sonin.mn

УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та Хэлмэгдэгсдийн хө­шөөнд цэцэг өргөх ёслолын үеэр Ц.Мөнхбаярын зу­раг­тай футболк өмссөн байсан. Хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэж буй байр суу­риа илэрхийлж байгаа хэрэг үү?
-Хэлмэгдэгсдийн дурс­галыг хүндэтгэж төр, засгийн зүгээс тэрхүү гашуун өдрийг дахин давтахгүйн төлөө цэцэг өргөж, түүхийн хар хуудсыг дурсдаг. Аль ч нийгэм өөрийн алдаа, оноотой байдаг. Өнгөрсөн нийгмийн хамгийн том алдаа бол энэ хэлмэгдүүлэлт.

Тухайн цаг үед Мон­голын ихэнх сэхээтэн, боловс­ролтой иргэн, өнгө­тэй, өөдтэй болгоноо үгүйсгэж, устгасан. Цөөхөн хүн амтай улсын хувьд энэ бол гашуун гэхэд ч багадахаар.

Бид үүнийг болж өгвөл мартчихмаар эмгэнэлт, гашуун түүхийг жил бүр тэм­дэглэд­гийн гол учир нь дахин ийм хэлмэгдүүлэлт битгий давтагдаасай, түү­хэнд хараар бичигдэх зүйл бүү болоосой гэсэн анхааруулга.

Харамсалтай нь хэл­мэгдүүлэлт аль ч үед тасардаггүй. Харин ч шинэ, шинэ хэлбэрээр бий болсоор байна. Тухайлбал өндөр чадвартай хэрнээ төрд ажиллаж чадахгүй, нам, төр солигдсоноос болж ажлаасаа халагдаж байгаа хүмүүс хэлмэгдэж байна.

Нийгмийн бурангуй, буруу тогтолцооноос болж хэлмэгдэж байна шүү дээ.

Бусдын хэт шуналд өртсөн бай­галийн баялаг, олон нийт, тэдний үр хүүхдийн ирээдүйг хамгаалахын тө­лөө тэмцсэнээр эрч хүчтэй хамаг насаа буюу долоон жилийг шоронд өнгө­рүү­лэхээр болчихоод байгаа Мөнхбаярын асуудал ч хэлмэгдэл юм.

Бид 1932 оны, тэрхүү гашуун үнэнийг дурсахын зэрэгцээ өнөөдөр ч хүнийг хэлмэгдүүлж байгаа гэдгээ мартаж болохгүй гэдгийг сануулахын тулд би Мөнхбаярын зурагтай фудболкийг зориуд өмсөж очсон. Дахиад 30-40 жилийн дараа 2008, 2012 онд аав, ээж, ах, дүү маань ингэж хэлмэгдсэн гээд жагсаад зогсож баймааргүй байна. Өөрөөр хэлбэл шинэ үеийн хэлмэгдүүлэлтийг сануулахын тулд өмссөн юм.

-Шинэ үеийн хэлмэгдүүлэлт аль 1989-1990 онд эхэлж маш олон хүн ажилгүй болж, амьдралын сүүлийн мөчүүдээ тран­шейнд үлдсэн шүү дээ. Тэдний дунд эрдэмтэн, судлаачид, урлагийнхан их байсан?
-Төр өөрөө төр шиг бус, хүч чадал­гүй, иргэн бүрээ харж, хүн бол­гоноо мэдэрч, ойлгож чадахгүй, ний­гэмд ямар давхарга, юу үүсч, өрнөсөн, тэр нь юунаас шалт­гаалсан гэдгийг харах хараа нь муудчихаар л энэ мэтчилэн хэлмэгдүүлэлт нийгмийн шуурганд хэт уруудан, алддаг хүмүүс бий болдгийг бид өдгөө харж байна. Хүмүүс аливаа зүйлийг алсаас харахаар бүхлээрээ мэдрэгдэж, өөрсдөө дунд нь орчихоор аль нэг талаас нь л хардаг.

Мөнхбаярыг ч гэсэн бид нэг талаас нь л хараад байна. Шийдвэрийг нь ч тэгж л гаргасан. 40-50 жилийн дараа бол өөрсдийн байр сууриа эргээд харвал “бид хэлмэгдүүлж байжээ” гэж харамсана.

Өөрийн тань хэлснээр дээр дурьдсан урлагийнхан, эрдэмтэн, судлаачид бол төрийн төлөө л зүтгэж байсан. Төр өөрөө тэднийг нийгмийн оюун санаанд үйлчлүүлэхийн тулд хэрэгтэй гэж үзээд сургаж, боловсролтой болгон үзэл суртлын нэгжээ болгосон. Тэгснээ гэнэт өөрсдөө амьдралаа бод гээд уснаас загас гаргаж хаяж байгаа мэт орхичихсон.

Тухайн үед бид хоёр сая ч хүрэхгүй хүн амтай байсан шүү дээ. Хэрвээ бид хүн ардаа нэг бүрчлэн мэддэг байсан бол хөгжлийн төлөө, хамтдаа, хүчтэй алхаж чадах байсан. Одоо ч гурван сая хүнээ зөв залах учиртай. Бид хэрэгтэй үедээ ашиглаад л хаячихдаг байж болохгүй. Өнгөрсөн нийгмийн оноотой тал нь хэнийг ч аливаа асуудлаас орхигдуулдаггүй, хөл нийлэн алхуулж чаддаг байсан.

-Орчин цагийн хэлмэгдүүлэлт буюу сонгуулийн үр дүнгээр ажлаас нь хоморголон халдаг асуудлыг хэрхэн, яаж зогсоох вэ. Цөөнхийн бүлгийн намын гишүүн гээд ажилгүй болж, амьдралаа авч явж чадахгүй болох нь өөрөө хэлмэгдүүлэлт биз?
-Намаар талцсан байдлаа бид нэн даруй таягдан хаяхгүй бол энэ систем Монгол Улсыг бүхэлд нь хэлмэгдүүлж байна. Хоёр, гурван нам болгож, талцуулаад хоо­ронд нь хэрэлдүүлээд, хэн нэгнийхээ дээр гарах гэж барилдаад, ялсан нь ялагд­саныгаа сүнсгүй арчиж хаядаг нөхцөлд Монгол Улс 24 жил явлаа.

Бид одоо байгаагаасаа арай жаахан дээшлээд харвал тэдгээр намын гишүүд бус Монгол үндэстэн, улс орон тэр чигээрээ хэлмэгдэлд өртсөн. Монголчууд бүгдээрээ энэ системийн золио болсон. Тиймээс ч үүнийгээ нэн даруй өөрчлөх нь зүйтэй.

Миний бодлоор бол хамгийн тү­рүүнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хийх ёстой. Хэрвээ энд чадамж дутаж байвал ард нийтийн санал асуулгыг заавал зохион байгуулах ёстой гэж үзэж байна.

Ингэж монгол түмэнд хэрэгтэй нэг оюун санааны чиглэмжтэйгээр удирдаж чаддаг зөв төр, засгийг бий болгох ёстой. Энэ бол миний итгэл үнэмшил, УИХ-д орж ирсэн гол зорилго.

-Аливаа асуудлыг гадна, дотроос нь харахад хоёр өөр байдаг гэдгийг та түрүүнд хэлсэн. Харин парламентын гадна болоод дотор улстөрчидтэй харил­цах ялгаа байна уу. Олон нийтийн дунд жагсаж, тэмцэж байсан нөхөд УИХ-ын гишүүн болоод мөн л нам гүм боллоо гэх үгсийг та бүхэнд дайдаг шүү дээ?
-Гадаа ярьж, хэлдэг байсан миний итгэл үнэмшил улам бүр батжиж байна. Түүнээс би гадна байхдаа өөрөөр хараад, одоо бас өөр өнцгөөс ажиглаад байгаа юм биш.

Спорттой зүйрлэвэл их энгийн. Тухайл­бал, би боксын маш сайн, хам­гийн идэвхтэй хөгжөөн дэмжигч байсан гэж бодъё. Тэгэхэд шууд ринг рүү гараад зодолд гэхэд би зугтахгүй. Өөрөөр хэлбэл хүч тэнцвэргүй тулаан болж байгааг олон нийт харж байгаа байх.

Би огт дуугүй болоогүй. Хэлдэг, ярьдаг асуудлуудаа үргэлжлүүлж байгаа. Хамгийн гол нь заавал теле­визээр байнга гараад, хэвлэлийн хурал зарлаад байх нь утгагүй. Юутай ч газар шороо, уул уурхай, ашигт малтмал, Цагаан суваргын орд гэх мэт асуудлуудад би өөрийн байр сууриа хатуу хамгаалсан хэвээр байгаа.

Аливаа тэмцэлд дан нударга, жагсаал, цуглаан, эр зориг хангалттай биш. Ухаан, эв дүй, бодлого, тэсвэр, тэвчээр, зарим тохиолдолд арга заль ч хэрэг болдог. Парламентад байхад энэ бүхнийг илүү ихээр шаардана.

Гудамжинд жагсаж байх үед илүү өөрийнхөөрөө, зоргоороо бүх зүйл амархан байсан байж магадгүй. Тухайлбал, төв талбай дээр ард олноо цуглуулчихаад, микрофон бариад бүтэн цаг ганцаараа ярьж чадах байсан.

Гэтэл парламентад асуулт асуух гурав, үг хэлэх дөрвөн минут л байх жишээтэй. Үүнд багтааж үзэл бодлоо илэрхийлэх, бичиг цаасаар тэмцэх, шаардлагатай бол гудамжинд гарч ард түмнээсээ асуулга авах гэх зэргийн жинг тааруулж дундаас нь асуудлыг өөрийн хүссэнээр авч үлдэнэ гэдэг амар ажил биш.

Тэмцэл маань улам нэмэгдэж, өндөрссөн үү гэхээс багадаагүй. Миний эцсийн зорилго бол Монголын нийгмийг зөв болгож, төрийн тогтолцоог өөрчилж, монголчуудад таарсан зөв ардчилал бий болгох.

-Гэхдээ олон нийт танаас маш ихийг хүсч байгаа нь гарцаагүй. Тэдгээрийн нэг нь түрээсийн орчны эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төсөл байсан. Гэтэл чимээгүй болчих шиг болох юм. Хуулийн төсөл ямар шатандаа байгаа вэ?
-Энэ зуныг би Түрээсийн хууль болон хуулийн төслийг бичихэд зарцуулсан. Хуулийн төслөө бичихийн тулд маш нүсэр судалгаа хийсэн. Үүний үр дүн нь дахиад ч судалгаа хийх шаардлага гарч байна. Түүний санхүүжилтийг шийдэх гэх зэргээр ажлаа урагшлуулж байгаа.

Хуулийн төслөө бичиж дуусаад, хэлэл­­цүүл­гүүд зохион байгуулахаар төлөв­­лөөд байна. Энэ бол тийм амархан бол­чих хууль биш. Монголын эдийн засгийн суурь 20 жилийн хугацаанд түрээсэн дээр тогтож ирлээ.

Гэтэл үүнд ултай суурьтай судалгаа хийсэн ганц ч газар алга. Одоогийн байдлаар 11 дүгээр сар хүртэл бичих болон судалгааны ажлуудаа төлөвлөсөн.

Анх маш их гомдол, бухимдал, яриа хэлэлцээ байсан бол одоо ажил хэрэг болох шатандаа шилжсэн. Хам­гийн гол нь хуулийн төслөө бат­луулахын төлөө ямар арга тактик байж болох талаар ч бодолхийлж байна. Энэ хуулийг бат­луулснаар би өөрийн гэх нэр зүүх биш Мон­голын ард олонд хэрэгтэй учраас бат­луулах нь чухал.

УИХ-ын эмэгтэй гишүүд болон Засгийн газар дэмжиж байгаа учраас батлагдах байх гэж найдаж байгаа.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж: