sonin.mn

Хөдөө, аж ахуйн хоршоологчдын улсын зөвлөгөөн энэ сарын 15-16-нд Баянхонгор аймгийн Галуут суманд боллоо. Орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад өндөр үүрэгтэй оролцдог хоршоологчид энэ удаад төр, хоршооллын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд голчлон анхаарлаа хандуулсан бөгөөд улсын зөвлөгөөн анх удаа засаг, захиргааны хамгийн бага нэгжид зохион байгуулагдсан нь хоршооллыг сурталчлах, хоршооллын үйл ажиллагааг хурдасгах малчин өрх рүү чиглүүлэх, харилцан туршлага судлах зэрэг олон давуу талтай хэмээн зөвлөгөөнийг зохион байгуулагчид онцолж байна.

Зөвлөгөөнд ҮХАА-н Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарын дарга Н.Ганибал болон холбогдох төлөөлөлүүд 20-н аймгийн хөдөө, аж ахуй (ХАА)-н хоршооллын 200 гаруй төлөөлөгч оролцож, санхүүгийн болон хоршоолол эрхлэх байр, сууцны асуудал хүндрэлтэй биш ч арга техникийн хувьд ихээхэн хоцрогдолтой байгаа гэдгийг хэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүнээ хэрхэн боловсруулж, зах зээлд өндөр үнэтэй бөгөөд ашиг шимтэйгээр зарж борлуулах, эцэст нь малчид түүнээсээ хувь хүртэх тогтолцоог сайжруулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байна. Мөн төрийн зүгээс хоршоодыг дэмжих, малчид, тариаланчдын орлогыг тогтворжуулах, брокер ченжийн хооронд арилжаа хийгдэж, малчид, хоршоодын оролцоог хязгаарлаж байгаа зэрэг наад захын асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй гэдгийг онцолсон юм.
“ХАА-н хоршоололд анхаарч эхэлсэн”

Хөдөлмөрийн яамны гаргасан тоон судалгаагаар өнгөрсөн оны байдлаар 3000 гаруй хоршоо, 58 мянга гаруй хоршооны гишүүн байгаагаас ХАА-н салбарын хоршоологчид 15 мянга орчим гишүүнтэйгээр санхүүгийн хоршооны араас бичигдэж байна. Мал, аж ахуй зонхилох манай улсын хувьд малчид дотоодын нийт бүтээгдэхүүний өчүүхэн бага хэсгийг бүрдүүлж байгаа ч энэ нь орон нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний нилээдгүй хувийг эзэлдэг юм.

Тухайлбал, ХАА-н хоршоодын улсын зөвлөгөөнийг зохион байгуулсан Баянхонгор аймаг нь гурван сая орчим толгой малтай, нийт 23 мянга гаруй өрхийн 48.3 хувь нь малчин байна. Харин аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн болох 238 тэрбум төгрөгийн 130-н тэрбумыг нь мал, аж ахуйн салбараас бүрдүүлдэг аж. Бараг 50 орчим хувийг нь ХАА-н салбар бүрдүүлж байгаа энэ үзүүлэлтээс иш татвал ХАА нь тухайн бүс нутгийнхаа нийгэм, эдийн засгийг тэтгэж байгаа гол салбар хэвээр байгаа нь ажиглагдах юм.

Тэр утгаараа ч аймаг, сумдын засаг дарга нар ХАА-н хоршоод руу чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлж эхэлсэн аж. Энэ нь тархай, бутархай малчдыг буюу олон жижиглэнгийн “худалдааг” нийлүүлж, нэг том зах зээл болгох, эдийн засгийн хүндрэлтэй үед хоршооллын системээр түүнийг даван туулах, цаашлаад орон нутгийн зах зээлийг зангидаж чадсанаар шууд улсын зах зээлтэй харьцах хүртэл зорилго тавин ажиллаж байгаа юм байна. Харин ингэхэд төрийн бодлогын болон хоршоологчдын зүгээс дутагдаж байгаа хэд, хэдэн асуудал байгаа гэнэ.

Энэ талаар Монголын хөдөө, аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Хоршооны тухай хуулийг 1997 онд УИХ-аар хэлэлцэн баталсан гэхээр 20 орчим жил болж. Энэ хооронд Монголын нийгэмд асар их өөрчлөлт гарлаа. Хүмүүсийн бодож, сэтгэж байгаа зүйлд ч гэсэн өөрчлөлт гарсан. Монгол Улс ч дэлхий дахинд өөрсдийн гэсэн байр суурийг эзлээд байна.

Энэ хэрээр хоршоо, хоршоологчдын үйл ажиллагаанд асар том далайцтай өөрчлөлт бий болсон. Өмнө нь хэрхэн амьдрах вэ гэдэг байсан бол өдгөө хүчирхэг том аж, ахуй нэгжүүд болчихоод өнөөдөр улсын зөвлөгөөнөө хийж байна. Тиймээс эдгээр хоршоологчдыг дэмжихийн тулд хууль, эрхзүйн орчноо сайжруулах хэрэгтэй гэж юуны өмнө үзэж байгаа.

Дараа нь хоршоологчдод үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад хөрөнгө санхүүгийн туслалцаа хэрэгтэй байна. Нэг компани арилжааны банканд очоод зээл авахад асуудал гарахгүй. Учир нь тэр компани нэг юмуу хоёр хүний өмч. Харин хоршоо бол олон хүний өмч. Энэ нь зээл авахад банк “бүх гишүүдийнхээ зөвшөөрлийг авчир” гэх шаардлага тавих үндэслэл болдог.

Тиймээс хоршоологчдод тохирсон өвөрмөц санхүүжилтийн тогтолцоо хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Энэ үүднээсээ Х.Баттулга гишүүн Үйлдвэр, хөдөө аж, ахуйн сайдаар ажиллаж байхдаа гаргасан том төсөл бий. Энэ төсөлд бид маш их найдлага тавьж байна. Өөрөөр хэлбэл, малчин өрх хоршоо болно. Хоршоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хөдөө аж, ахуйн биржээр дамжуулж борлуулна.

Үүний дараа биржээр дамжсан бүтээгдэхүүнээ мал, аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрт (үйлдвэр төслийн хэмжээнд яригдаж байгаа) нийлүүлж, эцсийн бүтээгдэхүүн болгох зорилготой.

Харин эцсийн бүтээгдэхүүнийг экпортод гаргаж, ашиг орлогыг нийт ард түмэн хүртэх ёстой гэсэн энэ бүдүүвч хэрэгжиж эхэлбэл манай хоршоодод их хэрэгтэй зүйл болох гээд байгаа юм. Тиймээс иймэрхүү томоохон төсөл хөтөлбөрүүдэд Засгийн газраас хөрөнгө мөнгө зарцуулж, бодлогоор дэмжих тал дээр анхаарах нь зөв гэж үзэж байгаа” гэдгээ илэрхийлсэн юм.

Харин Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан “Хоршоолол бол нэгдэлч хөдөлгөөнөөс үүссэн. Нийтээрээ нийлээд нэг зорилгын төлөө ажиллаж байсан зүйл. Харин зах зээлд шилжсэнээс хойш амь, амиа бодоорой гэдэг шиг зүйл болсон шүү дээ. Сүүлийн жилүүдэд хамтарч нийлж, хоршиж ажиллах тал дээр бид үр дүнд хүрч байгаа. Гэвч үүнийг улам сайжруулах нь жам ёсны асуудал болоод байна.

Нэг дор цугларсных арга туршлагаа ярилцаж, зах зээлээ хэрхэн бүрдүүлж, зарим зах зээлийг хэрхэн нөхөх тал дээр харилцан туршлага судлах хэрэгтэй. Жишээлбэл, манай аймгийн хоршоологчдын хийсэн бараа бүтээгдэхүүн аймгийнхаа зах зээлийн эрэлтийн хэмжээнээс давсан. Тиймээс Өмнөговь ч юм уу, цагаан идээний эрэлт ихтэй зах зээлийг судалж, харилцан бараа бүтээгдэхүүнээ борлуулах тал дээр хамтран ажиллах хэрэгтэй юм” гэсэн байр суурьтай байв.