sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ Пакистан, Энэтхэг болон Иран ойрын хугацаанд нэгдэж магадгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ.

"Душанбед болох дээд хэмжээний уулзалтын үеэр бид  ШХАБ-д шинээр  гишүүн элсүүлэх хууль эрх зүй болоод санхүүгийн нөхцөлийг бий болгох асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Ингэснээр ШХАБ-ыг ОХУ даргалах хугацаанд тус байгууллагын өргөжин тэлэх үйл явц эхлэх боломж бүрдэнэ” гэж  "Российская газета" сонинд С.Лавров ярилцлага өгөхдөө хэлжээ.

Тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болох хүсэлтэй байгаагаа Пакистан, Энэтхэг болон Иран хэдийн илэрхийлсэн гэж тэрбээр бататган хэлсэн байна.

Энэ сарын 11-12-нд, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Тажикистаны нийслэл Душанбед болно. Казахстан, Киргизстан, Хятад, ОХУ, Тажикистан болон Узбекистаны удирдагч нар, ажиглагч улсууд болон олон улсын байгууллагын тэргүүн, төлөөлөгч, зочид энэ дээд хэмжээний уулзалтад оролцоно. Уулзалтын дараа, ОХУ ирэх жилийн дээд хэмжээний уулзалт хүртэл тус байгууллагыг даргална.

С.Нямгэрэл

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг