sonin.mn

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн гүйцэтгэх захирал, тус байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал ноён Хироуки Конумаг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр, Монгол Улс, НҮБ-ын ХХААБ хооронд 2012 онд байгуулсан Санамж бичиг болон Дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхааран ажиллаж байгааг цохон тэмдэглээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага техник туслалцааны хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв.

Ноён Хироюуки Конума Улаанбаатар хотноо энэ оны гуравдугаар сарын 10-14-нд НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлээд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хувьд ирэх хоёр жилд Ази,  Номхон далайн бүсийн бага хурлыг  ахалж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй ажиллах болсонд амжилт хүслээ. Мөн 2015 онд Ром хотноо болох НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий чуулганд оролцохыг урилаа.

Ноён Хироюуки Конума энэ оны сүүлээр тэтгэвэрт гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын хамтын ажиллагаанд  оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг гардуулсан юм.