sonin.mn

БРЮССЕЛЬ. /ВВС/. Оросын цэргүүд Украины зүүн нутаг руу нэвтрэн орсон гэсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авахад бэлтгэхээр Европын Холбооны удирдагч нар зөвшилцлөө.

Өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо эхэлсэн ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр тэд ингэж тохиролцжээ.

Украины зүүн нутагт засгийн газрын хүчнийхэнтэй байлдаж байгаа салан тусгаарлах үзэлтнүүдтэй Оросын 1000 гаруй цэрэг нэгдсэн гэж НАТО болон Өрнөдийн улсууд мэдэгдсэн юм.

Цэргээ Украин руу оруулсныг буруушаасан мэдэгдэл гаргахын сацуу тус улсын нутаг дэвсгэрээс хүчнийхнээ нэн даруй татахыг ЕХ-ны удирдагч нар ОХУ-д уриаллаа.

Уг мэдэгдэлд “Хэрвээ байдал сайжрахгүй бол, Москвад ЕХ нэмж хориг арга хэмжээ авна” гэжээ.

ОХУ-д авах шинэ хориг арга хэмжээг Европын Комисс нэг долоо хоногийн дотор боловсруулахаар болсон байна.

Уулзалтын дараа Европын Комиссын Жозе Мануэль Барросо “Хэрвээ Москва хямралыг дэвэргэсээр байвал ОХУ-тай ЕХ цаашид найрсаг харилцаатай байх боломжгүй” гэсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг