sonin.mn

КИЕВ. /ВВС/. Улсынхаа НАТО-д элсэх замыг засахыг парламентаасаа хүснэ гэж Украины Ерөнхий сайд мэдэгдлээ.

Украины эвсэлд үл нэгдэх статусыг хүчингүй болгохыг уриалсан хуулийн төслийг парламентын гишүүдэд Засгийн газар илгээж байна гэж Арсений Яценюк хэлсэн юм.

Украины зүүн нутгийн хямралыг хэлэлцэхээр НАТО яаралтай хуралдаан хийж байгаа энэ үед Яценюк ийн мэдэгдэл хийлээ. Оросыг дэмжигч босогчдыг дэмжих замаар Украины зэвсэгт мөргөлдөөнд шууд оролцоогоо нэмэгдүүлж байна гэж ОХУ-ыг Өрнөдийн улсууд буруушаах нь ихэсч байна.

Украины нутаг дэвсгэр рүү Оросын хүчнийхэн нэвтэрснийг харуулсан хиймэл дагуулаас авсан зургуудыг НАТО дэлгэсэн юм.  Тус эвслийн үзэж буйгаар, Украинд Оросын 1000 цэрэг байна. Харин Украин руу цэрэг илгээсэн гэж мэдээлж буйг ОХУ няцааж байгаа юм.

НҮБ-ын мэдэгдсэнээр, Крымыг ОХУ улсдаа нэгтгэснээр Украины зүүн нутгийн Донецк болон Луганск мужийн дийлэнх хэсгийг босогчид хяналтдаа авахаар оролдож эхэлсэн үе буюу энэ оны дөрөвдүгээр сараас хойш 2600 орчим хүн амь үрэгджээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг