sonin.mn

Монгол улсын таван хүний гурав нь "Дарга" буюу түшмэл болчихлоо. "Дарга" болох хүсэлээр мэрмэлэл одоо "Дон" болж хувирлаа. Дарга болох дон нь Төр засгийн бүх шатны орон тоог элдэв арга тайлбараар нэмэх хөшүүрэг болон хувирчээ.

Монголын яамдад (19) гурван ажилтан тутамд нэг даргатай зарим яаманд хоёр хүний нэг нь дарга "Цолтой" бөгөөд 2013 онд 800 хүнээр түшмэдийн орон тоо нэмсэн бол 2013 онд 3000-ыг нэмэх хүсэлтийг засгийн тэргүүн нь УИХ-д тавьсан билээ.

Манай 1000н хүнд жараад түшмэл ноогдож байгаа бол Японд 17.9, АНУ-д 22 , Финляндад 24.8 оногддог байна. "Түшмэлжсэн" орнуудын Тэргуүн байранд Монгол орохоор ажээ.

Яам тамгын газарт ядаж "Хурган" гэгдсэн дарга болж чадаагүй бол төрийн бус олон нийтийн байгууллага санаачлан "Дарга" болж бас тамга хийлгэж авна. Тийм байгууллагууд манайх шиг бага жижиг айлд 10000 гаруй байгаа ажээ. Түүн дээр баталгаатай, баталгаагүй академиуд, хувийн голдуу дээд сургуулиуд цөм л "Даргатай". Тэнд багтсан багтаагүй бас намууд байгуулж дарга нь болцгоодог.

Одоо бүртгэлтэй нам гэхэд л 22 байгаа нь цөм л дарга, тэргүүлэгчид, ерөнхий болон жирийн нарийн бичгийн даргатай байгаа. Ийнхүү түшмэлжсэн улс хөгжих ёстой бол манайх аль хэдийнэ "Азийн бар" улс болчихсон байхсан. Ганц нам Монголоо удирдан хөгжүүлсээр ирсэн хугацааны 1/3-тэй тэнцэх урт хугацаа өнгөрлөө.

Долоохон хүн нэг намын улс төрийн товчоог, долоохон яам улсын аж ахуй, соёл, батлан хамгаалах үйлсийг удирдаж байсан бол одоо 76 гишүүн УИХ-г бүрэлдүүлж, нэг хүн Ерөнхийлөгч, нэг хүн Ерөнхий сайдын өндөрлөг дээр сууж байгаа билээ.

Гэтэл УИХ-н гишүүний нэлээд нь "Дан дээлтэй" гарсан юмсан дараа болов уу яагаа бол гэдэг шиг "Давхар дээл" өмсцгөөгөөд улсын 19 яамны 17-гынх нь сайд болоод "2 сандалд" нэг биеэр "ээлжлэн" суусаар арван хэд дэх жилийн нүүр үзлээ. Тэр дээлээ тайлах гэж оролдоод бардаггүй хичнээн зовов доо!

"Дарга" дийлэнх нь болсон улс хөгждөг юм бол хөгжихөөр хугацаа өнгөрлөө. Гэвч "Шилжилтийн" гэж авгайлсан үе нь дуусаагүй л бололтой. Улсын гадаад өр өмнөх үеийнхээсээ давж гараад байна 100 гаруй мянган хүн эрхэлсэн ажилгүй, хүн амын 30 гаруй хувь нь ядуу амьдралтай, нийслэл хотын хогын зөвхөн нэг цэг хогийн Улаан чулуутын хогоор гэхэд л 400-700 хүн өл залгуулж (2007 он) тараншейнуудад 2006 онд 1700 хүүхэд тал хувь нь тэнд төрж өсөөд толгой хоргодсоор байгаа ажээ.

Яагаад ийм байна вэ? гэвэл олон юм ярьж болох боловч нийгэм маань "Түшмэлжиж", түшмэлүүд маань "Түшмэл" өвчинд нэрвэгдээд тэр өвчин нь ужгирчихаад хүн ардаасаа тасарчихжээ. Тэр өвчин нь 20 төрлийн бараг эмчилгээгүй бас халдвартай гэж болно.

Нэгд: "Намчирхал түүнийг дагалдсан нутгархал" өвчин. Сонгуульд олонхын суудал авсан нам төр, засгийн албанд намынхаа гишүүдийг, тэд нь нутгийнхаа танил, төрөл садангаа татаж авдаг болсоор удлаа. Бас танил талаа хөдөөнөөс ч татна. Ард түмэн тэсч ядаад "Төрийн алба биш төрлийн алба боллоо" гэсэн дүгнэлт хийлээ.

"Нам төвтэй нийгмийг төр төвтэй нийгэм" болгоно гэж дэвшүүлсэн уриа нь "Орон бүхний үгээгүйчүүд нэгдэхтүн" гээч шиг болчихллоо. Энэ хүнд өвчнөөс чөлөөтэй түшмэд өдрийн од шиг цөөрч, бас нэлээд нь "өшиглүүлчихжээ"

Хоёрт: "Авилгажих" өвчинд онош хэрэггүй дээр доргүй нэрвэгдлээ. Авилга авагчид бол эгэл хөдөлмөрчид биш түшмэлүүд (их, багагүй) юм. Сайд болоход хагас саяас доошгүй төгөргийн авилга атгуулдаг болсныг УИХ-н нэг гишүүн зөвшөөрч хэвлэлээр мэдэгдэж байсан билээ. Авилгажилтын талаар одоо олон нийтээрээ мэдэх болсон илэрхий "өвчин" тул нуршилтгүй "Авилгажсан 20 жил" гэдэг нийтлэлдээ ч би тодорхой бичсэн.

Ахин нуршихаас түдгэлзье. Харин авилгажилтаас салах хоёр л зам бий. Нэгд 20 жил өвчилсөн зарим нь авилгажилтын архагуудаас салж, эрүүл хүмүүсээр төр, засгийн албыг хаалгах, хоёрт нь авилга өгөхгүй байх хатуу зарчмыг иргэд өөрсдөө баримтлах нь чухал бөгөөд авилгачдыг тухай бүр илчлэж сурах ёстой болно. Мөн авилгачдыг нэр дэвшүүлбэл сонгохгүй байх.

Гуравт: "Хүнд сурталжих өвчин" халдаагүй "дарга" үзээд өгье гэсэн ч ховор болжээ. Хүнд суртал нь авилга авахад түлхээслэх хөшүүрэг болж түшмэдүүдэд ашиглагддаг байна. Хүнд суртал гаргах шалтаг нь хөдөлмөрчин хүний өргөдөл, хүсэлт, баримт бичиг дээр зөвшөөрлийн гарын усэг зурах тэp үед тод илэрдэг.

Элдэв шалтгаанаар зөвшөөрөл өгхөөс гэдийж гарын үсгээ зурахгүй чирэгдүүлхийн цаад утга нь "авилга" өгөхийг шаардаж буй хэрэг юм. Олон яам газар агентлаг дамжиж цөөнгүй хоног "хурган" болон хушуучлагч даргын үүд сахиж царайчлах нөхцлийг сүүлийн хориод жилд ноёрхосон засгийн газрууд түүний удирдлагууд зориуд гэмээр аргаар бүрдүүлж өгсөн юм.

Барилгын асуудлаар гэхэд л 2010 онд 118 хүний гарын үсэг зуруулах гэж зарим үед 480 хоног буюу жил гаруй хөөцөлдөж байж гүйцээсэн барилга ч цөөнгүй байдаг. Гэхдээ авилга егсөн нөхцөлд маш хурдан бүтэх удаа ч олон байлаа.

Сүүлд 56 гарын үсэг зурахаар цөөн болгосон боловч 180 хоног хөөцөлддөг. "Хүнд сурталжих" өвчин бол арга байхгүй л түшмэдийн өвчин юм. Аж ахуйнууд хувьд оччихоод байхад л түшмэдүүд нэмэгдээд байдаг.

Дөрөвт: "Ашиг сонирхлын явцуу бүлгийн өвчин" нь УИХ-аас эхэлээд доод шатты нийт түшмэдүүдэд түгээмэл болж буй өвчин юм. УИХ-ын зарим гишүүн өөрийн болон бүлгийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль санаачлах юмуу хуульд засвар оруулах, өөрчлөлт хийхэд идэвхийлдэг удаа нэг бус тохиолдсон гэж болно.

Жишээ нь: "Хадгаламж зээлийн хоршооньг тухай хууль" гэхэд 6 удаа засварлагдсан нь гайхалтайгаар барахгүй тэр хуулийг хэрэгжүүлэхэд зарим хүн их ашиг олж, зарим нь хэрэгт орсон билээ. Иймэрхүү үзэгдэл УИХ, яамдад ужгирсан.

Тавд: "Биеэ тоох өөрийгөө ихэд бодох" өвчин залуухан дарга нарт тусдаг бөгөөд хүмүүс "Даргаа даргаа" гээд байхаар өөрийгөө ихэд бодож, биеэ тоон улмаар "Бүхнийг мэдэгч" болох нь цөөнгүй. Мэдэхгүй байж мэддэг дүр үзүүлэн дур мэдэн буруу шийдвэр гаргах удаа ч тийм хүмүүст нэг бус тохиолддог.

Үүнээс нь болоод хүмүүс хохирч ажил унахад хүрдэг. 2005 оны үед Өмнөговьд Гашуун сухайт, таван толгойн нүүрсийг Хятадын өвөр Монголынхонтой гэрээ хийхдээ зах зээлийн үнэнээс хэд дахин доогуур тогтоож ашигт малтмалын нөөц ашиглалын төлбөрийг буруу тооцож дутуу төлж, уурхай орд газрыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлгүй гэрээлэх гэхчлэн 10 хууль зөрчиж ажиллаж байсан асуудал хэвлэлд тавигдаж хууль зүйн үндэсгүй гэрээ хийж байсныг нь мэргэжлийн хяналтын газар шалган тогтоож байлаа.

Энэчлэн биеэ тоосон, толгой хоосон түшмэдүүд өнгөрсөн жилүүдэд олширч ихээхэн хохирол улс, нийгэмд учруулсан юм. Гэвч тэд гэмгүй царайлан өнгөрсөөр...

Зургаад: "Дур зоргоороо аашлах, эрх мэдэлээ хэтэрүүлэх" өвчин бол түшмэдүүдийн дунд нэлээд түгээмэл болсон өвчин. Хамгийн энгийн наад захын баримт дурьдахад Баянхонгор, Баян-Овоо суманд Цагаан цахир Гоулд гэдэг Хятадын хөрөнгө оруулалттай алтны компани тэсэлгээний бодис саармагжуулахдаа нуурын ус руу хийсэн.

Гэтэл тэр нуураас ус уусан 64 ямаа хордож үхсэн. (2006 он) Тэрэн шиг мөн аймгийн Байдраг голд Цианитаар алт угаалгаж тэр нь голыг бохирдуулж улмаар Бөөн цагаан нуурт цутгасан гэгчлэн дураар аашлагчдын өвчин нь ялангуяа аймгууд хөдөө нутагт үгээмэл болсоор байна.

Долоод: Өнгөц, үзүүлбэр санаачлагч" болох өвчин сүүлийн үед их газар авлаа. Нэг их шинэ юм санаачилсан хүн болох гэдэг ч юм уу эсвэл үзүүлбэрийн өнгөц аргаар олныг хамарсан юм зохион байгуулж сайрхагчид үнэн хэрэгтээ өөрийгөө дөвийлгөх бас хүмүүсийн түрийвчийг "боловсон мэт" аргаар хоослох чиглэлтэй байх нь цөөнгүй юм.

Ялангуяа ямар нэгэн баяр ёслолын үеэр ийм санаачлагаа дэвэргэдэг байх шиг. Хэрвээ үндэсний баяр ёслолын тохиолдол байхгүй бол гадаадын аль нэг орныхыг зээлдэн дуурайж "Валентиний өдөр", "Пиццаны өдөр" ч гэх шиг "Шоуддаг" болсон нь нэгэн төрлийн өнгөц үзүүлбэр юм.

Жил жилийн бүр дарга голдуу хүмүүсийг тэргүүний шилдэг хүн хэмэзн магтан өргөмжлөж нялуурдаг заншилтай болж байна. "Нүцгэн санаачилгын" ийм идэвхийлэл бол барааны суртчилгаанаас ялгагдахаа больж хүмүүст ямарваа нөлөөгүй, залхаалтын хэлбэрт оржээ.

Хөдөөгийн холын сумууд хүртэл Нийслэлд ирж ойгоо тэмдэглэдэг болсон. Бодвол иргэдийнх нь ихэнх нь хотод шилжчихсэн биз. Тэдэндээ бас алга тосдог шоу ч байж мэднэ.

Наймт: "Хуурмаг сүржин яриа" бол "түшмэд" өвчин бөгөөд сүр бадаруулан ярих, эсвэл сүжигүй муулах аргаар их лут хүн болж харагдах, түүгээр ч барахгүй олныг хөөргөх юм уу тайвшруулах, эсвэл төөрөгдүүлэх уриа дэвшүүлэх зэрэг хэлбэрээр энэ "өвчин" илэрдэг байна.

Хориод жилийн тэртээд: "Төрийг хямралаас гаргана" гэсэн уриаг эрх баригчид дэвшүүлсэн. Гэтэл 20 жилийн турш төр хямарсаар, ерөнхий сайд нь гэхэд л хуулийн хугацаанаасаа өмнө халагдаж солигдож, арваад ерөнхий сайд эзлжлэн суудлаа солив.

"Ядуурлаас гаргана" гэсэн чинь 2005 он гэхэд "шинэ зуун гараад 5 дах жилдээ" ядуурал хөдөөд хүн амын 43%, хотод З6% байхаар барахгүй ажилггүйчүүд 266000 болчихсонд байлаа. Ахиад 5 жил өнгөрч 2010 он гэхэд 35.2% байсан бөгөөд 930000 хүний 100 хүн тутмын 35 нь хоол хүнс хувцас ойр зуурын юмаа худалдан авах чадвар дутмаг байлаа.

Энэ нь өнөөх түшмэдүүдийн хуурмаг, сүржин яриа амлалтын зөвхөн нэг баримт нь юм. Ийм өвчин туссан түшмэд ялангуяа сонгууль болох үеэр их л түгээмэл болсон нь мэдрэгддэг билээ.

Есөд: "Хувиа бодох, эрх тушаал хөөцөлдөх" өвчин юм. Энэ бол өмнөх тогтолцоонд ч байсан өвчин билээ. Гэвч сүүлийн хориод жилд ихээхэн идэвхэлсэн гэж болно. Ийм өвчин ялангуяа "Намуудын тухай хууль" гэдэг арчаагүй хоцрогдмол баримт бичгийг УИХ баталснаас хойш ихээхэн халдвартай болсон.

Нэгэнт л намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлдэг болсон юм бол нам байгуулаад үзээд алдъя гэдэг санаа эрх тушаал хөөцөлдөгчид гүнзгийрч хэдхээн хүн амтай манай улсад одоо бүртгэл бүхий 22 нам, бүртэгдээгүй ч өөрсдийн бүлэг "нам" гэж яриагаар маш олон болжээ. Улс орныг хөгжүүлэх, ард түмний амьдрал ахуйг өөд татахад идэвхтэй үүрэг гүйцэтгэх чиглэлтэй гүнзгий сайн бодож боловсруулсан хөтөлбөртэй нам дээр дурдсан 22-ын дотор бараг үгүй байна.

Цөм л "зах зээлийн нийгэм байгуулна" гэсэн ижилхэн утгатай, хэллэг нь жаахан өөр юм ярьцгаадаг болсон. Хоргомчилсон, хуурмаг гоё үг ярьж, яаж ийгээд л УИХ-д суудал олж авахыг, чармайдаг хүмүүс сонгуулийн үеэр "нүүрээ нууж" чаддагүй нь үнэндээ эрх тушаалын төлөөх "хуруу хумсаа маажилт" байсан нь зарим сонгогдсон этгээдийн өнөөх гоё амлалт салхинд хийсэх мэт алга болж хаягддагаар гэрчлэгдэнэ.

Үүний баримт дурдвал даанч урт яриа болох юм. Зарим хүн УИХ-д сонгогдож авахыг өөрийн үйлдсэн зүй бус явдлууд, тэр ч байтугай хээл хахуулиа халхавчлах "бамбай" болгон ашиглаж эхэлдэг нь ч нийтэд мэдэгдсэн билээ. УИХ ч цөөн бус хүнийг "хаацайлалдаа" авсан.

Ийм нөхцөлд УИХ юмуу Цэцэд орж авах нь "нөмөртэйг" мэдрэгчид сонгуулийн үеэр авлига гардуулахыг бүүр гааруулдаг болсон. Зүй нь дөрөв дэх засаглал гэдэг бусдаас хамаат бус хуулийн байгууллагынхаа саналыг хүлээн аваад хэрэв үндэсгүй байсан бол уул хүнээ цагаатгаж, хуулийн байгууллцгатайгаа хариуцлага хатуу тооцож болохсон.

Тэгдэггүйгээс нэг талаар УИХ болон хуулийн байгууллагынх нь нэр хүнд унаж, эрх мэдэл хөөцөлдөж УИХ, Цэцэд орж авахыг чармайгчдын эгнээг өргөтгөж хоёр давхар хохирол учруулсаар ирэв. Ийм нөхцөлд түшмэд болох өвчин гаргаагүй яахав.

Аравт: "Хөшүүн хойрго, хүйтэн сэтгэл" бол биеэ тоосон түшмэлийн архаг өвчин юм. Сэтгэл нь цэвдэгшсэн (дүшевная глухота) түшмэл бол хүний гачигдал, зовлон, бэрхшээлийг ойлгодоггуй, ойлгохыг ч хүсдэггүй учир иргэдийн зүгт хүйтэн бас хөшүүн хойрго хандлага гаргадаг. Тэгэхээр нь авлига горьдоод байгаа юм болов уу гэж хүмүүс боддог.

Өгдөг ч удаа бий. "Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ?" гэдэг шиг сэтгэхүйтэй болчихсон хүйтэн сэтгэлтнүүд төр засгийн албанд хэрхэвч байж болохгүй ч байсаар, үнэнийг нь хэлсэн ажилтнаа бөөнөөр нь халж сольсоор байдаг баримт хайлтгүй хэвлэл сонинуудад зөндөөн байх боллоо.

Арван нэгд: "Эрх зүй, эрүүгийн хууль зөрчих өвчин" Энэ өвчин нь мэдэхгүйгээсээ болж олдог өвчин юм. Дарга, түшмэл болох донтой мөртлөө тэрэндээ хүрсэн хойно төр засгийн хууль хэрэгжүүлэх үүрэгтэй болно гэдгээ ухамсарлаагүйгээс, УИХ-ын батлан гаргасан өдий төдий хуулиудыг уншиж судлалдаггүйн улмаас "хууль зөрчих" үйлдлийг цөөн бус түшмэгтхийж нэг л мэдсэн хэрэгтний сандалд суухад хүрэх тохиолдолтой тулгардаг.

Тэр үед "амаа баривч" хожимдсон байдаг. Тийм хэргээс үүдсэн өвчнөөс бол гэм зэмдээ тохирсон ялыг эдлэхийг хэлдэг. Гэвч зарим түшмэл тэр гэмээсээ булхайцах, бас авлига өгөх, үгсэх мэтийн элдэв замаар мултрахыг чармайж зарим нь "завшиж" гарсан удаа ч бий билээ. Гэхдээ нэг завшихад боломж байхад хоёр удаа завших нь юу л бол!

   Түшмэл өвчнөөс сэргийлэх арга бол үнэнч шудрагын ёс бөгөөд хууль дүрмийг сахиж, ёс суртахуунаар цэвэр байх, "хүмүүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулах" үндэстний зорилгод үнэнчээр зүтгэхэд оршино. Өмнө дурдсан арав гаруй төрлийн өвчин бол хамгийн ноцтой бас түгээмэл өвчин юм.

Үүнээс гадна бас нүүр тал харах (разгильдяйство), хов жив хөөцөлдөх (сплетня), цалгардал (расхлябанность), урсгалд нь тавих (текүчесть), хэлбэрдэх (формализм), долгинох (подхалимничество), ёсорхох (педантизм), архидалт (гулянка) гэхчилэн муу зуршилд тушмэл буюу дарга хүн автагдах нь олонтаа тохиолддог үзэгдэл юм.

Эдгээрийн орос орчуулгыг хаалтанд авсан минь учиртай. Яагаад гэвэл хойт хөршид суралцах боловсрол олсон улмаар тэдний дарга, түшмэдүүдтэй нөхөрлөж, хамтран ажилласан олон жилийн үйл явцад халдварласан ийм "түшмэд" өвчин манай ахмад үеийнхэнд ч бас тэднээс залгамжилсан залуу үеийнхэд ч муу нөлөөгөө үлдээсэн нь ажиглагдахаар барахгүй албан үүргээ гүйцэтгэхэд нь "хэрэглүүр" болох тохиолдол гapcaap байгаа нь нийгмийн "сэтгэл бохирдлын" бас нэгэн нян гэлтэй ажээ.

Зах зээлийн харилцаа хөгжсөн орнуудад түшмэл зантан нэг их явгуургүй болж "хөтөч", "гүйлгээч", "зууч", "данжич" чиглэл нэлээн давамгайлах болсон ч гэсэн " авлига" мэтийн муу зуршил амь бөхтэй байгаа зүйл юм. Харин одоо үед бид гадаадынхны алдартай гурван "а" чанарыг л халдааж авмаар байна.

Нэгдүгээрт: Америкийн "а" чанар буюу "ашигч" (прагматизм)

Хоёрдугаарт: Японы "а" чанар буюу "авхаалжит" чанар (предпрприимчиство),

Гуравдугаарт: Хятадын "а" чанар буюу "ажилсаг" (трудолюбия) энэ гурвыг л хүн бүр өөртөө шингээж авмаар байна даа. Тэгвэл ч ашигч, авхаалжтай, ажилсаг (чанартай хүн зах зээлийн нийгэмд захиалгат хүн болж чадна.


Монгол улсын хөдөлмөрийн баатар Л. Түдэв