sonin.mn

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын мэдээ хуучирч амжаагүй байхад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлах гэж байна. Хоёр их гүрний Төрийн тэргүүний шил шилээ дарсан айлчлал Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ талаар олон улсын тоймч Ш.Гантулгатай ярилцлаа.

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Ер нь Орос, Хятад Улс хоорондоо түнжин хагараагүй бол Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж чадахгүй байсан байж мэднэ шүү. Энэ хоёр аварга хөршийн харилцаа сайжрах тусам манай улсын хувь заяа муугаар эргэх тийшээ ханддаг.

Яг ийм эгзэгтэй мөчид В.Путиний айлчлал тохиож байна. БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалаас хойд хөршийн Төрийн тэргүүний айлчлал илүү ач холбогдолтой гэж харж байна. Учир нь Хятадын хувьд хөрөнгө, цаг хугацаа, эдийн засаг байна. Манайд аж үйлдвэр хөгжөөгүй учраас урд хөршийн хямд бараа бүтээгдэхүүнээр гол зогоож байна шүү дээ.

Манай хоёр хөршийн удирдагчийн гол ялгаа нь Си Зиньпин даргад цаг хугацаа хангалттай байгаа. Харин В.Путинд энэ баялаг тун хязгаарлагдмал байгаа юм. Энэ удаагийн айлчлалаар манай улсын хувь заяаг эргүүлэх маш чухал шийдвэрийг зоригтой гаргаж магадгүй.

Ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь Монголын төрийг түшилцэж байгаа эрхмүүд айлчлалын ач холбогдлыг хэр ухаж, ойлгож байгаагаас шалтгаална. Хойд хөршийн удирдагч манайд дахин давтагдашгүй, онцгой, түүхэн айлчлал хийж байгааг ойлгохгүй бол В.Путин тун аюултай шийдвэр гаргаж мэдэх юм.

-Та “Аюултай шийдвэр гаргаж мэднэ” гэлээ. Тухайлбал, ямар шийдвэр байж болох вэ?
-Хамгийн аюултай нь оросууд биднийг орхиж магадгүй. Манайх гурав дахь хөршийн бодлого баримталж байгаа. Өөрөөр хэлбэл, төвийг сахисан бодлого гэсэн үг. Ер нь гадаад бодлого гэдэг чинь хэдэн оронд айлчлал хийснээр хэмжигдэх эд биш шүү дээ. Манай улсын хувь заяа хойд хөршөөс хамааралтай явж ирсэн. Одоо Ерөнхийлөгч В.Путин Халх голын ялалтын ойг тохиолдуулан айлчилж байгаа шүү дээ.

Тэгэхээр монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн нь харагдаж байгаа юм. Түүний ачаар бид өдий зэрэгтээ явна. Манай өвөг дээдэс гартаа мод барьж байлдаагүй нь мэдээж. Оросуудын өгсөн зэр зэвсгээр ч байлдаж байсан.

Тиймээс Оростой тогтоосон бидний харилцаа холбоо эртний түүхтэй. Ер нь үүнийг хөнгөлөлттэй зээл, хамтарсан төсөл төдийхнөөр хэмжих аргагүй. Учир нь манай улсын тусгаар тогтнол, хувь заяатай холбоотой харилцаа байгаа юм. Анх удаа Орос Монголыг орхиж мэдэх нөхцөл байдал үүсчихээд байна. Сүүлийн 20-иод жилийн турш манайх гурав дахь хөршийн бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш Оросын Монгол дахь нөлөө улам бүр хумигдсан.

Товчхондоо оросуудад манай улсад сонирхоод байх зүйл үлдсэнгүй. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, хувь нийлүүлсэн төмөр замыг эс тооцвол нэрлэх зүйл бараг байхгүй. Харин одоо хоёр хөрш маань хоорондоо гар барихаас өөр аргагүй байдалд орж байна. Үүнийг би олон улсын тоймчийн хувьд дэлхийн түүхийн онцгой үйл явдал гэж дүгнэж байна.

Орос, Хятад гэх хоёр их гүрэн хэн, хэнээсээ гуйх шаардлага гардаггүй учраас өмнө нь ойртож нөхөрлөдөггүй байсан. Яагаад ийм онцгой үйл явдал болж байна вэ гэхээр Орос, Хятад хоёр өөрөөс нь илүү хүчтэй гүрэнтэй хүч үзэлцэх гэж байна.

Үүнийг бид ойлгох хэрэгтэй. Ер нь манайх гурав дахь хөршийн бодлогоо эргэж харах цаг болсон. Ийм нэр томъёог хэлэхэд ч аюултай болж байна. Учир нь Монгол Хятад, Оросын ар тал болж байна гэсэн үг.

-Манай улс мөнхийн хоёр хөрштэй учраас гурав дахь хөршийн бодлого баримталж, НҮБ-д гишүүнээр элссэн орнуудтай дипломат харилцаа тогтоох нь Монголын тусгаар тогтнолын бас нэгэн баталгаа болно гэж харж байгаа. Гэтэл та өөр бодолтой байдаг бололтой. Яагаад тэр вэ?
-“Гурав дахь хөршийн бодлого баримтлах юм бол манай улсын тусгаар тогтнол бэхжинэ” гэж олон хүн боддог. Дэлхий нийтийн геополитик өөрчлөгдөж байгаа энэ үед гурав дахь хөршийн бодлого ашиггүй гэдгийг нэг л сайн анзаарахгүй байх шиг. Дэлхийн номер нэг АНУ гэх хүчтэн байр сууриа аажмаар алдаж эхэлж байна. Мэдээж, америкчууд байр сууриа зүгээр тавьж өгөхгүй нь ойлгомжтой. Тэмцэж эхлээд байна.

АНУ-ын гол өрсөлдөгч Хятад, ОХУ болчихоод байна. 2014 он гарснаас хойш В.Путин Ерөнхийлөгчийн хувьд тун хүнд өдрүүд болж байна. Сочийн өвлийн олимпийг аюулгүй зохион байгуулах гэж нэлээд хичээл зүтгэл гаргасан. Дараа нь хөрш зэргэлдээ Украинд яг Сирид үүссэн шиг иргэний дайны нөхцөл байдал үүссэн. Украин уур бухимдалдаа галзуурсандаа ийм үйл явдал болж байгаа юм биш.

Цаанаас нь Америк өдөөн хатгаснаас үүдсэн хэрэг. Тэгэхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд айлчлахдаа нуруундаа үүрсэн энэ ачаагаа орхиод ирэхгүй нь ойлгомжтой. Монголд хийх бүхий л яриа, хэлэлцээр 2014 оноос хойш болж өнгөрсөн үйл явдлын толины тусгал байх болно.

-Та ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг “Дахин давтагдашгүй, түүхэн, Си Зиньпиний айлчлалаас ч илүү ач холбогдолтой байж магадгүй” гэж хэлсэн. Яагаад ингэж дүгнэхэд хүрэв ээ?
-Ерөнхийлөгч В.Путинд манай улсад дахин айлчлах цаг хугацаа гарахгүй байж магадгүй. Учир нь дотоодод үүссэн нөхцөл байдлаас болоод ширүүн тэмцэлд орчихоод байна. В.Путиний хувьд Хятад цорын ганц холбоотон болж байна. Тэгэхээр Монголын асуудлаар хүссэн хүсээгүй ч Хятадтай санал солилцох шаардлага үүсч байна гэсэн үг л дээ.

Яг үнэндээ Монголын тусгаар тогтнол хоёр хөршийн тэмцлийн үр дүнд баталгаажиж байсан. Хятад Улсын Монголын талаар баримтлах бодлого 1921 оноос хойш огтхон ч өөрчлөгдөөгүй. Хятадын даргаас нь гуйлгачин хүртэл “Монгол бол Хятадын нэг хэсэг. Тиймээс хэзээ нэгэн цагт бүрэлдэхүүндээ авах ёстой” гэсэн нийтлэг бодолтой байдаг. Хятадын төрийн далбаан дээр хүртэл таван од байдгийн нэг нь Монгол гэж ярих нь бий.

-Ерөнхийлөгч В.Путиний айлчлалын эдийн засгийн үр ашгийг хэрхэн харж байна вэ?
-Украины асуудлаас болоод барууны зарим орон, Европын холбоо ОХУ-д эдийн засгийн хориг тавьсан. Үүний эсрэг хойд хөрш Европын холбооны гишүүн 28 улс болон АНУ, Австрали, Норвеги зэрэг орнуудын эсрэг хүнсний хориг арга хэмжээ авлаа. Энэ нь эдгээр орноос хүний амаар ордог бүхий л хүнсний бүтээгдэхүүнийг оруулахгүй гэсэн үг шүү дээ. Австралиас ОХУ мах, махан бүтээгдэхүүн авч чадахгүй болсон учраас энэ хэрэгцээг нөхөх шаардлагатай.

Ингэснээр манайд ашигтай тал үүсч байна. Турк гэхэд Оросын зах зээлд орохын тулд маш их хүчин чармайлт гаргаж байна. Манайд хойд хөршдөө мах нийлүүлэх ахин олдохгүй алтан боломж гарч байна. Сүүлийн 20-иод жилийн турш манай улс хойд хөршид мах нийлүүлж чадаагүй. Энэ бол цэвэр манайхны арчаагүй байгаагийн илрэл. Манай мал шүлхий өвчинд нэрвэгдэх болсон. Оросууд хэчнээн өлссөн ч шүлхийтэй малын мах авч идэхгүй шүү. Ер нь хаа хаанаа эдийн засгийн үр ашгийг нь олж харчихаад байгаа.

Гэвч эдийн засгаас илүүтэй тусгаар тогтнол гэж үнэт зүйл байгааг мартаж болохгүй. Бид тусгаар тогтносон учраас залхуу байж сайхан амьдарч, газрын доорх баялгаа хэнээр ч хамааралгүй ухаж байна шүү дээ. Тэгэхээр тусгаар тогтнолоо хадгалахын тулд Оросын хажуу бөөрөнд бид наалдаад байгаа юм. Халх голын ялалтын ойг тохиолдуулан В.Путин айлчилж байна. Бид эртний түүхээ санах хэрэгтэй.

Манай өвөг дээдэс тусгаар тогтнолын үнэ цэнийг мэддэг байсан. Халх голын тулалдааныг янз бүрийн өнцгөөр тайлбарладаг ч энэ байлдаанд зөвлөлтийн олон цэрэг амиа алдсан. Тэр дундаа баатрууд маш сайн дивизүүд байсан шүү.

Сталин монголчуудыг аварч өмнө байгуулсан гэрээндээ үнэнч гэдгээ харуулахын тулд Оросын баатар хөвгүүдийн амь насыг золиосонд гаргасан. В.Путиний өмнө Сталины үеийнх шиг түүнд тулгарч байсантай адил асуулт урган гарч байна.

“Монголын төлөө Хятадтай муудалцах хэрэг байна уу, үгүй юү”, “Монголыг тэр чигт нь орхичихвол толгойны өвчнөөсөө салах юм биш үү” гэсэн бодол байгаа. Энэ айлчлалын үеэр хэрхэхээ шийднэ. Тиймээс энэ хувь заяаг эргүүлэх түүхэн ач холбогдолтой айлчлал болж байна.

-Таныхаар бид ямар алхам хийх ёстой вэ?
 -В.Путин ямар аюултай сонголтын өмнө тулж ирчихээд байгааг бид ойлгох хэрэгтэй. Гурав дахь хөршийн бодлогын улмаас бид занганд орж магадгүй. Яг Украин шиг нөхцөл байдалд орохыг үгүйсгэхгүй шүү дээ. Украины удирдагчид Монголын улстөрчдийн нэг адилхан чанар юу гээч. Тэд бүгд барууны ардчилалд хэт их итгэчихсэн байгаа.

Америкчуудад сайн хандаж байвал тэдний нөхцөл байдал дээрдэнэ гэж боддог. Гэтэл Украинаас харахад энэ тийм биш бололтой юм. Америкчуудын хувьд “Хүний гараар могой бариулж” өөрсдөдөө хохиролгүй өрөөлд хохиролтой байхаар ажиллаж байна. Иймээс Хятад, Оросыг тойрсон газруудад хямрал, иргэний дайны нөхцөл байдал үүсгэхийг барууны зарим орон хүсч байгааг бид ойлгох ёстой.

Тиймээс Америкийн бодлоготой хэдий их ойртож харилцана. Төдий хэмжээгээр хоёр хөрш маань биднийг хардаж эхэлнэ. Америк манайд хийхийг зөвлөөд байгаа шинэчлэл нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж мэдэх юм.

-Байгалийн хийн хоолойг манай улсаар дамжуулах талаар энэ удаагийн айлчлалаар ярилцах болов уу?
-Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах эсэх нь Орос манайд хэр зэрэг итгэдгээс шалтгаална. Газрын тос болон байгалийн хийн хоолойг найдвартай газраар дамжуулахыг бодно шүү дээ. Орос Улс Украинаар дамжуулж хийн хоолойгоо тавьснаас болоод маш хүнд байдалд орлоо.

Өөрөөр хэлбэл, Украин өөрийнх нь нутаг дэвсгэрээр дамжсан байгалийн хийн хоолойг хаана гэж айлгаад улс төрийн давуу шийдвэр гаргуулсан тохиолдол бий. Дахиж нэг Украинтай болохыг ОХУ хүсэхгүй байж мэдэх юм. Энэ хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулахын тулд эрх баригчид хэтэрхий том амлалт, барьцаа өгөхвий гэдэгт би санаа зовж байна.

Би дээр ч хэлсэн эдийн засгийн ашигтай харилцаанаас илүүтэй тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлаа яаж хамгаалах вэ гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Манай үндсэрхэг үзэлтнүүд Хятад, Оросын байр суурийг адилхан гэж тооцож байна. Орос Улс ямар ч тохиолдолд Монголыг тусгаар байлгасан нь дээр гэж үздэг. Харин Хятад Улс манайхыг бүрэлдэхүүндээ авна гэж боддог.

-БНХАУ дарга Си Зиньпин УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлэхдээ Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ. Хөрш орнууд руугаа довтлохгүй, газар нутгаа тэлэх бодлого хэрэгжүүлэхгүй гэдгээ зарласан шүү дээ. Харин та үүнийг үгүйсгээд байх шиг?
-Хятад Улс Монголын тусгаар тогтнолыг хүндэтгэж байгаа цорын ганц шалтгаан бол хажууд нь Орос байгаа явдал. Хэрвээ Орос Улстай харилцаа хөндийрвөл урд хөршид таатай байдал үүснэ. Тэр үед бид хэлсэн болгоныг нь үг дуугүй биелүүлэхээс өөр сонголт байхгүй. Си Зиньпин Монголын тусгаар тогтнолыг хүндэтгэнэ гэсэн нь Оростой байр сууриа нэгтгээгүй байгааг харуулж байна.

Түүнээс биш хятад хүн болгоны хүлээн зөвшөөрдөг байр суурийг илэрхийлж байгаа юм биш. Хятад хүчтэй болохоороо байр сууриа эрс өөрчилдөг. Жишээ нь, хоёр гурван сая хүн амтай Монгол Улс байтугай 90 сая хүн амтай Вьетнамтай яаж харилцаж байгааг 2014 оны үйл явдлаас харж болохоор байна. Тэгэхээр Монголын тусгаар тогтнол гэж зоригтой ярих ч арга байхгүй.

-ОХУ-ын Ерөнхийлөгч 13 жилийн дараа Монголыг зорих болсон нь улс төрийн гадаад хүчин зүйлтэй холбоотой юу эсвэл өөр шалтгаан байв уу?
-ОХУ, АНУ хоёр 2014 он гарснаас хойш бараг л хүйтэн дайны байдалд орчихлоо. Орос, Хятад хоёр хоорондоо эдийн засаг болон цэргийн чиглэлээр нэгдэж байна. Саяхан БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт боллоо.

Үүгээр БРИКС-ийн орнуудын Төв банкийг байгуулах боллоо. Ингэснээр америк долларын эсрэг арга хэмжээ авч байна. Үндэсний мөнгөн тэмдэгт нь суларч эхэлбэл тухайн орны хүч чадал ч багасч эхэлнэ гэж бодсон байх л даа. Монголчууд өөрсдийгөө Ази тивийн цорын ганц үлгэр жишээ ардчилсан орон, АНУ-ын үнэнч холбоотон учраас энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа гэдгээ зарлаж байгаа. Энэ нь манай хоёр хөршийн хувьд “Бид танай дайсан” гэж духан дээрээ бичсэнээс ялгаагүй.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д гишүүнээр элсэх талаар ярих болов уу?
-Манай улс энэ байгууллагад элсэхээс өөр аргагүй болох байх. Гэхдээ энд орохоос өмнө В.Путиний санаачилсан гаалийн нэгдсэн холбоонд орох хэрэгтэй болно.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: