sonin.mn

Одоо ч Ливи бараг сөнөж байна. Би үнэндээ харамсдаг юм. Манайхан Муаммар Каддафыг их харгис хүн гэж бодоод байдаг юм. Энэ ч барууны суртал нэвтрүүлгийн нөлөө л дөө. Харьцангуй утгаар тэгж хэлж болох л байх. Монголоос бол хоёрхон хүн л түүнийг хараагаад байдаг юм. Гэхдээ Каддафи ард түмэндээ дэндүү хайртай байсан. Бас их ухаалаг хүн байсан юм. Үүнийг хялбархан нотолж болно. Зүгээр л статистик хэлэхэд л гараад ирнэ…

• М. Каддафын үед Ливид 1 хүнд ногдох ДНБ 14.000 орчим доллар байв.
• Өрхийн гишүүн тус бүрт улсаас жилд 1000 долларын тэтгэмж (дотац) олгоно.
• Ажилгүйдлийн тэтгэмж 730 доллар өгнө.
• Эмнэлгийн сувилагчийн цалин 1000 доллар болно.
• Шинээр төрсөн хүүхэд тутамд 7000 долларын тэтгэмж өгнө.
• Шинэ гэр бүл бологсдод байр авахад зориулж 64.000 доллар улсаас бэлэглэнэ.
• Хувийн бизнес эхлэхэд нь нэг удаагийн материаллаг тусламж 20.000 доллар тусална.
• Том хэмжээний татвар, хураамжийг бүрэн хориглоно.
• Боловсрол болон эрүүл мэндийн бүх үйлчилгээ үнэ төлбөргүй.
• Гадаадад боловсрол олох ба дадлага хийх бүх зардлыг улсаас даана.
• Бүх дэлгүүрийн сүлжээ олон хүүхэдтэй гэр бүлд хүнсний үндсэн бүтээгдэхүүнийг бэлэгдлийн үнээр зарна.
• Хугацаа дууссан бүтээгдэхүүн зарвал их хэмжээний торгууль төлөхөөс гадна тусгай цагдаа баривчилна.
• Зарим аптек үнэ төлбөргүй эмээр үйлчилнэ.
• Эм хуурамчаар үйлдвэл цаазаар авна.
• Байрны хөлс гэж байхгүй, тийм зүйл төлдөггүй.
• Цахилгааны төлбөр гэж байхгүй, тийм зүйл төлдөггүй.
• Спиртийн төрлийн ундаа зарах, хэрэглэхийг хориглоно, “хуурай” хуультай.
• Автомашин болон байр худалдан авахад банкны зээл хүүгүй.
• Риэлтерийн үйлчилгээг хориглосон.
• Автомашин худалдан авсан иргэнд үнийн 50%-ийг, ардын сайн дурын цэргийнхэнд 65%-ийг улсаас төлнө.
• Бензин уснаас хямд, 1 литр бензин 0,14 доллар байв.

Ливийн хувьсгал ялах үед хүн амын 73% бичиг үсэггүй байв. 1977 он гэхэд хүн амын 51% бичиг үсэгтэн болсон ба 2009 онд 86,8% болж нэмэгдсэн. 1968 оны хувьсгалын дараах 10 жилийн дотор Ливид 220 номын сан, 25 мэдлэг дэлгэрүүлэх төв, 20 соёлын төв, 40 спортын клуб нээгдсэн. 1970-1980 онд 180.000 байр барьж хүн амын 80 хувийг орон байртай болгосон. Дөнгөж саяхан элсэн цөлд тэмээтэй нүүж явсан ард түмнийг тэр ингэж өөрчилж чадсан юм.

Энэ бүхнийг Каддафи нефтээс олж ард түмэндээ ингэж хуваарилж байсан юм. Үүнийгээ Каддафи “арабын социализм” гэж нэрлэдэг байсан. Өөрөө онолыг нь хүртэл зохиосон гэж байгаа. Саяхан түүний дэлхийд алдартай “Ногоон ном”-ыг МОНЦАМЭ монгол хэлээр орчуулж гаргасан нь сайн хэрэг. Сонирхуулахад түүний онолд Оросын анархист Кропоткин, Бакунин нараас авсан санаа их байдаг юм.

Ийм байхад ливичүүд ардчилал гэж давхих, либерал болж өрсөлдөх онцгой шаардлага байгаагүй юм !!! Бурхан тэнгэр ийм баялаг заяасан байхад зүгээр л шударга хуваарилах (хуваах биш шүү-Х.Д.Г.) шаардлага гарсан юм.

Ингээд юу болсон, юу болгосныг бүгдээрээ мэдэж байгаа. Каддафийн үед ливичүүд диваажинд байсан гэж дүгнэж болохгүй авч одооных шиг тамд байгаагүй нь мэдээж хэрэг…

Улмаар Монгол шиг улс баялгаа хэрхэн хуваарилах (бас л хуваах, хулгайлах биш шүү-Х.Д.Г.) вэ гэхчлэн мөн ч олон юм бодож болно л доо. Энд чинь ухаалаг төр мөр гээд “онолдоод” солиороод байх хэрэг ердөө байхгүй, уг нь ухаантайхан эмээгийн л хийдэг ажил байхгүй юу…

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог

 

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?