sonin.mn

МОСКВА. /ВВС/. АНУ болон Европын улсууд Украины засгийн газрыг дэмжиж байгаад маш сэтгэл гонсгор байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илэрхийллээ.

Украины нутаг дэвсгэр рүү цэргээ оруулж байна гэж ОХУ-ыг Өрнөдийн улсууд буруушааж байгаа юм. Путин өчигдөр Москвагаас холгүй орших зусланд салбар салбарын идэвхтэн залуустай уулзжээ. Украины улс төрийн хямралын ард АНУ болон Өрнөдийн бусад улс байгаа гэж Путин хэлсэн байна.

Мөн энэ оны хоёрдугаар сард Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагаасан нь Үндсэн хуулиа зөрчсөн хэрэг гэж Путин хэлсэн юм.  Мөн өөрсдийнх нь явуулж буй бодлоготой санал нийлэхгүй байгаа улсуудад шахалт үзүүлж байна гэж Өрнөдийн улсуудыг тэрбээр шүүмжиллээ.

ОХУ-ын төрийн тэргүүний хэлсэнчлэн, Украины зүүн нутагтаа явуулж байгаа байлдааны ажиллагаа нь дэлхийн хоёрдугаар дайны үед Ленинградыг нацистууд бүсэлж байсныг санагдуулж байна. Оросыг дэмжигч босогчидтой нэн даруй хэлэлцээ хийхийг Украины эрх баригчдад Ерөнхийлөгч Путин уриаллаа.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг