sonin.mn

Ардчилалыг гуйвуулж, эрх чөлөөг хэлмэгдүүлж Ар Монгол сүүлийн 20 гаруй жил нийгмээ авч явж чадалгүй бүтэлгүйтлээ. Ардчилалыг зөвхөн улстөрийн зохион байгуулалт дотор л хэрэгжүүлэх байтал сургуулийн хүүхдүүдэд их дээд сургуулийн танхим руу оруулан гуйвуулж боловсролын ардчилал нэрийн дор мэдлэгийг мухар сүсэгээр орлуулсан. Улстөрийн эрх чөлөөгөө хэтрүүлж байгаад нэг мэдсэн ард түмнээ оюуны хомсдолд оруулж хэлмэгдүүлсэн.

Ингэж нэгдүгээрт мэдлэг боловсролын бүтэлгүйтэл, хоёрдугаарт нийгмийг үргэлжлүүлэн хөгжүүлж чадаагүйн бүтэлгүйтэл, гуравдугаарт хүний сэтгэл мэдрэлийг оюунжуулж чадалгүй аймхай болгосон бүтэлгүйтэлд орсондоо.

Ар Монгол тэгээд одоо Орос хөршүүдийгээ ямаршуухан гадаад дүр төрхтэй дотоод сэтгэлийн хөдөлгөөнтэй угтаж авах вэ?

Ямар ч л гэсэн сүүлийн 20 гаруй жил Ар Монгол социализмаас салсаны дараа үргэлжлүүлэн шинэ нийгэм байгуулж чадалгүй буцаад феодализм руугаа нуран унасан. Ингээд өнөөдөр феодал Монгол болсондоо. Тиймээс Оросын төлөөлөгчид феодалуудтай л уулзахнээ…

Ар Монголд социализмаас өөр сайн сайхан амьдрал заяасан бишдээ. Ерөөсөө баян тарган бусдаас ялгарч нэг их өөр хүн болох гэсэн феодал зангаас өөр зангүй болждээ. Өнөөдөр Монгол хүн юун нөгөө сэхээтэн, соён гэгээрэл, соёл урлаг мэдлэг боловсрол байхвээ. Энэ бүгд зогсонг болж доод түвшинд очсондоо. Дээдэс доодос, ноён тайж харц ард, баян ядуу ярих дуртай болцгоосон.

Ар Монгол ёс суртахууны доройтолд орж нэг нэгнийгээ доош хийж хоорондоо ялгарч 70 жил арай гэж бүтээсэн нийгмээ устгасан. Монгол хүн шинэ нийгэм бүтээж орчин үеэ үргэлжлүүлж чадалгүй хүн төрөлхтөний мэдлэг боловсролын гадуур буцаад төрөөгдсөндөө. Шашин гэдэг мухар сүсэг яг л феодализмын үед ямар их хүчтэй байсан буцаад ард түмний дайсан нийгмийн эсрэг хүнийг хэлмэгдүүлдэг тийм л аюултай байгууллага болсондоо.

Хэдэн зуун жил дэлхийгээс хаягдсан ямар ч утгагүй мухар сүсэгт хоригдсон цаг хугацаа орон зайн тухай ямар ч ойлголтгүй хүний ёсны амьдрал гэж мэдэхгүй тийм ард түмнийг мэдлэг боловсрол соёл урлаг аж амьдралтай золгуулсан Орос хүмүүс Ар Монголд тун удахгүй ирэх гэж байна. Орос хүн Монгол хүнтэй хамтарч социализмын он жилүүдэд нийгэм журамт ёс эв хамт ёс гэх мэт хорвоогийн сайн сайхан бүгдийг бүтээлцэж явсан. Ар Монголыг хэзээд дэмждэг тусархаг Орос хүмүүсийн төлөөлөгчид удахгүй ирэх гэж байна.

Социализмын гурван чухал уриа болох эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэл хэдийгээр сүүлийн 20 гаруй жилийн уриа байсан боловч гурвуулаа бүтэлгүйтсэн. Эрх чөлөө нэрийн дор ард түмнийхээ тархийг хоосруулж оюуны хомсдолд орсон. Тэгш эрх устаж баян ядуу яриад л гадаадаас тусламж гуйдаг өр зээл тавьдаг цөөхөн хүмүүсийн жаргадаг орон болсон. Эв нэгдэл ярих ямар ч боломжгүй болсон. Нутгархаж талцаж наадмаа ч хийж чаддаггүй болсон тул үндэстэн үүсэх ямар ч нөхцөл байдал үүссэнгүй.

20 –р зуун дөнгөж л өнгөрөөд дуусаагүй байтал хүйтэн дайныг барууны капиталист ертөнц өдөөлөө. Хүүхэд байхад капитализмыг хүн хүндээ чоно болсон хөрөнгөт ертөнц гэдэг байлаа. Капиталист орнуудын иргэд хүйтэн хөндий түүний хажуугаар эмэгтэйчүүд ажилгүй гэртээ суудаг гэсэн яриа их байдаг байж билээ.

90- ээд онд капиталист ертөнц социалист ертөнцийг ялан дийлж алдар цолоо мандуулж хүн төрөлхтөнд ид шид гайхамшиг амласан боловч цөөхөн орны цөөхөн хүмүүс хэт их баяжиж дэлхий дахиныг нэг хямралаас нөгөө хямрал руу түрсэн. Өнөөдөр капитиалистууд дэлхийг дайны талбар болгож хаа л бол хүүхдээ тэвэрсэн эхчүүд дайнаас зугатааж хаачихаа мэдэхгүй мунгинан өрөвдөлтэй алхацгаана. Хямралаас гарахын тулд энх тайван шийдэл биш харин дайн дажин л шийдэл болжээ.

20-р зууны турш капиталистуудын эсрэг зогсож Ази, Африк, Латин Америкийн ядуу орнуудад туслаж дэмжиж тухайн үедээ Зөвлөлт Холбоот Улс өнөөдөр Орос орон буцаад капиталистуудын эсрэг тэмцэх хүч чадвартай боллоо. Харин капиталист орнууд Ази Африк болон Латин Америкийн орнуудын эд баялгийг дээрэмдэж туслах биш харин олон арван жил колончилж явсаныг хэн ч нууж чадахгүй.

Үүнд л социализм болон капитализм хоёрын ялгаа бий дээ. Тусалсан социализмаа хараадаг харин мөлжсөн капитализмыг магтдаг олон хүмүүс ард түмнийхээ тархийг мөн ч их угааж байна даа. Энэ дэлхий дээр капитализм чадахгүй гэдгээ харууллаа. 20 –р зууны капитализмын эсрэг том том онолууд буцаад сэргэн мандах цаг ирлээ. Шинэ дэлхийн шинэ онолчид хүлээгдэнэ.

Европын холбоонд орсон олон орнууд зэрлэг неолиберализмын золиос болж өнөөдөр олигтой хөгжиж чадсангүй. Гэтэл Орос орон үнэт зүйлээ хадгалж неолиберализмын эсрэг зогсож эдийн засгаа ердөө л 10 хүрэхгүй жилийн дотор босгож чадлаа. Европын холбооны олон орон эдийн засгийн дампууралд орж неолиберализмыг тэд өнөөдөр харааж зүхэж байна.

Гэтэл Орос орон Европын холбооны олон орнуудыг ардаа хаяж эдийн засгийн асар их хүчтэй болж чадлаа. Орос орны эдийн засаг улам л хөгжиж дэлхийн орнуудыг цаашид авч явах чадвартай болсон. Үүнд мэдээж дургүйцсэн капиталистууд эдийн засгаар дийлж чадахгүй болсоноо ойлгож одоо улстөрөөр дайралт хийж олон газар дайны гал өдөөлөө. 21-р зуунд ч капиталистууд Орос орныг чадахгүйдээ.

Орос хүн бол маш авьяаслаг ялангуяа их хүнлэг тус ч хүмүүс гэдгийг Орос оронд мэргэжил эзэмшиж диплом авсан болон авч чадалгүй буцаж ирсэн Монгол хүмүүс мэдэж байгаа. Орос хүмүүс өндөр мэдлэг боловсролд суралцаж чадсан тул олон ч Нобелийн шагналуудыг хүртсэндээ. Оросын уран зохиол яруу найраг сонгодог хөгжим гээд дээд түвшинд гэдгийг бүгд л мэддэг. Орос хүний бэлэглэсэн зүйл энэ дэлхийд олон бий.

Ар Монгол 20 –р зууны дундуур анх байгуулагдаж бие даасан орон болж бүх иргэдээ ажилтай байлгаж чадсан. Түүнээс гадна социализм нийгмийн бүх үйлчилгээг эрүүл мэндээс авахуулаад оройн сургуулиуд гэх мэт мэдлэг мэрэгжил дээшлүүлэх бүх байгууллагуудыг төрөөс төлж нийт ард түмнээ ёс суртахуунтай болгож чадсан. Энэ бол дэндүү том амжилт. Энэ амжилтаа дахин давтах эсэх өнөөдөр тодорхой бус. Ар Монгол зөвхөн Монгол хүмүүсийн л орон тул нэг нэгэндээ ахан дүүсэг туслах ёстой болохоос гадуурхаж капиталистууд шиг бүх хөрөнгө эзэмшчихээд ард түмнийгээ өөрсдийгөө аваад яв гэх шаардлагагүй.

90-ээд онд Ар Монгол аж үйлдвэрийн орноос технологийн орон болж шилжих том боломж байсан боловч хувьчлалаар хувааж идсэн тул Орос оронд эзэмшсэн мэдлэг боловсрол ямар ч үнэгүй болсон. Физик, математик, хими биолог гээд мэдлэгээр баялаг бүтээдэг орнуудыг өнөөдөр хараад бүгд харамсаж байна даа. Нэгэнт дээд мэргэжил устсан тул цол хэргэм шагнал авдаг дампуурал хаа сайгүй л өрнөсөн.

Ямар ч боловсролгүй доктор профессорууд бөөн бөөнөөрөө. Нэгэнт бүтээлч мэргэжлүүд устсан тул үйлчлэгч мэргэжлүүд болох эдийн засаг болон хуулийн мэргэжил үлдэх шивдээ. Үйлчлэгч мэргэжлийнхэн Монгол хүнийг хүү зээлээр мөлжиж юм хийж бүтээх гэж яваа нэгнийгээ шүүхээр далайлган сүрдүүлж хүний урам хугалдаг болцгоосондоо. Ингэж мэдлэг боловсрол бүтэлгүйтсэн.

Нийгэм яагаад бүтэлгүйтсэн бэ гэхээр нийгэмчлэл үргэлжилж орчин үеийн болж чадаагүй. Нийгэмчлэл гэдэг бол боогдмол ээж аав эмээ өвөө ах дүү гэсэн амьдралаас тасарч нийгмийн дунд танихгүй хүмүүсийн дунд хэрхэн зөрчилгүй хэрүүлгүй нутгархаж ад үзэхгүй амьдарч сурахыг хэлдэг. Энэ нийгэмчлэл явагдалгүй бүгд л бүгдийн эсрэг хэрүүлтэй зөрчилтэй тархай бутархай хөдөөний амьдрал Улаанбаатар хотод үргэлжилж нийгэм журамт орон болж чадсангүй бүтэлгүйтсэн.

Хүний сэтгэл мэдрэл яагаад бүтэлгүйтсэн бэ гэхээр эрх чөлөө нэрийн дор хүн бүрийг дураараа болгосон. Дураараа хүмүүс хэт дураа дагаж сэтгэлийн хөдөлгөөнд живж бодох чадваргүй болцгоосон. Монгол хүнийг ном уншиж толгойгоо хөгжүүлэхээс салгасан тул оюуны хомсдолд орсон. Оюуны хомсдолтой хүмүүсийн мэдрэмж буруу ажиллаж буруу сонсох, буруу харах, буруу үнэрлэж буруу амтлах мэдрэлийн дутагдал явагдсан. Үүнийг дагаад зүүд, хүсэл, зорилго гэсэн ухааны үйлдэлүүд савалгаатаж ухаарал алдагдсан.

Ийм л хүн ёсны гурван том бүтэлгүйтэл сүүлийн 20 гаруй жил явагдлаа. Угаасаа социализмаар л хүн болж бичиг үсэг гэр бүл ажил хөдөлмөртэй болсон ард түмэн оюуны савалгааталд орж маш том хэлмэгдэл болсон. Нэг нэгийгээ хардаж сэрдэж атаархаж устгаж хөнөөх юу ч биш болсон. Сүүлдээ Орос хүний бүтээж өгсөн болгоныг эвдэж сүйтгэж хөгжилтэй орон биш мухар сүсэгийн орон болсон.

Өнөөдөр ном гэхээр гэдэсхийж мухар сүсэг гэхээр ухасхийдэг болсондоо. Хаа л бол муу энерги ярицгааж үүрээр гудамжинд бүр 3 цагийн үед чөтгөр гарж ирдэг гэж хүртэл Москва хотод суралцаж диплом авсан гэсэн дипломтонгууд мухар сүсэгтэж байхад энгийн боловсролгүй ард түмэн арга ч үгүй биздээ.

Иркутск хотоос авахуулаад Санкт Петрсбург хотуудад дэлхийн хэмжээний университэтүүдэд суралцаж хүн төрөлхтөний мэдлэгээс суралцсан гэсэн хүмүүс Орос орныг муулах гэж байгаад хүн төрөлхтөний мэдлэг боловсролыг устгасандаа.

Орос оронд дургүй Зүүн Европын орнуудад суралцацгаасан Монгол хүмүүс бүр 90-ээд онд хамгийн их Орос хүмүүсийг доромжилсондоо. Европынхоныг дууриаж Орос хүмүүсээ муулаад юу хийх вэдээ. Хоол идсэн тогоогоо хөнтөрч хаядаг хачин хүмүүс шүү.

Социализм бол хүн төрлөхтөний мэдлэг боловсролыг Монгол хүмүүст хүргэсэн болохоос биш үзэл суртал үзэл санаа үзэл бодолтой ямар ч хамаагүй. Мэдлэг л бол мэдлэг.

Орос орон өнөөдөр дэлхийн тавцан дээр буцаж ирлээ. Социализмыг нураасаны дараа капиталистууд Орос орныг хувааж идэх гэж сүүлийн 20 гаруй жил мөн ч их дайрч доромжилсондоо. Өнөөдөр бүр дэндлээ. Гэхдээ хэвлэл мэдээлэл тэдний гарт болохоор үнэн мэдээлэл гэж байхгүй устсан.

Дэлхийн хоёр дайнд өөрсдийгөө хамгаалан авч гарч чадсан Оросын ард түмэн 90 оны капитализмын дайралтаас хойш тэмцсээр байгаад өөрсдийгөө хамгаалж чадлаа. Орос хүн социализмын үед энэ дэлхийн хамгийн ядуу орнуудыг хооллож мэдлэг боловсролд сургасан ачтай орондоо.

Гэтэл капиталист орнууд энэ дэлхийн хамгийн их баялагтай орнуудыг колончилж бүх өнгөтэй өөдтэйнүүдийг хоосолсон түүхийг Африк, Латин Америк болон Азийн орнуудын түүх хэлээд өгнө дөө. Ерөөсөө капиталист орнууд колончилж л баяжсан шүү дээ.

Монгол хүн хойд хөрш Орос хүний энэ их хатуужил, зориг хүсэл эрмэлзлэлээс суралцаж чадсан билүү дээ. Сүүлийн 20 гаруй жил хойд хөршийгөө зовж байхад барууны орнуудтай нийлчихсэн муулж явсан даа. Хүний үнэр хүний мөс хаана байна даа. Социализмаа нурааж ардчилал нэртэй хар амьдрал эхлэх үед аавууд ааваасаа татгалзаж, эр нөхрүүд эр нөхрөөсөө татгалзаж, ажил хөдөлмөр устаж, үүрэг хариуцлага хөлний уланд гишгэгдсэндээ.

Бүтээж байгуулсан нийгэм устах гэдэг дахиж үзэхийн аргагүй муу муухай зүйл байдаг гэдгийг олон ч хүн ойлгосондоо.
Аливаа хүн өөрийгөө алдах гэдэг өөрийн бодолгүй болно. Түүний дараа бусад хүмүүсийн бодол гэдэг зүйлийг хүлээж авч чадахгүй болно. Эцэстээ хүмүүс хоорондын биш гэдэг тойрон буй ахуй гэдэг зүйл устана. Ингэж субект үгүй, обект үгүй бас ахуй үгүй нийгмийг ямар нийгэм гэх вэдээ.

Гэтэл нийгмийн ухаан гэж ямар утгагүй зүйл ярьцгаана. Угтаа бол субект, обект, ахуй гуравыг хамтруулан эвлүүлж чадвал одоо нийгэм үүснэ. Гэтэл өнөөдөр нийгэмгүй нийгмийн ухаан, амин сүнсгүй сэтгэл судлал, оюунлаг биш гүн ухаан ярьсан хэвээр. Монгол хүмүүсийг юу хамтруулдаг вэ гэдгийг ярих чухал болохоос биш юугаар адилхан бэ гэдэг чухал биш.

Орос орон мэдлэг боловсрол болон эрүүл мэндийг Монгол хүнд бэлэглэсэн. Энэ бол асар их хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтыг 90-ээд онд Монгол хүн зүгээр өр гэж ойлгож алдаа гаргасандаа. Их өр нэрийн дор Монгол хүн оюуны ямар их хомсдолд орсоныгоо яруу тодоор харуулж нохой ичмээр юм болсон. Бүх хүний эрүүл мэндийг анхаарч бүх хүнийг бичиг үсэгтэй болгож бүх хүнийг бүртгэлтэй намтартай болгох гэдэг зүгээр нэг улстөрөөр далайлгаад хийчихдэг ажил биш.

Орос орон Монгол хүнд зөвхөн мэдлэг боловсрол эрүүл мэнд бэлэглээд зогсохгүй хийж бүтээдэг нийгмийн чухал ойлголтуудыг бас сургасан. Жишээлбэл хуманизм, роман, идеализм, эксистэнциализм гээд философийн ойлголтууд ямар их хэрэгтэй билээ.

Цаашилбал инженэр гэдэг байгалийн салбарын мэдлэгүүдийг шууд баялаг болгон бүтээдэг үйлдвэрийн мэргэжилд бас сургасан. Өөрөөр хэлбэл орчин үеийг Орос хүн авчирч өгсөн шүү дээ. Классик урлагийг Орос хүн л зааж сургасан даа. Одоо ч бүгд төрөл арилжиж арга билиг үүх түүх эцэг өвгөд яриад хуучиндаа хорогдож хоцрогджээ. Ар Монгол ирээдүйгээ устгажээ.

Өнөөдөр Ар Монгол 90 онд алдсан зүйлсээ дахин сэргээх хэрэгтэй болжээ. Жишээлбэл баталгаатай мэдлэг буюу сайэнс, илүү сайн чанартай бүтээгдэхүүний төлөөх уралдаан, эрүүл мэндийг хамгаалах, ажил хөдөлмөрийг үнэт зүйлээ болгох, үрэлгэн биш хэмнэлттэй амьдрах гэх мэт зүйлсийг буцааж нийгмийн нийтлэг ойлголт болгох хугацаа болжээ.

Мэдээж тухайн үедээ энэ бүгдийг олон зуун жил феодалчсан бичиг үсэггүй явсан хүмүүст сургаж өдөр дутмын мэдээжийн зүйл болгоход тийм ч амар байгаагүй. Гэхдээ л энэ бүгдийг авчирч сургасан Орос хүмүүст хариу бэлэг барьж чадахгүй гэхэд ядаж баярлах л учиртай. Их өрийн оронд их бэлэг барих байсандаа.

Орос орон ардчилалыг ч зах зээлийг ч барууны орнуудын хэлсэнээр найрсагаар угтаж авсан боловч цаагуураа бас л дэлхийн хоёр дайнтай адил Оросын газрын баялаг руу капиталистууд шунсан гэдгийг Орос хүн мэдэж авсан. Орос орон өөрийнхөө төсөөлсөн өөрсдийнхөө бодож сэдсэн тэр нийгмээ байгуулж тэр амьдралаараа амьдрах хэрэгтэй. Хэн ч хэнд ч өөрсдийнхөө амьдралыг тулгах ёсгүй.

Тиймээс барууны орнууд өөрсдийн хүссэнээрээ харин Орос орон бас өөрийн хүссэнээрээ амьдрах хэрэгтэй. Ар Монгол ч бас Орос орны шийдсэн тэр амьдралыг хүндэтгэх ёстой. Түүнээс биш барууны орнуудыг даган хашгирах дэндүү ичгүүртэй хэрэг шүүдээ.

Орос орны төлөөгчидийг гурван удаа том бүтэлгүйтсэн Ар Монгол ичсэн байдлаар л хүлээж авахнээ. Одоо яая гэхвээ муу нуухаар сайн илчил. Дотроо онгойтол буруугаа ярилцаж чадвал цаашид хийж бүтээхэд хэрэгтэй дээ. Улстөрийн эрх чөлөө оюуны боолчлол авчирсан гэдгийгээ ч нуух юун…

Доктор С.Молор-Эрдэнэ