sonin.mn

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудалд суугаад дөрвөн сарын нүүрийг үзэж буй Ш.Түвдэндорж сайд болонгуутаа Монголын та­риаланчдаар оролдож эхэл­сэн нь өнөөдөр нэлээн шүүмжлэл дагуулж байна.

Тиймдээ ч тариаланчид Ш.Түвдэндоржийг “Тариа буудай гэж юу байдгийг нь ч мэдэхгүй байж бидний хоолыг булаах гэлээ” гэж түүнтэй тэмцэхээр болж эсэргүүцэл зарлаж эхлээд буй юм. Тодруулбал, тэрбээр улаан буудайн үнийг зо­риуд унагаж гурилын үйлдвэрүүдэд хямд өгөх ёстой хэмээн тариаланчдад шахалт үзүүлээд зогсохгүй тэдэнд өгдөг буудайн урам­шуулал олгох шийдвэрийг ч хүчингүй болгосон бололтой.

Уг шийдвэрийг ухаж ойл­говол зарим нэг монополь компанийн захиалгаар ийм шийдвэр гаргасан байж болзошгүй гэх хардлагыг ч нийгэмд үүсгээд байгаа юм. Харин тариаланчид яамнаас гаргасан дээрх шийдвэрийг эрс эсэргүүцэж “Хэрвээ бид улаан буу­дайгаа хямд өгвөл Монголын тариа­лан эрх­лэгчид бүгд дам­пуурах болно.

Салбарын яам иймэр­хүү бодлого хэрэгжүүлээд явбал Монголд тариа тарих хүн олдохгүйгээр барахгүй, ирэх жил гэхэд тариалангийн талбай рапсаар дүүрэх болно” гэж мэдэгджээ.

Харин тариаланчдын энэхүү мэдэгдлийг Ш.Түвдэндорж сайд үл огоорон “Олон юм яриад байвал та нарын буудайг хөгцрүүлж Оросоос улаан буудай авна” гэж сүрдүүлж байгаа аж. Уг нь сайд өмнө нь “Монгол Улс энэ жил дотоодын хэрэгцээгээ хангах улаан буудайгаа хангалттай хурааж авна” гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан.

Гэтэл тус яамныхан сайдтайгаа нийлж, тариаланчдыг ийнхүү дарамтлах болсон нь хэний эрх ашиг ингэж дээгүүр тавигдаж байна вэ гэх таамаглал олны дунд байгаа юм. Түүнчлэн тэрбээр тариа ногоо хураах ид цагаар халаа сэлгээ хийж өөрийнхөө хүнийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар томилсон. Энэ албан тушаал хамгийн “унацтай” гэдгийг хүн бүхэн мэднэ. Тариа буудайны оргил үе ирж байгаа энэ үед иймэрхүү томилгоо хийх нь оновчгүй л баймаар юм.

Тухайлбал өнгөрсөн бямба гарагт Хонгор сумын тариаланчид эсэргүүцлээ илэрхийлж тариа­лангийн талбай дээрээ лоозон барин суулт зарласан. Өөрөөр хэлбэл, тариаланчид Ш.Түвдэндорж сайдад цуврал хичээл хүртэл бэлтгэн явуулахаар зэхэж зарим хэсгийг нь лоозон болгон барьсан байв.

Тодруулбал, “Газар тариалан гэж юу вэ”, Тариалан гэж үүнийг хэлдэг юм”, “Тариагаар сайд та хооллодог шүү дээ” гэх зэрэг үгийг бичсэн байсан.

Хамгийн гол нь тэдний энэхүү жагсаал цуглаанд Монголын толгой бизнесмэнүүдийн тоонд зүй ёсоор бичигддэг хэд хэдэн эрхэм байсан нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татах болсон. Үүнд “Шим” нэрээр олонд танигдсан Л.Цандэлэг, “Гачуурт”-ын босс Л.Чинбат нар хамгийн том тариалангийн бизнесийг эрхэлдэг гэдгийг Монголын ард түмэн бүгд мэднэ.

Тиймээс л дээрх хоёр эрхэм тариаланчдын ахуй амьдралыг хамгийн сайн мэддэг хүмүүс учраас ийнхүү тэдэнтэй нэгдсэн аж. Угтаа бол тэд Ш.Түвдэндорж сайдаас илүү газар тариалан гэж юу байдаг юм бэ, ямар хэцүү ажил вэ гэдгийг бие мах бодиороо мэдэрсэн учраас тариаланчдаа хамгаалж тэдэнтэй нэгдэх болсон гэсэн үг.

Ш.Түвдэндорж анх сайдын суудал авч байхдаа ийнхүү хэлж бай­сан юм. Тэрбээр “Монголчуудыг тэж­ээж байгаа гол хүмүүс нь малчид, тариаланчид. Энэ хүмүүс­ийн нийгмийн асуудлыг шийд­вэрлэхийн төлөө ажиллана. Энэ салбарт­ олон төсөл хөтөлбөр батлагдсан. Зарим нь хөрөнгө мөнгөгүйн улмаас зогссон.

Тэдгээрийг эргэлтэд оруулахын төлөө бичил бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана” гэж амлаж байсныг ард түмэн мартаагүй л байгаа. Гэтэл энэхүү амлалтаасаа буцаж томоохон компанийн эрх ашгийг бодож тариаланчдаар ингэж доог тохуу хийж буйг сайдаас асуумаар байна.

Түүнчлэн тэрбээр ажлаа авсан өдрөө Засгийн газрын 147 дугаар тогтоолыг зөрчиж будаг нь ханхалсан “Ланд круйзер 200” маркийн шинэ автомашиныг 200 сая төгрөгөөр худалдан авч унасан нь хэл ам татлах болсон.

Энэхүү тогтоолд заасны дагуу төсвийн байгууллагууд бүх төрлийн зардлаа бууруулах ёстой. Тухайлбал автомашины зардлаа 20 хүртэл хувиар хэмнэх үүрэгтэй. Гэтэл сайдаар томилогдсон даруйдаа л Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд эдийн засаг хямарсан энэ үед салбарын сайдын буруу бодлогоос болж ард иргэдийн гол хэрэглээ болсон талхны үнэ нэмэгдвэл ард олон таны өөдөөс босч мэдэхээр байна шүү Ш.Түвдэндорж сайд аа.

Р.Саруул

Эх сурвалж: