sonin.mn

Туркийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид бүрэн эрх шилжүүлэх ёслолд оролцсон Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ 2014 оны 8 сарын 29-нд Анкара хот дахь цэргийн гутал, хэрэглэлийн YDS компанид зочилж, Монголын цэргүүдэд зориулан хийж буй гутал, үүргэвч, агсамж, нүдний шил зэрэг бүтээгдэхүүний загварыг үзэж, санал бодлоо хэлэв.

Тус компанийн ерөнхий захирал Ведат Якуполу үйлдвэрийнхээ үйл ажиллагааныхаа талаар ярьж, Монголын армид зориулсан гутал, хэрэглэлийг сайн чанартай хийж буйгаа үзүүлж танилцуулав. Мөн тэд арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

БНТУ-ын Засгийн газар манай улсын зэвсэгт хүчинд жил бүр нэг сая гаруй долларын буцалтгүй тусламж үзүүлж байгаа бөгөөд уг хөрөнгийг цэргийн гутал, хэрэглэл авахад зориулж байгаа юм. YDS компани 2011 оноос манай цэргийн албан хаагчдад гутал, хэрэглэл нийлүүлж эхэлсэн бөгөөд тэдгээрийг бас Их Британи, ОХУ, Казахстан зэрэг олон орны захиалгаар хийж, өндөр үнэлгээ авч ирсэн аж.

Тус компанийн хийсэн гутал, хэрэглэлээр хангагдсан манай дайчид дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа билээ.