sonin.mn

НЬЮ-ЙОРК. /АР/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох битүүхэн дохиог өгчөө. Тэрбээр Айова муж улсад ням гарагт болсон Ардчилсан намын их хуралд оролцохдоо ийм дохиог өгсөн байна.

Клинтон 10 мянган идэвхтний өмнө үг хэлэхдээ, “сайн байна уу, айовачуудаа. Би эргэн ирлээ!” гэжээ.  Ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцох тухайгаа Төрийн нарийн бичгийн дарга асан шууд хэлээгүй боловч “шарсан махны төлөө” их хуралд хүрэлцэн ирлээ хэмээн хошигнон хэлжээ.

Хиллари Клинтон уг их хуралд “зөвхөн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг сонирхсон хүмүүс хэтэрхий олноороо” цугласныг онцлон дурдсан байна. “Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил намайг ч бас их догдлуулж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

2013 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхээ шилжүүлэн өгсөн  Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхээ хараахан албан ёсоор зарлаагүй байгаа билээ. Үүний сацуу, тэрбээр Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэгд тооцогдож байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг