sonin.mn

Эрчим хүч хэрэглэдэггүй айл өрх, албан байгууллага өнөө үед байхгүй. Аж амьдрал сайжирч, техник технологи хөгжихийн хэрээр бидний амьдрал цахилгаанаас улам бүр хараат болж байгаа.

Цахилгаан эрчим хүч дуртай үедээ аваад боломжгүй бол танаж болдог тансаг хэрэглээ бус харин агаартай дүйхүйц амьдралын шаардлага болсон билээ. Тэгвэл сүүлийн хэдэн өдөр энэ амин чухал хэрэгцээтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд хоорондоо толхилцов.

Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан цахилгааны үнийг нэг квт тутамд таван төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөе газар хууль бус хэмээгээд үнэ нэмсэн тогтоолыг хүчингүй гээд зарлачихсан. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хороо "Тогтоол хүчинтэй. Бид хууль зөрчөөгүй цахилгааны төлбөрийг нэмэгдсэнээр нь авна" гэж өчигдөр зарлалаа.

Нэг нь хориглож нөгөө нь гөжив. Нэг нэгнээ хууль зөрчсөн хэмээн буруутгаж байгаа ч нийлээд иргэдээрээ тоглоом тохуу хийж байгаа мэт дүр зурагтай үйл явдал болж өнгөрлөө. Болсон явдлыг дэлгэрүүлбэл уржигдар ШӨХТГ газар мэдээлэл хийсэн.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасны дагуу дээр дурдсан тогтоолуудад холбогдох аж ахуй эрхлэгчдийн цахилгааны үнэ тарифын өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгодог байна. Тиймээс зөвшөөрөл олгоогүй байхад Эрчим хүчний зохицуулах хороо хүсэлт гаргасан аж ахуй эрхлэгчдийн цахилгааны тарифыг мөрдөн хэрэглэгчидтэй байгуулсан гэрээндээ тусгаж нэг квт тутам таван төгрөгөөр үнийг нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болгосон аж.

Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.1, 13.2, 13.2.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн үйлдэл гэнэ. Энэ талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулах хэлтсийн дарга Л.Ган-Өлзий "Эрчим хүчний зохицуулах хороо нь алдагдлаа нөхөх журмаар цахилгааны үнээ нэмж болно. Гагцхүү манай байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байдаг.

Бид тус байгууллагаас гаргасан шийдвэртэй холбоотой асуудлаар хяналт шалгалт хийхэд Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байсан. Иймээс бид Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан дээрх шийдвэрийгхүчингүй болгосон тул иргэд цахилгааны төлбөрөө хуучин үнээр төлөх юм. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, зохицуулагч Д.Бассайхан, Р.Мягмар нарт тус тус 960 мянган төгрөгийн торгууль ногдуулсан.

Мөн манай байгууллагад үнээ хянуулалгүй үйл ажиллагаа явуулж буй монополь зургаан аж ахуй нэгжид торгуулийн арга хэмжээ аваад байна" гэсэн юм.

ШӨХТГ-т цахилгааны үнээ хянуулалгүй ажилласан гэх "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК, Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК, "Хөвсгөл-Эрчим хүч" ОНӨХХК зэрэг байгууллагуудад 1.5-89 сая төгрөгийн торгууль ногдуулсанаа зарласан юм.

Түүгээр барахгүй ЭХЗХ-ны тогтоолыг хүчингүй болгосон тул иргэд цахилгааны төлбөрөө өмнөх үнэ ханшаар төлөх ёстой гэж уриалсан. Харин өчигдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос хэвлэлийн хурал зарласан юм.

ЭХЗХ-ны Хуулийн хэлтсийн дарга Б.Энх-Амгалан "Энэ бол хууль тогтоомжийн хүрээнд хийгдсэн асуудал. Эрчим хүчний тухай хуулинд эрчим хүчний үнэ тарифыг хянаж, батлах бүрэн эрхийг ЭХЗХ-нд олгосон байгаа. Энэ бүрэн эрхээ хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэх ёстой. Энд хэн нэгнээс зөвшөөрөл авах асуудал өнөөдөр үйлчилж байгаа Монгол Улсын ямар ч хууль, тогтоомжид байхгүй.

Мөн энэ асуудал УИХ-ын 72, 34 дүгээр тогтоолуудыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа. Дээрх тогтоолд эрчим хүчний үнэ тарифыг бодит өртгөөр тооцох, зах зээлийн зарчимд шилжүүлэх, улмаар бүр үнэ тарифыг чөлөөлөх асуудлыг ЭХЗХ-нд шууд даалгаж хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг.

Төрийн эрх барих дээд байгууллагын тогтоол гэдэг бол аливаа байгууллага, албан тушаалтан хэн ч хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх ёстой хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр эрхзүйн акт юм. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гарсан шийдвэрийг ШӨХТГ-аас хууль бус гэж зарлаж байгаа нь үнэхээр учир дутагдалтай боллоо" гэсэн юм.

Мөн "ЭХЗХ-ны тогтоолыг ЭХЗХ өөрөө аль эсвэл шүүх л хүчингүй болгох эрхзүйн зохицуулалт үйлчилж байна. Ийм эрхзүйн зохицуулалт байсаар байтал ШӨХТГ-аас ЭХЗХ-ны тогтоолыг хүчингүй болголоо цахилгааны төлбөрөө хуучин үнээрээ төлөөрэй гэсэн мэдээлэл өгсөн нь хэрэглэгчдийг төөрөлдүүлсэн явдал боллоо.

Таван төгрөгийн нэмэгдэлтэй үнээр олон нийт эрчим хүчнийхээ үнийг төлнө. Энэ бол хуулийн дагуу гарсан шийдвэр. Тогтоол хүчинтэй байгаа гэсэн үг" гэсэн юм.

Цахилгааны үнийг нэмэх болсон шалтгаанаа эрчим хүчний компаниуд нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаанаас 2012 онд 66.3 тэрбум төгрөгийн, 2013 онд 65.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.

Мөн Дулааны цахилгаан станцуудад эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нүүрс нийлүүлж буй томоохон уурхайнууд болох Багануур, Шивээ овоо ХК-иуд 2013 онд нийт 16.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан зэргээр тайлбарлаж байгаа. Өнөөгийн байдлаар Төвийн бүсийн хэмжээнд нэг квт.цаг цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг энэ оны байдлаар 145 төгрөгт хүрч байгаа боловч хэрэглэгчдэд борлуулж буй дундаж үнэ 105 төгрөг гэнэ.

Тиймээс өртегөөсөө 40 төгрөгөөр доогуур байгаа гэж байв. Харин дулааны эрчим хүчийг өөрийн өртөгөөс нь 2-3 дахин бага үнээр хэрэглэгчдэд борлуулдаг гэнэ. ЭХЗХ-ноос "Ер нь айл өрхийн орлогод цахилгаан эрчим хүчний төлбөрийн эзлэх хувийн жин жилээс жилд буурч ирсэн. 2005 онд өрхийн орлогын 8.1 хувийг эзэлж байсан бол 2014 онд 3.2 хувийг эзэлж байгаагаас харахад эрчим хүчний үнэ харьцангуй тогтвортой байгаа юм" гэсэн тайлбар өгч байна.

Үүнээс төрийн байгууллагуудыи ажил уялдаагүй байгаа нь харагдаж байна. Иргэд "нэмэгдсэн гэнэ", "нэмэгдээгүй гэнэ", "нэмэгдсэн нь үнэн гэнэ" гэж хоорондоо ярих сэдэвтэй болсондоо баярлахгүй нь лав. Харин аливаа бүрэн найдвартай биш мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуудаж тарааж байгаад дургүй байгаа.

Мөн түүнчлэн ШӨХГ-ын эрхэм "Зах зээлийн ханштай уялдуулж үнээ нэмж болно. Харин манай байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байсан" гэх зэргээр ярьж байгаа нь зөвшөөрөл авалгүй үнээ нэмсэн болохоор нь ингэлээ гэсэн ихэрхэг байдал ханхлуулж байгаа юм. Засгийн газрын хоёр хэрэгжүүлэгч агентлаг нэг нэгэндэээ  зиндаархаж аль эсвэл маргалдаж болох уу.

Ж.Баяр

Эх сурвалж: