sonin.mn

МОСКВА. /BBC/. “Левада-центр” дүн шинжилгээний агентлагийн мэдээлснээр, наймдугаар сарын 22-25-ны байдлаар тус төвөөс явуулсан санал асуулгад оролцогсдын 84 хувь нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путины үйл ажиллагааг дэмжжээ.

Наймдугаар сарын эхээр Оросын Ерөнхийлөгчийг дэмжигчдийн тоо 87 хувьтай байсан юм. Харин санал асуулгад оролцогсдын 15 хувь нь Путины үйл ажиллагааг дэмжээгүй байна. Энэ нь өмнөх санал асуулгын дүнтэй харьцуулахад хоёр хувиар өссөн үзүүлэлт ажээ.

“Улс орон өнөөдрийн байдлаар ерөнхийдөө зөв замаар явж байна уу? эсвэл буруу зам руу хөдөлж байна уу? ” гэдэг асуултад  доорх байдлаар хариулсан байна.

Санал асуулгад оролцогсдын 64 хувь нь /сарын эхээр 66 хувь/ зөв замаар явж байна гэсэн  бол 22 хувь нь /сарын эхээр 19 хувь/ буруу гэсэн хариулт өгчээ. Путины нэр хүнд он гарснаас хойш эрс өссөнийг санал асуулгын дүн харуулж байна.

Оросын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжигчдийн тоо ч мөн нэмэгджээ. Энэ оны нэгдүгээр сард санал асуулгад оролцогсдын ердөө 43 хувь нь сайд нарын танхимыг дэмжиж, харин 53 хувь нь эсэргүүцэж байсан бол наймдугаар сард 62 хувь нь сайшааж, 36 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг