sonin.mn

Өнгөрсөн Баасан гарагт Ерөнхийлөгч асан,МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар уулзсан тухай бид мэдээлсэн билээ.
Солонгосын Сөүл хотноо удаан хугацааны эмчилгээ хийлгэж буй Н.Энхбаярын амар мэндийг эрэхээр хүзүүний эмчилгээ хийлгэж буй М.Энхсайхан очсон мэт энэ жижигхэн мэдээ улс төрийн хүрээнийхний дунд олон асуулт дагуулаад байна.


Учир нь Н.Энхбаяр, М.Энхсайхан нар МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн удирдлагууд.
Иймээс ч АН-ын дотоод зөрчил, Үндэсний Эв Нэгдлийн Засгийн газар байгуулах нэр бүхий улс төрчдийн санаачилгатай холбоотой  олон асуудлын талаар ямар байр сууринд хүрсэн гэдэг  тун сонирхолтой байгаа нь нууц биш.
Яг тэдний уулзалттай зэрэгцэн Монголын улс төрийн олон зохиолын нооргийг бичдэг гэх нийтлэлч Баабар мэргэжлийн Засгийн газар байгуулах санал гарган, Ерөнхий сайдад  М.Энхсайхан тэргүүтэй нэр бүхий улс төрчдийг санал болгосон юм.


Эх сурвалжуудын өгүүлж буйгаар "Шударга ёс" эвсэл Н.Алтанхуягийн Засгийн газрыг эцсийн мөч хүртэл дэмжих бөгөөд  хэрэв Шинээр Засгийн газар байгуулагдахад хүрвэл 1-т Ямар ч тохиолдолд Х.Баттулгыг Ерөнхий сайд болгохгүй
2-т Шинээр байгуулагдах Засгийн газар УИХ-д байгаа бүх улс төрийн хүчний төлөөллийг багтаасан байх гэсэн тохиролцоонд хүрсэн байх магадлалтай гэнэ.

Ч.Явуу