэг байсан. Нийгмээрээ “Бүхнийг хүүхдийн төлөө!” уриатай байлаа шүү дээ. Одоо бол мөнгө. Мөнгө энэ нийгмийн гол хэмжүүр, гол зорилго. Минийхээр энэ тийм ч хүсмээр сайхан нийгэм биш. Үндсэн  хуулийг л өөрчлөх ёстой. Үндэстэн улсынхаа нийтлэг үнэт зүйлийг томъёолсон, түүндээ чиглэсэн төрийн бүтэцтэй тийм Үндсэн хуультай болох ёстой. Энэ бол хувьсгал.

TVZONE: ТӨРИЙН БОДЛОГООС ГАДНА ХУВЬ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ОЮУН САНААНД БАС УЧИР БАЙХ ШИГ?
Г.УЯНГА:
Монгол төр өөрөө л үндэстнийхээ, иргэдийнхээ оюун санааг нэгтгэн зангидаж байх үүрэгтэй. Тийм зарчим, үнэт зүйлээ Үндсэн хуульдаа суулгахаас бид өөрчлөлтөө эхлэх хэрэгтэй. Монголчуудаа, үндэстэн улсаа бид нэгтгэж зангидахгүй бол өөр хэн нэгэн түүнийг эзэмдэнэ, зангидахыг оролдоно, үгүйдээ л тарж бутарна, сарнина. Бид үүнийг бодитоор нь 24 жил харлаа.

Дахин нэг туршилтыг энэ ард түмэн дээр хийлээ шүү дээ. 70 жил социализм коммунизмын туршилт, 24 жил неолиберал туршилт. Бид өөрөө өөрсдийгөө л олмоор байгаа юм. Нийгэм дэвшиж цаашлахын учир нь алдаанаасаа сургамж авч оносноо цааш бататгаад явахад байдаг гэж боддог. Гэтэл бид бүхнийг нураагаад л эхнээс нь бүгдийг эхлэх гээд байдаг. Социализмаас бид бий болгосон аж үйлдвэрийн бүтэц, шинжлэх ухаан боловсролын цогцолбор систем гээд олон зүйлийг сайжруулаад нааш нь авч ирэх байсан юм.

Харин үүнийг бүгдийг нураасан даа. Бид энэ бүхнээ зүгээр аваагүй шүү дээ, төлбөрөө төлсөн. Энэ 24 жилд ч бас бид их, бүр өмнөхөөс ч маш их төлбөр төлсөн. Энэ бүхний эцэст өөрийгөө олох, үндэсний эрх ашигт бүхнийг захируулсан төр, хууль хэрэгтэй гэдгийг ойлгож авбал бидний хамгийн том ололт тэр болох байх даа.  

TV ZONE: ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС ЕРӨНХИЙДӨӨ ГЭР БҮЛИЙНХЭЭ САНХҮҮГ ГОЛЛОН БАРЬЖ, ЗАХИРАН ЗАРЦУУЛДАГ. ТАНАЙ ГЭР БҮЛД ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА?
Г.УЯНГА:
Хувийн бизнес байхгүй, цалингаас илүү гарсан орлогогүй болохоор бид ханшны  уналтыг мэдэрдэг гэр бүл. Бид хоолноос бусад хэрэглээгээ хэмнэдэг. Гэрийн эзэгтэйн хувьд өрхийн төсөвтөө хэмнэлтийн зарчмыг маш төвөггүй хэрэгжүүлдэг. Төрийн бодлого тодорхойлох түвшинд ажиллаж байгаа хүний хувьд үрэлгэн бүтцийг өөрчлөхийн төлөө ажиллаж байгаа. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үүрэгтэй газар бол Монгол банк.  Монголбанк ажлаа хийж чадсангүй. Хариуцлага тооцох ёстой. Ер нь өнгөрсөн 24 жилд өмсөх зүүх, эдлэж хэрэглэхээс эхлээд алхам тутамдаа импортоос хамааралтай улс орон болгоод тавьсан байна. Тэгээд л яаж хямралаас гарах вэ гэхээр эсвэл газраа ухаж зардаг, орж ирсэн мөнгөөрөө хэрэгтэй хэрэггүй хог импортолж үрдэг. Эндээ хийж чаддаг бараа бүтээгдэхүүнээ хүртэл гаднаа худалдаж авч байна. Энэ бол зах зээлийн өрсөлдөөн биш, улс орныг сүйрүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэхгүй байх бодлого. Үүнийг зоригтой өөрчлөхгүйгээр цааш явахгүй.

TV ZONE: ЯМАР Ч ХҮН ӨӨРИЙГӨӨ МУУ ХЭЛҮҮЛЭХ ДУРГҮЙ. АЛЬ БОЛОХ ӨӨРИЙГ НЬ ЭЕРЭГ САЙНААР ЯРЬЖ БАЙХАД ДУРТАЙ БАЙДАГ. ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД ЭНЭ НИЙГЭМД УЛСТӨРЧ ГЭДЭГ БОЛ ХҮМҮҮСИЙН ХАМГИЙН ДУРГҮЙ, МУУ ХЭЛДЭГ АЖИЛ МЭРГЭЖИЛ. ЯГ НҮҮР ТУЛСАН ХҮМҮҮС ТАНД ЯМАР ХАНДЛАГА ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ?
Г.УЯНГА:
Улстөрч хаана ч тийм л байдаг. Тэр нь миний хувьд нэг их санаа тавих зүйл биш. Сайхан нэртэй болох гэж хичээх шиг тэнэг зүйл улстөрчид үгүй, тэртэй тэргүй боломжгүй ч биз. Ер нь өөрөө хэн байх вэ гэдэг бол харин чухал. Олны хараал, хардалт, үзэн ядалт, сөрөг хандлагын дор байнга амьдрах энэ сонголтыг бас улчтөрч хүн л хийж чаддаг байж ч магадгүй.

Би бол улстөрчдийн амьдралаас тасарсан тэр хэсэг биш. Бөмбөгөр, Хүчит шонхор, Баянгол зах, Номингоос хүнс, бусад хэрэглээгээ цуглуулдаг, машинаа өөрөө барьж замын бөглөрөөнд зогсдог, хэнтэй ч хүнд сурталгүй уулздаг, ямар ч дугаараас залгасан утсаа аваад ярьчихдаг. Мэдээж олон хүний асуудлыг нэг бүрчлэн шийдэж чадахгүй. Гэхдээ шийдэхийг үнэхээр эрмэлздэг, оролддог.

Зарим хүмүүс “Би УИХ-ын гишүүдтэй уулзах ийм амархан гэж бодсонгүй. Таныг ийм энгийн хүн гэж бодсонгүй” гэх мэт үг хэлж л байдаг. Би эрх ямбанд өөрийгөө хэзээ ч дасгахгүй. Тэр зэргийн ухаан, хүмүүжил надад аав ээж минь өгсөн гэж боддог. Асуудлыг нь шийдээгүй ч энэ хандлага хүмүүсийг чин сэтгэлээс баярлуулж байхыг би олонтаа мэдэрдэг.

Энэ л миний сонгогч гээд би хүн бүхэнд хошуу дэвсдэггүй. Бүх хүнтэй ижил зарчмаа барьж шударгаар л ханддаг. Зарим нь “энэ дараа сонгогдох гээд санал гуйгаад ирэхээс цааш би одоо л юу ч хамаагүй салгаж авъя” гэсэн хандлагаар сонин хачин гуйлга гуйх, хэт дээрэнгүй харьцах хүн ч бас л гардаг. Дугаар нуусан утасны цаанаас дураараа хэлэх доромжлох гэх мэт.

Зүгээр л надад дургүй эсэргүүцэх л гэж ханддаг хүмүүс ч байж л байдаг. Тийм бүдүүлэг дээрэнгүй хандлагад зохих  хариуг нь өгч л орхидог. Дийлэнхдээ хүмүүс эерэг сайхан ханддаг гэж би боддог.

TV ZONE:  ХҮН ЭРҮҮЛ БАЙЖ Л ХҮССЭН ЗОРЬСНОО БҮТЭЭЖ ЧАДНА. ТА ЭНЭ ЗУНЫГ АМРАЛТГҮЙ ӨНГӨРҮҮЛЖ БАЙГААГИЙН ДЭЭР ХОЁУЛАА ЭМНЭЛЭГ ДОТОР УУЛЗАЖ БАЙНА. ТИЙМ БОЛОХООР ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД САНАА ЗОВЖ БАЙНА. ЭРҮҮЛ БАЙЖ Л ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН АРД ТҮМНИЙХЭЭ ДУУ ХООЛОЙГ ТӨРД ХҮРГЭЖ, ХҮССЭН ЗОРЬСНОО БИЕЛҮҮЛНЭ.
Г.УЯНГА:
Тэгэлгүй яахав. Хэдий том мөрөөдөлтэй байна, түүндээ хүрэхийн тулдтөдийчинээ эрүүл байх шаардлагатай. Шүдээ эмчлүүлэх гээд завдахгүй байсан юм, одоо ч амжуулахгүй бол намар худлаа болно. Тэр тусмаа шүдийг бага дээр нь  л янзлуулахгүй бол үнэ нь ч дийлдэхгүй юм. Шүдний эмч болоод эмнэлэг нээсэн бол санхүүгийн гачаалд нэг их орохгүй юм шиг байна шүү /инээв/

TV ZONE:  Г.УЯНГА ГИШҮҮНЭЭС ГЭГЭЭЛЭГ ЗҮЙЛ СОНСОЖ ЯРИЛЦЛАГАА ӨНДӨРЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА.
Г.УЯНГА:
Хүнд сэдэв ярихгүй гэчихээд бид харин хөнгөн сэдэв ярьсангүй. Гэхдээ энэ дан ганц миний буруу биш, таны асуултад бас их учир байсан гэж бодож байна. Ямар ч байсан миний ганц итгэлтэй зүйл бол монгол үндэстний оршин байх, ирээдүйн сайн сайхан. Бидэнд бусдад байхгүй олон сайхан чанар, үнэт зүйл бий. Бид үүнийгээ өөрсдөө төдий л мэдэрдэггүй. Гагцхүү зөв зохион байгуулчих, аваад явчих төр л хэрэгтэй болчихоод байгаа юм.  Би бол Монголынхоо ирээдүйг гэгээтэй, өөдрөг төсөөлдөг.

Энэ дэлхийд олон ч улс үндэстэн бий болж, мөхөж, арчигдаж байсан. Бид бол байсан, ертөнцөд өөрийн ул мөртэй байсаар байна. Харин үүний төлөө хүн бүр хүчин зүтгэх ёстой. Бид ердөө л 3 сая. Цөөхүүлээ тусмаа хүн бүр  илүү их үүрэгтэй болж байгаа юм.

Хэн нэг нь өөрийгөө энэ үүргээс чөлөөлөх ёсгүй. Нэгэнт ирээдүй гэрэлтэй учраас одоо байгаа хар бараан зүйлсийг ярихдаа нэг их эмзэглэдэггүй. Барааныг нь гэрэлтүүлэхгүй бол ирээдүй гэрэлтэхгүй шүү дээ.  

“TV zone” сэтгүүл