sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин  Монгол Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ. Тэрээр дагалдан яваа хүмүүсийн хамт Москва-Улаанбаатар чиглэлийн онцгой үүргийн нислэгээр Чингис хаан нисэх онгоцны буудалд 14.30 цагт газардав.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг дагалдан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны бүс нутаг дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд А.С.Галушка, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской, ОХУ-ын Хууль зүйн сайд А.В.Коновалов, ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайд М.А.Мень, ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак, ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн сайд И.Н.Слюняев, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн В.В.Наговицын, ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын тэргүүн, Засгийн газрын дарга Ш.В.Кара-Оол, Эрхүү мужийн захирагч С.В.Ерощенко нарын зэрэг албаны хүмүүс иржээ.

Эрхэм зочдыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд, албаны бусад хүмүүс угтан авч, хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг албан ёсоор угтах ёслол Чингисийн талбайд болно.