sonin.mn

Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд “Эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх нь” сэдэв сургалтыг энэ сарын 08-12-ны өдрүүдэд Завхан их сургууль, Хөгжим бүжгийн коллеж, Политехникийн коллежийн дотуур байрны нийт 415 оюутан, залууст амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтын бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн газрын нөхөн үржихүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Отгонням, Эрүүл мэндийг дэмжих, хамт олон салбар хоорондын асуудал хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Энхмандах, Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Тэгшжаргал, Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Ундармаа, Мэдээлэлийн техинологи, зайн оношилгоо хариуцсан мэргэжилтэн З.Лхавгасүрэн, Мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Д.Бямбаа, Энхтайвны корпусын сайн дурын ажилтан Mелинда Долфин нар оролцлоо.

Энэхүү сургалтаар оюутнуудад дараах сэдвүүдийн хүрээнд цогц мэдээллийг өгсөн байна. Үүнд:
• Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар: Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэж юу болох, өсвөр насны охид хөвгүүдийн онцлог, бие болон сэтгэл зүйд гардаг өөрчлөлтүүдийн талаар оюутнуудтай ярилцаж, бэлгийн зан үйл, чиг хандлага болон буруу дадал хэвшил, түүнээс үүдэлтэй хор уршиг зэргийг ойлгуулах, өсвөр насны хүүхдүүдийн дунд үргэлж хаалттай байдаг зарим асуудлууд тухайлбал бэлгийн хавьтал, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, жирэмснээс хамгаалах хэрэгсэлийг зөв хэрэглэх,  

• Эмийн зохистой хэрэглээний талаар: Эм хэрэглэх арга, эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ, эмийн гаж нөлөө, тарилгын эмийн хэлбэрт хэт шүтэх, эмийг хаана хадгалах вэ, эмийг зохистой хэрэглэх 7-н алхамын талаар мэдлэг олгох,

• Дэлгэцийн донтолтоос үр хүүхдээ хамгаалах нь: Оюутнууд ямар шалтгааны улмаас телевиз, гар утас, компьютерийн өмнө олон цагаар сууж, “Дэлгэцийн донтолт”-той болдог, ямар хор уршиг үүсч болох талаар мэдээлэл олж авах, үүнээс яаж урьдчилан сэргийлэх боломжтой болох талаар мэдлэгтэй болгох,

• Архи тамхины хор хөнөөл ба түүний талаарх түгээмэл буруу ойлголтууд: Архи, тамхи, мансууруулах бодистой холбоотой буруу хэвшмэл ойлголтуудын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг мэдээллийг олгож, зөв хандлагыг төлөвшүүлэх, эрүүл мэндэд учруулж буй хор холбогдлын талаар таниулж, үе тэнгийн дарамт шахалтаас зайлсхийх чадвар эзэмшүүлж, ямар эрсдлүүд учирч болох талаар мэдлэгтэй болж, эрсдэлээс зайлсхийх ур чадварыг эзэмшүүлэхэд сургалтын гол агуулга чиглэгдэж байсан.

Тус сургалтын явцад оюутан залуучууд идэвхтэй оролцон, өөрсдийн сонирхсон олон асуултад мэргэжлийн эмч нараас чөлөөтэй зөвлөгөө авч, харилцан ярилцаж, эрүүл мэндийн боловсрол, мэдлэгээ дээшлүүлж, хэзээ, хэнд, хаана хандаж тусламж үйлчилгээ авч болох тухай мэдээллийг авсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

Сургалтын үйл ажиллагаанд оролцсон байгууллагын удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтан, сургуулийн эмч нар чин сэтгэлээсээ хүлээн авч цаашид хамтарч ажиллахаа илэрхийлж, талархал дэвшүүллээ.