sonin.mn

КАИР. /ITAR-TASS/. Абдалла Абдуррахман ат-Тани тэргүүтэй Ливийн түр Засгийн газар огцорсон тухай хиймэл дагуулын телевизийн “Аль-Арабия” суваг мэдээлжээ. Сайд нарын танхимын үүнтэй холбогдох хүсэлтээ тус улсын шинэ парламентын Төлөөлөгчийн танхимд өргөн барьсан байна.

Ливийн Үндсэн хуулийн дагуу шинэ парламент сайд нарын танхимаа эмхлэн байгуулах ёстой юм. Түр Засгийн газрын өмнөх тэргүүн Али Зейданд Ливийн Бүх Үндэстний конгресс /хуучин түр парламент/ итгэл үл хүлээлгэх санал гаргасны дараа ат-Тани гуравдугаар сарын 11-нээс түр Засгийн газрыг тэргүүлж эхэлсэн байна.

Үүний дараа түүний мандатыг хоёр удаа хоёр долоо хоногоор сунгажээ. Дөрөвдүгээр сарын 8-нд парламентын гишүүд түүнд шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах долоо хоногийн хугацаа өгөөд парламентын сонгууль хүртэл /зургадугаар сарын сүүлээр болсон/ сайд нарын танхимыг тэргүүлэх үүрэг өгсөн байна.

Гэвч дөрөвдүгээр сарын 13-нд ат-Тани сайд нарын шинэ танхимыг тэргүүлэхээс татгалзсан боловч сайд нарын зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгчийн хувиар ажлаа гүйцэтгэсээр иржээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг