sonin.mn

НАТО-гийн Умард Атлантын зөвлөл 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв /ЭДАСТ/-ийг "НАТО-гийн боловсрол, сургалтын төвүүд"-ийн сүлжээнд оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ЭДАСТ-ийг НАТО-гийн боловсрол, сургалтын төв гэж хүлээн зөвшөөрч батласныг тус байгууллагын Улс төр, аюулгүй байдлын бодлогын ерөнхий газраас албан ёсоор мэдэгдлээ.

НАТО-гийн боловсрол, сургалтын төвүүдийн сүлжээнд гишүүн болон түнш 23 орны 26 төв багтаж байсан бол Монгол Улс 24 дэх орон, Зэвсэгт хүчний ЭДАСТ нь 27 дахь төв болж байна.

Эдгээр төвүүдэд төрөл цэрэг, мэргэжлийн дамжаа, семинар, бага хурал явуулахаас гадна НАТО болон НҮБ-ын ажиллагаанд оролцуулах цэргийн болон энгийн алба хаагч, цэргийн багуудад зориулсан хээрийн болон команд-штабын сургуулиудыг зохион байгуулдаг.

Энэ жил манайхаас гадна АНУ-ын Тусгай ажиллагааны нэгдсэн их сургууль, Маршаллын төвийн дэргэдэх Хэлний сургалтын төв тус сүлжээнд элсэхээр мэдүүлгээ өгсөнөөс манай ЭДАСТ-ийг ийнхүү баталлаа.

НАТО-гийн сургалт, боловсорлын төвүүдэд Монгол Улсаас 2013 онд 28 төрлийн арга хэмжээнд 33, 2014 оны 8 дугаар сарын байдлаар 39 цэргийн болон иргэний алба хаагчдыг хамруулаад байна.