sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн эсрэг мэдүүлэг өгүүлэхийн тулд тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуденд улс төрийн орогнох эрх олгох Швейцарийн төлөвлөгөөг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дотоодын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны дарга, Бүгд найрамдах намын гишүүн Майкл Маккол буруушаасан тухай “Foreign Policy” сэтгүүлд мэдээлжээ.

“Урвагч Эдвард Сноуден шүүгдэхийн тулд АНУ-д буцаж ирэх ёстой. Өөр улсад аюулгүй орогнох эрх ашиглан манай тагнуулын байгууллагын ажлын арга барил болон эх сурвалжуудыг худалдах боломжийг бид түүнд олгох ёсгүй” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

“Сноудены зохион байгуулсан мэдээлэл дэлгэх ажиллагаа нь манай үндэсний аюулгүй байдалд хэмжээлшгүй их хохирол учруулж, бид хэдэн тэрбум доллар алдсан. Хийсэн үйлдлээ зөвтгөхийг оролдохын тулд тэр АНУ-д өөрөө буцаж ирнэ гэдэгт би найдаж байна” гэж Майкл Маккол хэлснийг “Foreign Policy” сэтгүүлд цохон тэмдэглэжээ.

Үндэсний аюулгүй байдлын агентлагийн эсрэг мэдүүлэг өгүүлэхийн тулд Эдвард Сноуденд улс төрийн орогнох эрх олгоход бэлэн байна гэж Швейцарийн Прокурорын газар урьд нь мэдээлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг