sonin.mn

ОХУ-ын төрийн тэр­гүүнээр ажиллах 16 жи­лийнхээ 10 дахь намар нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад маргааш хөл тавих В.Путины талаар товчхон өгүүлье.

Тэрбээр 1952 оны арав­дугаар сарын 7-нд төрсөн бөгөөд 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулан, 60 насныхаа ойгоор ОХУ-ын төрийн тэргүүний зургаан жилийн эрх мэд­­лийг төрсөн өдрийн бэлгэнд авч байсан дэлхийн энэ цагийн хүчирхэг удирдагч билээ.

Өмнө нь ОХУ-ын төрийн тэргүүнээр тасралтгүй найман жил ажилласан хуга­цаан дээр нь өнөөдрийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацааг нэмвэл тэрбээр хуучны ЗХУ-ын удирдагч И.Сталин, Л.И.Брежнев нарын дараа эрэмбэлэгдэж байгаа юм.

Хуучнаар Ленинград буюу одоогийн Санкт Петрбург хотноо ахмад дайчин, үйлд­вэрийн ажилчны гэр бүлд төрж өссөн тэрбээр хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг 200 хувь бие­лүүлж чадсан нэгэн. Бага наснаасаа тагнуултай кино үзэх дуртай, тагнуулч болохыг мөрөөдөж явсан Ваня хүү тулааны урлагаар хичээллэж 16 настайдаа бүх Оросын самбо, жүдо­гийн аваргаар тодорч байж.

Нийтийн байрны хули­гаануудыг хөнгөхөн сургачихдаг, үргэлж л энд тэндээ хөх болчихсон явдаг хүүгээ буруу замд оруулахгүйн тулд эцэг эх нь Ленинградын үлгэр жишээ хүүхдүүдийг бэлтгэх 281 дүгээр сургуульд суралцуулж улмаар хуулийн коллежид элсүүлжээ.

Оюутан байх үедээ жүдогийн тэмцээ­нүү­дэд алгасахгүй оролцож, өндөр амжилт тасралтгүй үзүүлж байсан В.Путиныг 1975 онд их сургуулиа төгсмөгц нь тэр үеийн алдарт ЗСБНХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ-д хуваарилан ажиллуулснаар түүний хүүхэд ахуй насны мөрөөдөл хэрэгжих нь тэр.

Чухамдаа тэрбээр ингэж л Зөвлөлтийн үлгэр жишээ иргэн, сөрөг тагнуулч болжээ. Нэг албан тушаалд жилээс илүү хугацаагаар тогтдоггүй, үргэлж дэвшиж байдаг В.Путин нэг л мэдэхэд ЗХУ-ын удирдагчийн албыг богино хугацаанд хашсан Ю.Андроповын туслахаар КГБ-д нэр хүндтэй алба хаших болсон гэдэг.

Сур­гуулийн ширээнээс КГБ-д элссэн залуу ту­лааны урлагийн бүхий л төрлөөр нарийвчлан хичээл­лэж өнөөг хүртэл үйл ажил­ла­гаагаа явуулсаар буй КГБ-ын сөрөх тагнуулын инс­титутэд суралцан герман хэл заалгажээ.

В.Путины албан намтарт дурьдагдаагүй хэдий ч тэрбээр сөнөөгч онгоц, танк зэрэг бүхий л зэвсэг техникийг гарамгай ашиглаж, ямар ч орчинд хүнд хэцүү даалгавруудыг биелүүлж чадахуйц, шаард­лагатай тохиолдолд дээд зэрэглэлийн хорлон сүйтгэх ажиллагааг өндөр ур чад­вартайгаар гүйцэтгэхэд суралцсан байна.

Путин герман хэлэндээ ус цас болс­ны дараа тэр үеийн Зүүн Герман буюу БНАГУ-ын Дрезден хотноо Зөвлөлт Германы найрамдлын ний­гэмлэгт Хэлстийн дарга буюу үнэн хэрэгтээ тус улсад үйл ажиллагаа явуул­­даг барууныхны таг­нуу­лын ажиллагаатай тэм­цэх үйл хэрэгт КГБ-ээс томилогдож, шинэ үеийн супер тагнуулчийн дүрээр очсон гэдэг.

В.Путин 1985-1990 онуудад Зүүн Германд амжилттай ажиллажээ. Өөрчлөлт шинэчлэлтийн салхи Зүүн Германыг ха­марч улмаар Орос оронд М.Горбачев өөрчлөн бай­гуулалт хийснээр В.Путин нутагтаа буцав. 1990 онд Ленинградад буцаж ирсний дараа Ленинградын улсын их сургуулийн захирлын Олон улсын харилцаа эрхэлсэн туслах, дараа нь Ленинград хотын зөвлөлийн даргын зөвлөх, Ленинград хотын захирагчийн албанд Гадаад харилцааны хорооны дарга, шинээр Санктпетрбург хэ­­мээн нэрлэгдсэн хотын Зас­­гийн газрын нэгдүгээр орлогч даргаар 1994 оны гуравдугаар сараас тус тус ажиллажээ.

КГБ-ын даал­гавраар гадаадад ажил­лаж явсан жинхэнэ тагнуулч хүнд баймаар хүйтэн харцтай түүнээс хүмүүс айдаг байж. Энэхүү айдсын хүчин зүйл нь ч түүний улстөрд дардан замаар өгсөхөд нөлөөлсөн нь дамжиггүй. Хотын за­хиргаанд ажиллах хугацаанд В.Путин Санкт­петрбург хо­тын гадаад харилцааг өргөт­гөн хөгжүүлэхэд нэлээд үр дүнтэй ажил хийсний дотор Санктпетрбургт анх удаа барууны хэд хэдэн орны банкны салбарыг нээжээ.

Мөн “Парнас” хэмээх гадаадын хөрөнгө оруулалтын бүс байгуулж, хамгийн түрүүнд “Кока Кола” компанийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийн анхны ээлжийг ашиглалтад оруулсан, мөн Санктпетрбург - Копенгагений кабелийн холбоог байгуулж, Санкт­петрбургийн их сургуульд олон улсын харилцааны факультетийг өөрийн санаа­чилгаар үүсгэн байгуулж байжээ.

1995 оны ОХУ-ын парламентын сонгуульд “Орос - бидний гэр” эвслийн бүсийн салбарыг удирдаж, 1996 онд Санктпетрбург хотын зөвлөлийн сонгуульд тэр үеийн хотын дарга А.Собчакийн сонгуулийн компанит ажлыг удирджээ.

Гэвч энэ удаа А.Собчак ялагдаж улмаар В.Путин хотын удирдлагаас хөөгдсөн нь түүний улстөрийн анхны ялагдалд тооцогддог. Энэ үед тэрбээр улстөрийн карье­­рыг нь дуусгах шахсан хүмүүстэй жинхэнэ КГБ-ийн тагнуулчийн ёсоор тооцоо хийсэн гэлцдэг. Тооцоо бодсоны дараагаар 1996 онд В.Путин Москвад шилжлээ. Энэ үед л түүний одоог хүртэл нууц хэвээр байдаг албан тушаалын үсрэлт гарсан гэнэ.

Тэрбээр 1996 оны наймдугаар сараас Оросын Ерөнхийлөгчийн хэрэг эрх­лэх газрын орлогч дар­гаар, 1997 оны гуравдугаар сараас Ерөн­­хий­лөгчийн засаг за­хир­­­гааны удирдагчийн орлогч дарга буюу ОХУ-ын Ерөнхийлөгчийн ерөн­хий хяналтын газрын даргаар ажиллажээ. Ерөн­хийлөгчийн хя­налтын газ­­рын даргаар ажиллаж байх үед В.Путины хийсэн цэрэг, батлан хамгаалахын чиглэлийн захиалга, түүний гүйцэтгэлтэй холбоотой хя­налт шалгалтын дүн­гээр тэр үеийн батлан хам­гаалах яамны сайд огцорч байсан түүхтэй.

Батлан хамгаалахын сайдаа огц­руулж дөнгөсөн залуу эр тэр үед л Б.Ельцины толгойд нэгийг бодуулж эхэлсэн болов уу. 1998 оны тавдугаар сараас тэр ОХУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргааны удирдагчийн нэгдүгээр орлогчоор томи­логдов. Тэр бүс нутгийн асуудал голлон эрхэлдэг байсан ба тэр үед түүнийг Кремль дахь хамгийн нэр нөлөө бүхий албан тушаалтны нэг гэж үздэг байв.

Дараа нь 1998 оны долдугаар сарын 25-наас КГБ-ийн залгамжлагч болох ОХУ-ын Аюулгүй байдлын холбооны албаны захирал, 1999 оны гуравдугаар сарын 26-наас ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдон ажил­лажээ.

Ийнхүү В.Путин Моск­вад шилжин ирснийхээ дараа гурван жилийн дотор ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын ажилт­наас ОХУ-ын Аюул­гүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга хүртэлх албан ту­шаалд дэвшин ажиллажээ. Орос гүрэн ганхаж шинэ оросын бизнесмэнүүд, мафийнхан, барууныхны нөлөөнд шалчийж эхэлсэн төрд В.Путин шиг ясны тагнуулчийн үүрэг их байсныг хэн нэгэн улстөрч анзаарсаар байсан.

В.Путин 1999 оны наймдугаар сарын 9-нд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ. Үүний дараагаар Ерөнхийлөгч Б.Ельцин олон нийтэд хандан телевизээр В.Путиныг өөрийнхөө залгамжлагч хэмээн зарласан байдаг. Чечень, Дагестан Оросоос салан тусгаарлахаар толгой өндийж Орос орны хувь заяа хэцүүдсэн нөхцөлд Б.Ельцины хийсэн сонголт В.Путин байсан юм.

Сонголт нь ч үнэхээр нүдээ олсныг тэр үеийн хэрэг явдлууд нотлон харуулсан. Владимир Владимирович Засгийн газ­рын тэргүүнээр ажиллах хугацаандаа Чечений са­лан тусгаарлагчдын зү­гээс Дагестанд хийсэн халд­лагад хатуу хариу ба­рих чигийг баримтлан, мөн тэдний зүгээс Москва болон Валгодонскт хийсэн дэлбэрэлтийн дараа Чечений зэвсэгт бүлэглэлийн эсрэг кампанит ажлыг эхлүүлжээ.

1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд Ерөнхийлөгч Б.Ельцин хугацаанаасаа өм­нө албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгсөн тул В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр то­ми­­логджээ. Б.Ельцин хэл­сэн үгэндээ “Орос орон шинэ мянганд шинэ улс төрчид, шинэ боловсон хүчин, шинэ ухаантай, эрч хүчтэй хүмүүстэй орох ёс­той” хэмээсэн нь чу­­хамдаа В.Путины тухай бай­­жээ. В.Путин 2000 оны гурав­дугаар сарын 27-нд болсон олон нийтийн сон­гуульд ялалт байгуулж, тав­дугаар сарын 7-нд төрийн тэргүүний суудалд суужээ.

Түүний улстөрийн өндөр албан тушаалын оргил үе нь ОХУ-ын ерөнхийлөгчийн 2000 оны болон 2004 оны сонгуулиар дараалсан хоёр удаагийн үнэмлэхүй ялалт байгуулж, найман жил ОХУ-ын төрийн тэргүүний өндөр албыг хашсан явдал юм. Өнөөдөр тэрбээр гурав дахь удаагаа ОХУ-ын төрийн тэргүүний үүргийг нэр төртэй хашиж, нэр хүнд нь ард түмнийхээ дунд ямагт 70-аас дээш хувьтай байсаар байгаа юм.

Түүнээс гадна тэрбээр энэ цаг үед дэлхийн геополитик, эдийн засаг, цэрэг улстөрийн хамгийн хүчирхэг удирдагч гэдгээ Сири, Украйны хэрэг явдал, дөнгөж саявтархан Казакстаны төрийн тэргүүн Н.Назарбаевт өгсөн хариу үгээрээ дэлхий нийтэд зарлан тунхагласаар л байгаа.

Газар зүйн байрлал талаасаа Оросын геополитик нь Еврази гэгч ойлголттой салшгүй холбоотой. ОХУ бол Европ-Ази тивийн нутаг дэвсгэрийг хамарсан асар том гүрэн. Энэ утгаараа Орос бол Евразийн эзэнт гүрэн. 1991 онд ЗХУ задран унаснаар эх гүрний байр сууриа алдсан.

Аварга гүрний буурийг сахиж үлдсэн оросууд хорин жилийн хугацаанд дотоод асуудлаа шийдвэрлэх, тамирдсан эдийн засгаа сэргээх гэж нэлээд зүдэрсэн ч өнөөдөр тэр цаг хойно хоцорсон. 1999 онд В.Путин засгийн эрхэнд гарснаар Орос дахин сэргэсэн. В.Путин үндэсний эдийн засгийг сэргээж, эрчим хүчний супер гүрэн гэдэг статустай болгосон.

Оросын армийн шинэтгэлийн хөтөлбөр эр­чимтэй үргэлжилж байна. Орчин үеийн өндөр хүчин чадалтай зэвсэг техник боловсруулах төсөлд ам. долларыг тэрбум тэрбумаар нь цацаж байна. Оросуудын ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдэж, үндсэрхэг үзэл нь ч газар авлаа. Евроазийг нэгтгэсэн аварга эзэнт гүр­нийг дахин сэргээх тухай ч яригдаж эхэлсэн. Эрдэмтэн судлаачдаас нь гадна Кремль ч өөрөө их гүрнийг дахин сэргээх тухай үзэл сурталд онцгой ач холбогдол өгдөг нь ойлгомжтой.

Владимир Путин бол ардчилагч ч биш, сталинист ч биш. Харин тэр чадварлаг геополитикч. В.Путин 2005 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Зөвлөлт Холбоот Улс задран унасан нь ХХ зуун дахь хамгийн аймшигтай геополитикийн гамшиг байсан гэжээ. 1994 онд ОХУ, Казахстан, Беларусийн төрийн тэр­гүүнүүд Евроазийн үзэл санааг хөгжүүлэх тухай саналыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан.

Тэгвэл энэ санаа тун удахгүй биелэлээ олох нь. 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Евразийн Холбоо нэртэй эвсэл байгуулагдах нь тодорхой болсон. Европын Холбоотой адил бүс нутгийн улс орнуудыг нэгтгэсэн хүчирхэг холбоо болно. Улстөрийн нийслэл нь Москва бөгөөд бүрэлдэхүүнд нь Орос, Беларус, Казахстан багтана.

Та­жикистан, Кыргызстан, Армен улсууд ч элсэнэ гэдгээ илэр­хийл­сэн бай­на. Хорин сая гаруй километр квадрат тал­байтай, 170 сая гаруй хүн амтай хүчирхэг холбоо удахгүй үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Евроази гэж нэрээ сольсон Оросын их геополитик тун удахгүй Ази тивийн зүрхэнд орших Монгол Улсын хаалгыг тогшино гэдэгт эргэлзэх шаардлагагүй болсон.

Түү­ний алгуурхан эхлэл нь В.Путины энэ удаагийн айлчлалаар тавигдахыг ч үгүйсгэх аргагүй. Хөрш, хөршөө сонгодоггүй ч ХХI зуунд мөнхийн хоёр хөрш­тэйгөө ямархуу харил­цаатай байхаа шийдэх түүхэн цаг үед бид амьдарч байна. В.Путины энэ удаагийн айлчлал энэ асуудалд то­дорхой хариулт өгөх нь ч дамжиггүй.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: