sonin.mn

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ оны 6 дугаар сард Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалтад урилгаар оролцохдоо   тус байгууллагын хэрэгжүүлж байгаа өрсөлдөх чадвар бүхий хариуцлагатай үйлдвэрлэл болон эдийн засаг, худалдааг төрөлжүүлэхэд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийн танилцуулга уулзалтад оролцож, эдгээр хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах асуудлаар ярилцсан юм.

Өнөөдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Е.Урамато тэргүүтэй төлөөлөгчид Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзах үеэрээ дээрх төсөл хөтөлбөрүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

ОУХБайгууллага жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн аж ахуй эрхлэх ур чадварыг дээшлүүлэх болон ажилтан, ажил олгогчийн хоорондын харилцааг зохицуулахад түлхүү анхаарч Монголын ноолуур, арьс шир боловсруулах салбар, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн боловсруулах болон аялал жуулчлалын салбарт төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой болохоо хэллээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээрх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлж чадваржуулах, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал дэмжлэг болно гэдгийг хэлээд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гаргасан саналыг дэмжиж, Монголын талын оролцоог бий болгоход үйлдвэрчний болон ажил олгогчдын байгууллагатай хамтарч ажиллана гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.