sonin.mn

Монгол Улсад айлчилж байгаа Бүгд найрамдах Турк улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Муаммер Туркер тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.

Уулзалтын үеэр Туркийн ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Муаммер Туркер өнө эртний түүхтэй Монгол, Туркийн харилцаа өнөөдөр бүх талаар амжилттай хөгжиж байгааг онцоллоо. Ялангуяа Батлан хамгаалах болон Аюулгүй байдлын харилцаа эрчимтэй хөгжиж буйг тэмдэглээд хоёр тал эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын харилцааг илүү эрчимжүүлэх нь чухал байгааг тэмдэглэв.

Бүгд найрамдах Турк улсын “Туркиш Эйрлайн” авиа компани Турк, Монголын хооронд шууд нислэг үйлдэж эхэлснийг том алхам болсон хэмээн үнэлээд цаг зав гарган хүлээж авсан Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Турк улсад айлчлахыг мөн урилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу талархал илэрхийлээд “Туркийн Ерөнхий сайд асан Т.Эрдоан Ерөнхийлөгчөөр сонгогдон тангаргаа өргөсөн баярт үйл явдлын үеэр та бүхэн Монголд айлчлан ирсэн нь чухал юм. Т.Эрдоан Ерөнхийлөгч өмнө нь Ерөнхий сайд байхдаа Монгол Улсад хоёр удаа айлчлан ирж байсан нь хоёр орны харилцаанд ямар их ач холбогдол өгдгийг харуулж байдаг юм.

Ирэх бүртээ ноён Т.Эрдоан тодорхой асуудал шийдэж байсан. Ерөнхийлөгч Т.Эрдоанд миний халуун дотно мэндийг хүргээрэй. Мөн тааламжтай үедээ Монгол Улсад Ерөнхийлөгчийн хувиар төрийн айлчлал хийхийг урьж байна” гэлээ.

Тэрээр мөн хоёр орны Батлан хамгаалахын болон Аюулгүй байдлын харилцаа сайн байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.