sonin.mn

МОСКВА. /Itar-tass/. Гиннесийн дээд амжилтын анхны ном 1955 оны наймдугаар сарын 27-нд Их Британид хэвлэгдэн гарч, оны хамгийн их борлогдсан ном болж байжээ. Одоо уг ном дэлхийн 100 гаруй оронд 23 хэлээр хэвлэгдэн гарч байгаа бөгөөд борлуулалтаараа тэргүүлдэг номын нэг хэвээр байна.

2005 онд 100 сая хувь борлогджээ. Энэ ном 59 жил хэвлэгдэн гарахдаа улс төрийн салбарын цөөнгүй дээд амжилтыг багтаасан байна. Ингээд хамгийн сонирхолтой арван дээд амжилтыг сонирхуулья.

 

Дэлхийн хамгийн залуу удирдагч бол Ким Жөн Ун юм. БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн гуравдугаар хүү болох тэрбээр эцгийгээ нас нөгчсөний дараа 2011 оны арванхоёрдугаар сарын 17-нд албан ёсоор “аугаа их өв залгамжлагчаар” тодорсон билээ.

Ким Жөн Ун чухам яг хэдэн настай болох нь тодорхойгүй бөгөөд түүнийг 1982, 1983 эсвэл 1984 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн гэдэг.
 

90 настай Абдалла ибн Абдель Азиз Аль Сауд нь хамгийн өндөр настай хаанаар тодорчээ. Тэрбээр 2005 оны наймдугаар сарын 1-нд 81 насандаа Саудын Аравийн хаан ширээнд заларсан байна.
 

Хамгийн олон улсын буюу 16 орны төрийн тэргүүн, Их Британийн хатан хаан II Елизавета юм. Хэдийгээр тэрбээр улс төрийн эрх мэдэлгүй боловч Британийн хамтын нөхөрлөлийн 15 орны 128 сая гаруй оршин суугчийн хувьд хатан хаан гэдэг бэлгэдэл нь, бас Их Британи болон Британийн далайн чанад дахь 14 газар нутагт түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрдөг.
 

Улс төрийн хамгийн алдартай жиргээг Барак Обама бичиж, 2012 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Түүний “Дахин дөрвөн жил” гэдэг тэмдэглэл болон гэргий Мишель Обамагаа тэвэрч буй зургийг 24 цагийн хугацаанд 771 635 жиргээчид түгээсэн байна.
 

Дэлхийн хамгийн баян удирдагч бол Таиландын хаан Пумипон Адульядет /IX Рама/ юм. Форбс сэтгүүлийн мэдээлснээр, тэрбээр 30 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй ажээ.
 

Төрийн эрхэнд байсан хугацаагаар Фидель Кастро дээд амжилт тогтоосон байна. Кубын хувьсгалын удирдагч тэрбээр төрийн эрхэнд 49 жил 10 сар 3 өдөр байжээ.
 

Бас Фидель Кастрогийн амь насанд халдах оролдлого хамгийн олон удаа үйлдэгджээ. Кубын удирдагч асны хамгаалагчийн ярьснаар, Кастрогийн амь насыг хөнөөх зорилготой 638 хуйвалдаан төлөвлөгджээ.
 

Сиримаво Бандаранаика бол хамгийн удаан засгийн эрхэнд байсан ганц эмэгтэй удирдагч. Тэрбээр Шри-Ланкийн Ерөнхий сайдын албан тушаалд гурван удаа сонгогдсон бөгөөд нийтдээ 18 жил энэ албыг хашжээ.
 

Дэлхийн хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч бол Мария Эстела Мартинес де Перон юм. Тэрбээр нөхөр Хуан Пероныг 1974 оны долдугаар сарын 1-нд таалал төгссөний дараа Аргентины Ерөнхийлөгч болжээ. Ерөнхийлөгчийн албыг хоёр жил хүрэхгүй хугацаанд хашсан байна. 1976 оны гуравдугаар сарын 24-нд болсон цэргийн эргэлтээр түүнийг түлхэн унагажээ.
 

“Center for Responsive Politics” төвийн мэдээлснээр, 2012 оны Америкийн Ерөнхийлөгчийн болон Конгрессын сонгууль нь хамгийн үнэтэй сонгууль болжээ. Эдгээр сонгуульд бэлтгэх болон явуулахад 6 тэрбум доллар зарцуулсан байна.

Холбооны улсын сонгуулийн комиссын мэдээлснээр, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Барак Обама, Митт Ромни хоёр хоёул нэг секундэд 30,33 доллар зарцуулжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг