sonin.mn

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн 2014 оны 9 дүгээр сарын 3-наас 10-ны хооронд  Хөвсгөл аймагт ажиллалаа. Тэрбээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Баянзүрх, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Цэцэрлэг, Жаргалант, Галт гэсэн найман сумын арав гаруй багийн иргэдтэй уулзаж УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөхийн сацуу малчдын өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцав.

Хөвсгөл аймгийн иргэд эдийн засгийн байдал, тэр дундаа валютын ханш, гадаад өрийн  талаар ихээхэн асууж сонирхсон. Мөн ноос ноолуурын урамшуулал,  хоршоололтой холбоотой асуудлуудыг шүүмжилж хэт их  чирэгдэлтэй хэмээн санал бодлоо илэрхийллээ.

Урамшуулал авахад заавал хоршоололд нэгдсэн байх шаардлагатайгаас гадна хэт их бичиг баримт бүрдүүлдэг чирэгдэлтэй  байдлыг арилгах шаардлагатай гэж малчид хэлж байсан юм.

Малчин хүн бүрийн хөндсөн  тулгамдаж буй бас нэг чухал асуудал бол залуу малчид ховордсон явдал юм. Сүүлийн жилүүдэд залуучууд төв суурин газар бараадах, эсвэл өндөр цалинтай уул  уурхай руу хошуурах  болсон байна. Хөдөө нутагт залуучууд цөөрч 40-өөс дээш насныхан мал маллаж нүүдэлчин соёл уламжлалаа хадгалж үлдэх гэж хичээж байгаар талаар малчид хэлэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ ирээдүй хойч үе маань мал маллахаас татгалзаж бэлчээрийн мал аж ахуй эзэнгүйдвэл манай улс шавхагдашгүй их баялаг болсон таван эрдэнээсээ салж хамгийн эмгэнэлтэй байдалд орно.

Монгол Улсыг мал аж ахуй, газар тариалангүйгээр төсөөлөхийн аргагүй. Газар тариалан эрхэлж, мал аж ахуйгаа өсгөж үржүүлэх хүсэлтэй  малчид ирээдүй хойчоос маань төрөхгүй бол  “шавхагдашгүй” гэж ярих дуртай бидний баялаг үгүй болно. Тиймээс залуучуудыг хөдөө нутагт уях орчин бий болгох хэрэгтэй гэж бодож байна. Залуу малчдад зориулсан зээл олгох талаар цаашид анхаарна гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга  Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Жаргалант суманд барьж байгуулсан 150 хүүхдийн хичээлийн дотуур байрны нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэв.

Тэрээр эрдмийн их өргөөг барьж байгуулж өгсөн Хөвсгөл аймгийн “Мөнх-Өргөө” ХХК-д талархаж байгаагаа онцлоод цаашид хамгийн их анхаарах чиглэл бол хүүхэд багачуудын сургууль, цэцэрлэгийн асуудал гэдгийг хэллээ.

Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж өгсөн нь өнөөдөр бүтээлч ажил болсонд баяртай байгаагаа илэрхийлж сурагчид онц дүнгээр эрдмийн их өргөөгөө  мялааж сурлагын их амжилтаар хариу барихыг хүсэв.

1460 мкв талбайтай энэхүү дотуур байрны барилгын ажил өнгөрсөн 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эхэлсэн бөгөөд сурагчдын сурах, тохитой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс давхар бүрийг  камержуулж, интернет орчныг бий болгож өгсөн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.