sonin.mn

БЭЭЖИН. /china/. Хятад, Оросын хөрш орон болох Монгол Улс сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байгаа нь Хятадын тэргүүн Си Зиньпин наймдугаар сарын 21-22 хооронд Улаанбаатарт айлчилсан, хоёр долоо хоногийн дараа Оросын Ерөнхийлөгч В.Путин мөн энэ улсад айлчлах гэж байгаатай холбоотой юм.

Хүмүүсийн мэдэж байгаагаар, нэг сая 600 мянга орчим хавтгай дөрвөлжин км газар нутагтай Монгол Улс далайд гарцгүй ч энэ нь түүний Ази, Европын эх газрын туйлын чухал геополитик, стратегийн байр суурьт нь харшлаагүй юм. Си Зиньпин, Путин хоёр ар араасаа Монголд айлчилж байгаа нь Хятад, Оросын стратеги нийлж байгааг харуулж байна гэж судлаачид үзэж байна.

Нэгэн тодорхой онцлогийг нь дурдвал, тэд Монголд дан ганцаар айлчилж байгаа биш, олон оронд дараалан айлчлахдаа дайран өнгөрч байгаа ч юм биш. Энэ нь Хятад, Оросын анхаарч буй асуудал бол Монголд айлчлах нь тэдгээр улс орнуудын эрх ашиг, нөлөөлөх хүч юм гэдгийг хангалттай тайлбарлаж өгч байна.

Сүүлийн үед АНУ Украины хямралаас болж Орост хориг арга хэмжээ авч, мөн Өмнөд тэнгис, Зүүн тэнгисийн асуудлаас болж Хятад руу олны анхаарлыг хандуулсан нь Хятад, Оросыг хамтран эвсэх замд “шахаж” оруулсан юм. Энэ удаагийн Си Зиньпин, Путины Монголд хийж буй айлчлал нь зориудаар ярилцан тохирч зохион байгуулаагүй ч наанадаж л олон талын зохицуулалтын үр дүн бөгөөд их, бага ямар нэг хэмжээгээр Хятад, Оросын Монголын талаар баримтлах стратеги бодлого нь ижил юм гэдгийг  харуулж байна.

Мөн Хятад, Орос хоёр гар гараасаа барилцаад Америк, Японыг эсэргүүцэж байгаа санааг ч илэрхийлж байгаа юм. Өнөөгийн олон улсын улс төр дэх Америкийн байр суурьтай хүч үзэлцэх  орнууд нь Хятад, Орос байж болох юм, харин Япон, Европын Холбооны аль нэгэн улс, Энэтхэг, Бразил зэрэг орон үүнийг хийхгүй нь ойлгомжтой юм. Зөвхөн хоёрхон хөрш оронтой Монгол Улс түүхэндээ Хятад, Орос хоёр том гүрний хоорондох цэргийн мөргөлдөөнийг намжааах бүс нутаг нь болж байсан. Монгол Улс ХХ зууны 80-аад оны сүүлээр “гуравдагч хөрш” хэмээх гадаад харилцааны стратегийг дэвшүүлсний дараа Америк, Япон зэрэг барууны орнуудтай нягт харилцаатай болж ирсэн юм.

Энэ нь Монголын гадаад  харилцаандаа тэнцвэртэй байдлыг барих арга ч байж мэдэх юм. Монгол хавчуургатай талх мэт Хятад, Монгол хоёр том гүрний дунд хавчуулагдсан, нэг л өөрийнхөөрөө байж чадахгүй улс мэт, харин Америкийн олон улсад тэргүүлэх байр суурь нь Монголыг ганц геополитикийн ач холбогдлоос давсан хөрш оронтой болгосон мэт.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Батболдын дээрх хөршийн талаар хэлсэн “тулгын гурван чулуу” ойлголтод геополитикийн онцлогтой Монголын хувьд Хятад, Оросоос гадна, гурав дах нь Америк, Япон зэрэг барууны орнууд багтаж байна. Сүүлийн жилүүдэд Америк гадаад харилцааны гол цэгээ Ази, Номхон далайн бүс нутаг руу шилжүүлсэн тул хараагаа Монгол хэмээх Хятад, Оростой хил залгадаг оронд тавих болсон.

Энэ жилийн дөрөвдүгээр сард Америкийн Батлан хамгаалахын сайд Хейгл Монголд айлчилж, гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээний дагуу Америк Монголд илүү их цэргийн сургуулилт хийж, тусламж үзүүлнэ гэнэ. Тэрээр хэвлэл, мэдээллийнхэнтэй уулзахдаа, “Бид ямар нэг хэмжээгээр Америк улс бол Монголын “гуравдагч хөрш орон” гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Бидэнд энэ нэр томьёо таалагдаж байна” гэв.

Түүний хэлсэн энэ үг нь тус орны дипломат үг хэллэг төдийгүй, Америкийн үнэн бодит санаархал болох геополитикийн “төрөлхийн” онцлог бүхий Монголыг тэр чигээр нь Америкийн далбаан дор байлгаж, энэ уудам том бүс нутагт асуудлыг зохицуулж, Хятад, Оросын харьцах тэнцвэрийг хадгалах санааг илэрхийлж байгаа юм. Япон ч мөн адил Монголтой харилцаагаа тасралтгүй бэхжүүлж байна.

2013 оны гуравдугаар сард, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд айлчилсан бол энэ жилийн долдугаар сард Монголын Ерөнхийлөгч Элбэгдорж Японд айлчилж, хоёр орон эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт нэгдсэн ойлголтод хүрсэн байгаа.

Үнэндээ бол Монгол Улс руу хандах их гүрнүүдийн ил тод өрсөлдөөн тэмцэл ер зогсч байгаагүй юм. Ялангуяа өнөөгийн глобалчлалын хөгжил улс орнуудыг өдөр ирэх тусам нягт холбоотой болгож байна. Тийм учраас их гүрнүүдийн Монгол руу хандах эрх ашгийн тэмцэлдээнийг зогсоох боломжгүй юм. Дээр нь, Монгол Улстай өөрөө олон жилийн түүхээр холбогдсон хөрш Хятад улс Америкийн далайн чанадыг гатлан нэвтрэн орж ирж буйг харсан ч хараагүй мэт байна гэж байхгүй. Монгол, Орос хоёр бол бүр тодорхой мэдэж байгаа.

Хэдийгээр Америк болон Япон нь улс төр, батлан хамгаалахын тал дээр Монголд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа ч, эдийн засаг, худалдааны тал дээр Монгол Улсад туслах хүч байхгүй. Харин эсрэгээр Хятад, Орос хоёр, ялангуяа Хятад улс энэ талаар Монголд тусалж байгаа юм. 2002-2013 оны хооронд Хятад-Монголын худалдааны хэмжээ 324 сая доллараас зургаан тэрбум долларт хүрсэн байна.

Хятад нь Монголын гадаад худалдааны 51-ээс дээш хувийг эзэлж байна. Яг ийм учир шалтгааны улмаас Монголын нэгэн өндөр албан тушаалтан саяхан хэлэхдээ, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын талаас авч үзэхэд, тус улсын гадаад худалдаанд өөр нэг улсын эзлэх хувь хэмжээ гуравны нэгээс давж үл болно. Хятад улс Монголын талын энэ зовнилыг ойлгож байгаа байх. Энэ нь, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд шинэ зөрчил гарах учир шалтгаан болно гэж үзэхгүй байна гэлээ.

Өнөөгийн байдлаар Хятад улс дэлхий даяар байгалийн баялгийг эрж хайж байна. Харин Монголд Хятад улсын талаарх байр суурь урьдын адил зөрчилтэй байсаар байна. Дотоодын мөнгөний ханшийн уналт, ажилгүйдэл улам газар авч байгаа нөхцөлд Монгол Улс байдаг чадлаараа хүчээрээ байгалийн баялгаа экспортлох аргыг хэрэглэж байна. Ийм учраас, Хятад улстай дамжин өнгөрөх тээврийн гэрээг нэн даруй байгуулж, Хятадын боомтуудаар дамжуулан Япон, Солонгос  улс руу экспортлох хэрэгтэй болоод байна.  

Энэ жилийн эхний хагаст Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар буурч, Хятад болон Орос улсаас хөрөнгө оруулах нэн чухал шаардлагатай байгаа. Эдийн засгийн амин судсаа олж авахын тулд, Монгол Улс стратегийн гол төвөө Хятад , Орос улс руу шилжүүлж байна. Орос, Хятадын тэргүүн нар энэ удаа Монголд айлчилж байгаа нь яг таарсан тохиолдол байх. Хэрвээ энэ нь тохиолдол юм бол, их сонирхолтойгоор таарч байна.

Иймэрхүү гадаад харилцааны тохиол нь Хятад, Оросын Монголтой хийх ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулахад тус нэмэр болох юм. Монгол Улсын удирдагч нар ч Хятад, Оросын Улаанбаатарт хийж буй айлчлалаас эдийн засгаа сайжруулах итгэл найдварыг олж харж байна.

Б.Мөнхтуул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг