sonin.mn

Намрын налгар шар наран ээсэн энэ өдөр эрхэм таныг шинэ өдрийн сонин гарчиглах энэхэн мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Тажик улсын нийслэл Душанбе хотод саатаж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөлөглөсөн тусгай үүргийн онгоц энэ сарын 11-12-нд Тажик улсын нийслэл Душанбе хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалтад оролцохоор өнөөдөр өглөө “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрсөн.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзаж саяхны яриа хэлэлцээрээ гүнзгийрүүлнэ. Хамгийн гол нь энэ оны тавдугаар сард Шанхай хотноо болсон Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дөрөв дэх дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарт гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохиох саналыг тавьсныг Душанбегийн тэнгэр дор баталгаажуулах юм.

БНХАУ-ын ГХЯ-ны өнгөрсөн долоо хоногийн ээлжит мэдээллийн үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч “ОХУ, Монгол, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалт ойрын үед болно” хэмээн мэдээлснийг “Синьхуа” агентлаг дамжуулсан.Өөрийнхөө санаачилсан гурван талын дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотноо явуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөршийнхөө тэргүүнүүдэд тавих нь тодорхой. Ингэснээрээ бүс нутагтаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч гэдгээ нотлон харуулж байгаа хэрэг юм.

Дашрамд сонирхуулахад Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь ОХУ, БНХАУ, Казахстан, Тажикстан, Кыргызстан, Узбекстан улсуудын төрийн тэргүүнүүд 2001 онд үндэслэн байгуулсан, бүс нутагтаа төдийгүй олон улсын улстөр, цэрэг, эдийн засгийн нөлөө бүхий байгууллага юм.

Орос, Хятад, Казахстан, Тажикстан, Кыргызстан улсууд буюу “Шанхайн тавын” 1996-1997 онд гарын үсэг зурсан хил орчимд зэвсэгт хүчнээ харилцан хорогдуулах болон цэргийн салбарт итгэлцлэлийг бэхжүүлэх тухай хэлэлцээр энэ байгууллагын үндэс нь болсон юм.

Хамгийн сүүлд Узбекстан улс нэгдсэнээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ хэмээн нэрлэсэн түүхтэй.
Бээжинд төвтэй ШХАБ-д багтаж байгаа орнуудын нийт нутаг дэвсгэр нь 30 сая хавтгай дөрвөлжин километр буюу Евроазийн бүх нутгийн 60 хувийг эзэлж байгаагаараа Европ, Ази тивд хүчний тэнцвэрийг хадгалах, цаашлаад эдгээр орнуудын эдийн засаг, улстөрийн хамтын ажиллагаа цаад утгаараа бүхнийг хүчээр далайлгах сонирхолтой НАТО-г хазаарлан зогсооход түүхэн үүрэг гүйцэтгэж байгаа нь ч тодорхой юм.

ШХАБ-д оролцогч улсуудын хүн ам нь нэг тэрбум 460 сая бөгөөд хүний нөөцөөрөө манай гарагийн бүх хүн амын дөрөвний нэг нь болж байгааг ч тэмдэглэх ёстой. Тус байгууллага нь дэлхийд АНУ-ын дараа ордог Хятадын эдийн засгийг оролцуулаад өдрөөс өдөрт хүчирхэгжиж байгаа эдийн засгийн агуу их нөөцтөй юм.

Гэхдээ хамгийн гол нь ШХАБ нь статусынхаа хувьд НАТО шиг цэргийн эвсэл биш бөгөөд асуудлыг яриа хэлэлцээрийн замаар, хүч түрэмгийллийн бус аргаар шийддэггээрээ онцлогтой.

Тус байгууллагын хамгийн гол зорилго нь гишүүн улсуудыг нэгтгэж байгаа өргөн уудам орон зайд аюулгүй тогтвортой байдлыг бэхжүүлэх явдал ба алан хядах ажиллагаа, мансууруулах бодисын суваг болон хэт даврах, салан тусгаарлах үзэлтэй хэлбэрэлтгүй тэмцэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний түншлэл, шинжлэх ухаан, соёлын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм.

Монгол Улсын хувьд ШХАБ-ын үйл ажиллагаанд 10 жил ажиглагчийн статустай оролцож байгаа хэдий ч тун удахгүй Еврази болон Зүүн Азийн улсуудаас бүрдсэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн болж магадгүйг БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И саяхан мэдэгдсэн нь ихээхэн ач холбогдолтой байхыг үгүйсгэхгүй.

Ази тивийн зүрхэнд оршдог Монгол Улсын хувьд Шанхайн хамтын ажиллагааны бүрэн эрхт гишүүнээр элсэхэд асуудалгүй байж болох ч эвсэлд үл нэгдэх байр сууриныхаа хувьд бага зэргийн үл ойлголцол үүсгэж болзошгүй.

Өнөөдрийн байдлаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Афганистан, Энэтхэг, Иран, Монгол болон Пакистан улс ажиглагчийн статустай бол, Беларусь, Шри-Ланк болон Турк улсууд тус байгууллагын яриа хэлцээний түншээр оролцож байгаа ажээ.

Нарлаг Тажикийн нийслэл Душанбе хотноо Ц.Элбэгдорж, В.Путин, Си Зиньпин нар уулзаж, тун удахгүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдох түүхэн уулзалтынхаа товыг тогтоовол бүс нутагт төдийгүй, даян дэлхийн сонорыг мялааж, ХIII зуунд морин туурайгаар дэлхийн талыг тамгалаж явсан монголчууд ХХI зуунд дипломат аргаар дэлхий дахиныг цочроосон гэнэтийн гайлтай хэрэг болно.

Аварга хоёр хөрштэй Азийн жижигхэн Монгол Улс дипломат ёс, төрийн тэргүүнийхээ нэр хүндээр дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх түүхэн уулзалт тун удахгүй болох нь тодорхой. Үүний тулд ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Душанбе нислээ.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: