sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд найрамдах Тажик улсын нийслэл Душанбе хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүдийн зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцож байна. Тэрээр тус хуралдаанд үг хэлэх юм.

ШХАБ-ын гишүүн орноор ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улсууд ажилладаг бөгөөд гишүүн улсуудын итгэлцэл, найрамдал, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, терроризм, салан тусгаарлах үзэл болон хэт даврах үзлийн бүх хэлбэр, хар тамхины хууль бус наймаатай хамтран тэмцэх нь ШХАБ-ын үндсэн зорилго юм.

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүдийн зөвлөлийн хуралдаан болж буй энэ өдрүүдэд Монгол Улсыг тус байгууллагад элсэнэ гэсэн яриа гарах болсон юм. Гэвч 10 жилийн турш ажиглагчийн статустай явж ирсэн байр сууриа цаашид ч хадгална. Тус байгууллагад элсэх талаар ямар нэг яриа, хэлэлцээ хийгээгүй гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр  Монголын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцлон хэлсэн билээ.

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүдийн зөвлөлийн хуралдаан өнөөдөр өндөрлөнө.