sonin.mn

ОТТАВА. /ITAR-TASS/. Газар тариалангийн бүтээгдэхүүний импортод ОХУ-ын Засгийн газар хязгаарлалт тавьсны улмаас тус улсад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг Канадын компаниуд энэ онд 600 сая гаруй долларын алдагдал хүлээнэ.

Энэ тухай Оттава хот дахь Оросын Элчин сайдын яамны хөдөө аж ахуйн асуудал хариуцсан зөвлөх Сергей Строков мэдээлжээ. “Бидэнд байгаа мэдээллээс үзэхэд зөвхөн махан бүтээгдэхүүний нийлүүлэлтээс 600 сая орчим долларын алдагдал хүлээнэ. Хэрэв үүнд далайн гаралтай бүтээгдэхүүнийг оруулан тооцвол энэ үзүүлэлт улам өснө” гэж тэрбээр хэлсэн байна.

Украинд болж буй үйл явдлын улмаас Өрнөдийн Орост авсан хориг арга хэмжээний хариуд Европын Холбооны орнууд, Австрали, Канад, Норвеги болон АНУ-аас үхэр, гахайн мах, хүнсний ногоо болон жимс, тахианы мах, загас, бяслаг, сүү, сүүн бүтээгдэхүүн оруулахыг Москвагийн эрх баригчид наймдугаар сарын 7-нд хориглосон билээ.

Строковын хэлснээр, хориг арга хэмжээ авахаас өмнө энэ оны нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл хөдөө аж ахуй экспорт болон Канадаас Орост нийлүүлдэг хүнсний бүтээгдэхүүний эргэлтийн хэмжээ 370 сая доллар байсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг