sonin.mn
Саяхан БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Монгол Улсад айлчилж, Ерөнхийлөгчтэй уулзах үеэр “Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд санал нэгтэй дэмжиж гарын үсэг зурсан нь бүс нутгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой жишиг болсон. 
 
Үүний зэрэгцээ цөмийн хаягдлыг Монгол Улсын газар нутагт булшлах, Монголын нутгаар тээвэрлэх тухай ямар ч асуудал байхгүй” гэдгийг Монгол төрийн тэргүүн тун тодорхой илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь ийм байна. 
 
Гэтэл Монголын говьд цөмийн хаягдлыг олон нийтэд нь мэдэгдэж дуулиан үүсгэх­гүй, эрх баригчидтай нь эдийн засгийн аргаар тохиролцох замаар сэмхэн булах тухай асуудал хөндөгдсөн талаар Японы хэвлэл мэдээлэлд гарч биднийг багагүй бухимдуулаад авсан.
 
“Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэсэн Монгол ардын зүйр цэцэн үг бий. Учир нь 2013 оны аравдугаар сарын 26-нд Монгол Улсын Засгийн газар, Францын “Арева” Японы “Мицүбиши” корпорациуд Монголын го­виос уран олборлох гэрээнд гарын үсэг зурчихсан.
 
Тэгвэл Олон Улсын Атомын Энергийн Агентлаг буюу ОУАЭА нь газар нутгаасаа уран олборлож байгаа орнууд цөмийн хаягдлыг газар нутагтаа булшлах үүргийг давхар ногдуулдаг аж.
 
Энэ ут­гаараа Монголын говиос шар нунтаг олборлож эхэлбэл Монгол Улс хүссэн хүсээгүй газар ну­тагтаа цөмийн хаягдал булшилж таарна. Ингэхэд цөмийн хаягдал гэдэг чухам юу болох талаар товчхон өгүүлье. 
 
Цөмийн хаягдал түлш гэдэг бол атомын цахилгаан станцад хэрэглэсэн түлш. Энэ бол уран, плутонийн задралаас үүссэн цац­рагийн өндөр агуулгатай хорт бодис юм. 
 
Өнөөдөр дэлхий дээрх атомын цахилгаан станцуудаас жилд 10 мянга гаруй тонн хаягдал гарч, нийтдээ 270 мянган тоннд хүрээд байгаа гэнэ. Дэлхий нийт өнөө­дөр цөмийн хаягдал дээр хоёр арга хэрэглэж байгаа юм байна. 
 
Нэгдүгээрт, дахин боловс­руулах чиг­лэлээр Орос, Франц, Япон, Их Британи ажил­лаж, ир­гэний зориулалтаар ашиг­лаж эхэлсэн. Гэхдээ цө­мийн хаягдлаа бүгдийг нь дахин боловс­руулах хүчин чадалтай орон хараахан алга. Нөгөө арга нь шууд булшлах.
 
Энэ бол боловсруулалгүйгээр усан санд, хуурай газарт гэсэн хоёр аргаар булшлан хадгалахыг хэлнэ.  Хуурай газарт цөмийн хаягдал оршуулан хадгалах нь 50 жилийн хугацаанд найд­вартай, өөрөөр хэл­бэл аюулгүй гэж үздэг аж. 
 
Мэдээж технологийн асар өндөр хөгжилтэй япончууд 2011 оны гуравдугаар сард дэлбэрсэн Фүкү­шимагийнхаа учрыг одоо болтол олж чадаагүй байхад ураны та­лаар анхан шатны мэдлэггүй монголчууд цөмийн хаягдлаа газар нутагтаа булш­лахаар болвол ямар ч боловсруулалт хийг­дэлгүй шууд л булж таарна. Тийм цаг ирвэл монголчууд ямар аюул заналтай нүүр тулах вэ. 
 
Ураны ил уурхай, далд уурхай аль нь ч ял­гаагүй туйлын их эрс­дэлтэй. Далд уурхай нь газрын гүнд хүхрийн хүчил шахаж ураны шингэрүүлсэн ислийг ша­вар байдалтай дээш нь өндөр да­­ралтаар ол­гойдуулж гаргаад усаар угааж цэвэрлэж авдаг гэх юм билээ.
 
Ин­гэж угааж цэвэрлэж авсан “шар нунтаг” нь өндөр биш ч цацраг идэвхтэй л байж таар­на. Мэргэжлийн хүмүүсийн тайл­бараар бол альфа, гамма цац­рагууд дагалдан дэгд­дэг гэнэ. Альфа цацраг бол нэвтлэх чадвар багатай, богино зайд баригддаг, хэрэв тодорхой хамгаалалт хийвэл зогсдог юм байна.
 
Тэгэхээр “шар нунтаг”ийг тусгай хамгаалдаг саванд хийдэг нь тодорхой. Харин “шар нунтаг-”ийг ялгаж авсны дараа шингэн заавал үлддэг гэсэн. 
 
Тэр шингэн дотор ураны цац­раг байхгүй гэсэн баталгаа байх­гүй. Түүгээр зогсохгүй хи­мийн хү­чил, шүлтийн найрлага өндөртэй хортой элементүүд их хэмжээгээр тунаж үлддэг байна.
 
Хэрэв тэр олгойдож гаргасан шингэнээсээ “шар нунтаг“-ийг нь ялгаж аваад тэр үлдсэн устай шингэн ша­вар шавхайд байгаа химийн хорт нэгд­лүүдийг өндөр түвшинд саар­маг­жуулж, цэвэрлэж далдалж булахгүй бол байгаль дэлхий ур­гамал амьтан амьд юм болгонд маш хүчтэй хор учруулдаг байна.
 
Чухамдаа Дорноговь аймгийн Улаанбадрах суманд гарсан олон малын хордлого, үхдэл, сэг зэмүүд яг тэрхүү шар нутгийг зайлсан хортой шингэнээс үүдэлтэй байж тун болзошгүй. 
 
Хэдийгээр Улаанбадрахын хэ­рэг явдалд ураны цацраг бага түв­шинд байж болох ч химийн дарх­лаажаагүй хортой бодисын нэгдлүүд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн л байж таарна. Ийм хи­мийн хортой нэгдлүүд тэр ха­вийнхаа газар нутагт байгаа амьтай болгоныг хордуулах аюул­тайг мэргэжлийн хүмүүс дуу нэгтэй баталсаар байгаа.
 
Энэ үүд­нээс Мэргэжлийн хяналтын га­зар, Цө­мийн энергийн газар бусад хими тех­нологи, цацрагийн хяналтын газар өндөр түвшиний цогц шинжилгээ явуулах ёстой. Өнөөдөр Монгол Улс цөмийн энер­гийн цацрагийг сургалтанд, эм­нэлэгт, үйлдвэрт, шинжилгээ судал­гаанд ч багагүй хэмжээгээр ашиг­лаж байгаа.
 
Гэхдээ энэ төрлийн үйл ажиллагааг төрийн өндөр хяналтад байлгах учиртай. Уран ашиглаж л байгаа бол төрийн өндөр түвшний цацрагийн хяналт шалгалт байх ёстой. Монголын төр үүнийг хийж чадаж байж л ураныг ашиглах эрхтэй.
 
Нөгөө нэг аюултай зүйл бол ил, далд аль ч аргаар “шар нунтаг” олборлосон байлаа гэхэд тэр хаягдал шороо чулуу, угаасан ус, шингэн шавар зэргийг маш сайн саармагжуулж сайн далдалж газрын хөрсөнд булахгүй бол манайх шиг салхи ихтэй, хуурай шороон шуурга ихтэй газарт мэдээжийн хэрэг агаарт дэгдэж таарна. Энэхүү шар шорооны дэгдэлт хаа ч очиж болох аюултайг Япон, БНСУ-ын зүгээс байнга сануулсаар л байгаа. 
 
 
Хүн төрөлхтний хэдэн мянган жилийн өмнө барьж босгосон түү­хийн дурсгалууд өнөөдөр ч сүндэр­лээд байж л байдаг. Гэтэл Атомын цахилгаан станцууд яагаад ийм богинохон настай байдаг нь одоо нэгэнт тодорхой болоод байгаа.
 
Маш их энерги агуулж ионжсон цацрагийн байнгын шаралт бүх мо­лекул, кристал, нэгдлүүдийн холбоог, тэр ч байтугай хамгийн сайн ганг ч буталж сүйтгэдэг гэнэ. 
 
Монголын говийн тоосны нэг­хэн ширхэгт олон сая цацраг идэвхит атомын цөм, түүний зад­­ралын бүтээгдэхүүнүүд бий болдгийг манай эрдэмтэд тогтоосон.
 
Эсийн хуваагдал явагдаагүй үед нэлээд хэмжээний цацрагийн шаралтыг жаахан наранд ша­рагдсан мэт тодорхой нөлөөлөл авалгүй өнгөрүүлж байхад, биед эс хуваагдаж байх үед ганхан цацрагийн туяанаас хорт хавдар үүсч болдгийг эмч нар хэлээд байгаа.
 
Атомын цахилгаан станцын үйл ажиллагааг хэн ч урь­даас тодорхойлж чадахгүй, тий­мээс байнгын хяналт, тохируулга хэрэгтэй байдаг нь Чернобиль, Фүкү­­шимагийн гамшиг хүн төрөлх­төнд сануулсан. Гэтэл тэдгээр станцуудын түлшний хаягдлыг эх нутагтаа булахаар сэмхэн тохи­рол­цоо хийгдэж байгаа бол ард түм­нийхээ эсрэг хийж байгаа чимээ­­гүй дайн гэж ойлгохоос өөр аргагүй. 
 
Д.Энхтүвшин
 
Эх сурвалж: