sonin.mn

Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж Шан­хайн хамтын ажил­лагааны байгууллагын дээд хэмжээний 14 дэх уул­залтад оролцоод баасан га­рагийн шөнө Улаанбаатарт газардлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурав найр тавин гар ба­рихыг харж, Евразийн хү­чирхэг тэргүүнүүд нэг дор цугларсан түүхэн уул­залтын гэрч болох хувь то­хио­сон нь өнгөрсөн баасан гараг байв. ОХУ, БНХАУ, Тажикстан, Киргизстан, Азарбайжан, Узбекстан улсуу­дын төрийн тэргүүнүүд санал нэгдэж 2001 онд энэ байгууллагыг үндэслэсэн нь өнөөдөр бүс нутаг төдий­гүй, дэлхийн улстөр, эдийн засгийн хү­чирхэг бай­гуул­лага болоод байгаа юм.

Энэ удаагийн уулзалтыг Тажикстан улс өндөр хэм­жээнд зохион байгуулж, ялангуяа оролцогч талуудын аюулгүй байдалд ихээхэн анхаарал тавьсан нь ажиг­лагдаж байсныг хэлэх ёс­той.

Дундад Азийн лалын шашинт Тажикстан улс нь харьцангуй амар тайван, гаднаас зочлон ирсэн гийч­дэд элгэмсэг найрсаг ханд­даг нь гудамжны жимс но­­­гооны худалдаачин, такси­­­ны жо­лооч нарынх нь төлөв байдлаас тодорхой ха­рагдаж байлаа.

Ерөнхийдөө Душанбе хот нарлаг дулаахан, бүсгүй­чүүдийнхээ өмссөн урт даашинж шиг олон өнгө­тэй, эрээн мяраан ч монголчуудын туулаад гарсан 1990-ээд оны дунд үеийнх­тэй төстэй санагдсан. Гудамжинд нь хуучны ЗХУ-ын үеийн “Лада”, “Москвич”, “Волга” ма­шинууд олонтой харагдаж байв.

Сонирхолтой нь тажик эрчүүд бидэнтэй адил назгай тайвандуу, явдал суудал нь удаандуу санагдсан. Душанбе хот ерөнхийдөө 5-12 давхар голдуу барилга­тай, сааралдуу өнгөтэй юм билээ. Душанбед өнж­сөн хоёр өдөрт монгол хүнд тохиромжтой хоол хүнс, ялангуяа гудамж бүрт алаглан байх онцгой амтлаг тарвас, алим, лийр зэрэг нь одоо ч амтагдах шиг болж байна.

Жилд хоёр удаа ургац хураадаг нарлаг тажикийн жимс ногоог Монгол руу оруулах талаар манай бизнесменүүд хөөцөлдөж ажил хэрэг бол­гоход боломжтой са­нагдсан. Хамгийн гол нь тэдгээр жимсийг зарж борлуулж байгаа ногоочид тун боломжийн үнэ санал болгож, их хэмжээгээр авах тохиолдолд үнээ хоёр дахин буулгаж болох талаар ч ярьж байна лээ. Жишээ нь 1.8 кг тарвас таван сомон буюу монгол мөнгөөр 1750 төгрөг байх жишээтэй. Лийр бүр ч хямдхан юм билээ.

Тажикууд дундад Азийн ард түмэн гэсэндээ хонь, үхрийн мах голдуу хэрэглэдэг юм байна. Хоолны хувьд сүйдтэй халуун ногоо хэрэглэдэггүй учир монгол хүнд тохиромжтой санагдсан. Борщ, будаатай хуурга, тажик үндэсний гамбир тэр­гүүт­нийг идэхэд найман сомон болж байгаа юм. Монгол мөнгөөр 2800 орчим төгрөг гэсэн үг.

Шанхайн хамтын ажил­лагааны байгууллагын дээд хэмжээний энэ удаа­гийн уулзалтын үеэр Тажикстан улсын Ерөн­хий­лөгч Эмомали Рах­монд Монгол Улсын Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж ба­раалхаж, хоёр улсын хоо­ронд улстөр, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын хамтын ажил­лагааг идэвхжүүлэх талаар хэлэлцэв.

Энэ удаагийн уулзалтын яах аргагүй содон лидер нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёр байсан юм. Ялангуяа бага зэрэг ядрангуй царайтай ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин аргагүй л ХХI зуунд дэлхийн улстөр, цэрэг, эдийн засгийг жолоодолцох их гүрний төрийн тэргүүн гэдгээ алхаа гишгээ, биеэ авч яваа бүхнээрээ тодорхой харуулж байлаа.

Уулзалтын завсар чө­лөө­гөөр гудамжинд жи­жүүрлэх цагдаа нартай уулзаж яриа хөөрөө өрнүүлэхэд тэд­ний Монгол Улсын та­лаарх боломжийн мэдлэг, ялангуяа эзэн Чингис хааны талаарх таатай яриа нь ихэд таалагдсан юм. Хэдийгээр Чингис хааны их цэргийн хөлд өртөж, тухайн үедээ дайн самууны зовлон амссан ч тажикчууд их хааны маань талаар муу үг хэлээгүй нь тааламжтай сайхан сэтгэгдэл үлдээсэн. Энэ удаа Душанбегийн тэн­гэр дор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар анх удаа гар барин уулзсан нь түү­хэнд анхны тохиолдол боллоо.

Өдгөөгөөс 100 жилийн өмнө Хиагт хотноо гурван улсын Засгийн газрын түв­шинд хэлэлцээ хийгдэж байснаас хойш Монгол Улсын төрийн тэргүүн дээд хэмжээний уулзалт хийх санаачилга гаргасан нь яах аргагүй дипломат ёсны түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болов.

Душанбегийн түүхэн уулзалтыг дүгнэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид энэ уул­залтыг Улаанбаатар хо­тод хийж байя. Өөр газар хийхгүй гэсэн байр суурьтай байгаа. Нөгөө хоёр Төрийн тэргүүн маань мөн өөр, өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Заавал Улаанбаатарт биш, олон улсын хурлын үеэр ч юм уу боломж гарсан үедээ эсвэл ээлжлээд хийж болох юм гэсэн саналыг дэвшүүлж байгаа.

Мөн өнөөдрийн уул­залтаар төмөр замаа хамтарч барих Монгол Улсыг АПЕК-т элсүүлэх гэх мэт асуудлуудын талаар маш сайн ярилцлаа. Ер нь Путин Ерөнхийлөгч, Си Зиньпин дарга “Ийм уулзалт бидэнд хэрэгтэй байсан юм. Энэ бол улсуудын түүхэнд анх удаа болж байгаа уулзалт” гэж үзэж байгаа.

Зөв эхлэл бол амжилтын эхлэл байдаг гэдгийг Си Зиньпин дарга хэлж байна. В.В.Путин Ерөнхийлөгч ч мөн “Энэ уулзалтаар яригдсан зүйлүүд бидний ирээдүйд хэрэгжүүлэх хамтарч ажиллах томоохон төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэх зөв механизм бүрдэж байна” гэж хэлж байна лээ. Үүнд хамтарч ажиллая гэсэн.

Мөн ирэх жилүүдэд гурван улсын Ерөнхий­лөгч тодорхой арга хэмжээ­нүү­дийн үеэр уулзах боломж байна гэдгээ дуулгасан” хэмээн дүгнэсэн нь нарлаг Тажикийн нийслэлд ямар­хуу чухал яриа хэлэлцээ болсныг тодорхойлж байгаа юм.

Монгол, Орос, Хятад гурван улс нь хамгийн урт хилээр хиллэдгийн хувьд манай гурван улсын хооронд хэлэлцэж шийдвэрлэх шаард­лагатай асуудлууд олон байгаа. Ялангуяа дам­жин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн хөгжилтэй хол­боотой ярилцах асууд­лууд олон байгаа нь тодорхой.

Монгол Улс далайд гарц­тай болохын тулд заавал хоёр хөршөөрөө дамжих шаард­лагатай. Эдийн засгийн туй­лын их ач холбогдолтой эдгээр асуудлыг шийдэхийн тулд Монгол Улсын Ерөн­хийлөгч түүхэн санаачлага дэвшүүлж хоёр их хөрш маань асуудлыг нааштай судлахаа амлалаа.

Нарлаг Душанбегийн тэнгэр дор ийм л яриа хэлэлцээ боллоо. Энэ нааш­тай яриа хэлэлцээ явагдахад Монгол Улсын төрийн тэргүүний нэр хүнд, бүс нутагтаа төдийгүй дэлхийд танигдсан удирдагчийн зан­гарга томоохон үүрэг гүйцэтгэлээ. Бид ийм л түүхэн гэрээ хэлцлийг дэргэдээс нь харж, гэрч болж яваад ирлээ.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: