sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Украины зүүн нутагт осолдсон “Боинг-777” зорчигч тээврийн нисэх онгоцны ослын шалтгааныг тогтоохоор шалгах явцад, “MH17” дугаарын нислэг үйлдэж явсан энэ онгоц техникийн алдаа эсвэл нисэх онгоцны багийнхны үйлдлийн улмаас сүйрсэн гэх ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй байна. Нидерландын мөрдөн байцаагчдын мэдэгдсэнээр, Украины зүүн нутагт өнгөрсөн долдугаар сард осолдсон, Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн энэ онгоц гадны нөлөөгөөр агаарт сүйрчээ.

Энэ тухай Нидерландын Аюулгүй байдлын зөвлөлийн гаргасан ослын талаарх урьдчилсан тайланд дурдсан байна. Онгоц долдугаар сарын 17-нд осолдож, багийн гишүүд, зорчигч нийлсэн 298 хүн бүгд амь эрсэдсэн юм.

Уг онгоц руу газар агаар ангиллын пуужин харвасан гэж үзэж байгаа билээ. Онгоцны хэлтэрхийнүүд Оросыг дэмжигч босогчдын хяналтад байдаг бүсэд унасан юм. “Энэ онгоцны хэлтэрхийнүүдэд маш олон тооны нүх гарсан байсан.

Үүнээс үзвэл,  гадны хүчтэй биетүүдээр цохилт өгсний улмаас уг онгоц агаарт сүйрсэн байна. Онгоц техникийн алдаа болоод нисгэгчдийн буруугаас осолдоогүй” гэж мөрдөн байцаагчид хэллээ.

“MH17”-гийн талаарх сүүлийн тайланг осол болсон өдрөөс хойш нэг жилийн дотор багтан гаргах ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг