sonin.mn

Эрчим хүчний сайд М.Сономпил, эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Баярбаатар, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал н.Пүрэвжав тэргүүтэй албаны хүмүүс өнгөрөгч пүрэв гарагт Говьсүмбэр аймгийн Шивээ овоогийн нүүрсний уурхай болон Дорноговь аймгийн Сайншанд сумын ЦТСС компаний үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Сайдыг аймгийн засаг дарга П.Ганхуяг, Чандмань илч ХХК-ний захирал Б.Лхагва тэргүүтэй албаны хүмүүс Шивээ овоогийн нүүрсний уурхай дээр угтан авсан юм. Энэ үеэр Аймгийн засаг дарга П.Ганхуяг, Чандмань Илч ОНӨХХК-ний захирал Б.Лхагва нар Шивээ овоо ХХК-ний удирдлагуудтай уулзаж энэ өвлийн нүүрсний хэрэглээнийхээ талаар ярилцаж зөвшилцлөө.

Мөн Аймгийн Засаг дарга П.Ганхуяг Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн бакны буцалтгүй тусламжаар Дорноговь аймагт хэрэгжиж буй Сайншанд Замын –Үүдийн инженерийн шугам сүлжээг сайжруулах төсөл, Сайншанд сумын шинэ суурьшлын бүсийн 8,5 мВт ийн дулааны цахилгаан станц барих ажлын явц болон нийт шугам сүлжээний ажил 70 % тай явж байгаа талаар танилцууллаа. Энэхүү ажил хийгдсэнээр Дорноговь аймаг ойрын 50 жилдээ цэвэр бохир ус болон дулааны шугам сүлжээнд санаа зовох асуудалгүй болох юм.

Дорноговь аймгийн хувьд Хатанбулаг, Мандах сумд сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа хангадаг ч жил ирэх бүр цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, төвийн бүсийн эрчим хүчинд холбох зайлшгүй шаардлагатай байгааг танилцуулж төвийн эрчим хүчинд холбох асуудлыг тавив.

Чандмань Илч ОНӨХХК-ний дулааны 2 зуухыг шинэчлэх ажилд 2 тэрбум төгрөг шаардлагтай байгааг уламжилж 2015 оны төсөвт тусган өгөхийг хүсэв. Тэрээр 2015 оны төсөвт уг 2 сумыг төвийн эрчим хүчтэй холбох ажилд санхүүжилт шийдэж байгаагаа болон зарим тулгамдсан асуудлаас шийдэх боломжийн талаар судлана гэдгийг хэллээ.

Эрчим хүчний сайд М.Сономпил Замын-Үүд суманд 8 сарын 29-ний өдөр ажиллаж Замын-Үүд сумын чөлөөт бүсийн дэд бүтэц төслийн удирдлага, дулааны станц, дэд станцын барилга угсралтын ажлын явцтай танилцаж заавар өгөв. Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил сайн хангагдаж байгаа талаар Сайд М.Сономпил сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагандаа дурдаж байлаа.