sonin.mn

БЕЙРУТ. /ITAR-TASS/. Хямралыг улс төрийн шийдлээр зохицуулах нь “Сирийн хувьд хамгийн тохиромжтой арга зам” юм. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгджээ.

Тэрбээр Сирийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад харилцааны сайд Валид Муаллемтой хэлэлцээ хийжээ. Италийн дипломатчийн тэмдэглэснээр, тэрбээр “Сирийн зовлон зүдгүүрийг төгсгөл болгохын тулд боломжтой бүхнийг хийхэд” бэлэн байна.

НҮБ-ын шинэ элч төлөөлөгч Сирийн нийслэлд мягмар гарагт очжээ. Мөн пүрэв гарагт тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Башар Асадад бараалхаж магадгүй байна.

Сирийн хямралыг зохицуулах НҮБ-ын тусгай төлөөлөгчийн үүргийг хоёр жил орчим гүйцэтгэж, сиричүүд хоорондын хэлэлцээг Женев хотод хоёр удаа зохион байгуулахад нөлөөлсөн Алжирын дипломатч Лахдар Брахимигийн халааг өнгөрсөн тавдугаар сард Стаффан де Мистура авсан юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг