sonin.mn

УЛААН-ҮД. /Itar-Tass/. Буриад улсын Улаан-Үд хотын мах комбинатад боловсруулах зорилгоор Монголтой махны худалдаагаа сэргээхэд бэлэн гэж тус бүгд найрамдах улсын тэргүүн Вячеслав Навогицын Монголын Улсын Их Хурлын төлөөлөгчтэй даваа гарагт уулзахдаа мэдээлжээ.

“Буриад болон Монгол хоорондын харилцаа нь дэлхийн үйл явдалтай хөл нийлүүлэн шинэ түвшинд гарах ёстой. Монголоос мах авах асуудлыг бид Оросын Засгийн газарт тавина. Буриад улс Монголоос мах авдаг, манай махны үйлдвэрийн гол түүхий эдийг Монголоос нийлүүлдэг байсан түүхтэй.

Дараа нь махны нийлүүлэлт зогсож, Австрали, Голланд, Беларусиас мах оруулдаг болсон. Үйлдвэрийнхээ боловсруулах хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд бид газар газраас мах авч байна. Монголоос авдаг махны хэмжээгээ нэмэгдүүлэх асуудлыг ойрын үед шийднэ гэдэгт би итгэлтэй байна” гэж Наговицын хэллээ.

Монголын парламентын дэд дарга Л.Цог үүний хариуд Буриадын төрийн тэргүүний саналыг дэмжээд, Монгол болон Буриад улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломж бий гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

“Монголоос мах, Буриадаас мод, модон материал нийлүүлэх зэрэг хөдөө аж ахуйн салбар дахь уламжлалт харилцаагаа бид сэргээх ёстой” гэж тэрбээр хэлээд, Монгол, Оросын хамтын ажиллагаа өргөжин тэлэх боломжтойг тэмдэглэжээ. “Сүүлийн үед бидний уламжлалт харилцаа бүх салбарт идэвхжиж байна” гэж Л.Цог онцлон тэмдэглэсэн байна.

Буриадын Эдийн засгийн яамны мэдээлснээр, өнгөрсөн оны байдлаар тус улсын гадаад худалдааны зургаа дахь түнш нь Монгол байсан бөгөөд тодруулбал, экспортод зургадугаарт, импортод дөрөвдүгээрт орсон байна. Харин Буриадаас Монголд нийлүүлж буй бараа, бүтээгдэхүүний хэмжээ 2013 онд 36,6 сая доллар болсон бол импортын хэмжээ бараг хоёр дахин өсч, 5,6 сая долларт хүрсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг