sonin.mn

Элэгний В, С вирусын эмчилгээ, оношилгооны тулгамдсан асуудлаар ДЭМБ, ЭМЯ хамтран 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуралдлаа. Тус хурлыг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ахалж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм.

1. Элэгний С вирусын шинэ эмчилгээг Монгол улсад хэрхэн нэвтрүүлэх

2. Элэгний В, С вирусын удирдамжыг шинэчлэх

3. Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөр

4. Халдварт өвчнийг бууруулах гэсэн асуудлуудыг хэлэлцсэн

Хурлын үеэр санал асуулгууд олон гарсан бөгөөд ДЭМБ-ын элэгний В, С вирусын эмчилгээ хариуцсан мэргэжилтнүүд хариулт өгч байлаа.

Хурлын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа элэгний нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдээс шинэ эмчилгээ маш их гарч байгаа бөгөөд энэ талаар ямар бодолтой байгааг асуухад, "Маш олон шинэ эмчилгээ гарч байгаа бөгөөд энэ эмчилгээнүүдийг Монгол улсад аль болох хурдан нийлүүлэх нь зүйтэй. Гэхдээ урт хугацааны амлалт өгч болохгүй юмаа.

Учир нь цоо шинэ эмнүүд маш хурдан гарч ирж байгаа учир урт хугацааны амлалтыг эмийн компаниуудад өгч болохгүй, дээд тал нь 2 жилийн хугацаатай амлалтыг өгч болох юм хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байлаа. Мөн эмчилгээний гарын авлагыг өөрчлөх талаар ДЭМБ-ын мэрэгжилтнүүд зөвлөхдөө хамгийн сүүлд гарсан гарын авлага тухайн үедээ маш шинэлэг байсан.

Гэтэл элэгний С вирусын эмчилгээний асуудал бол өдөр хоног дутамд өөрчлөгдөж байгаа учир тэрхүү гарын авлага одоо хоцрогдсон байх боломжтой юм. Ийм учир энэ асуудлыг авч үзээрэй. Одоогийн та бүхний гар дээр байгаа энэ гарын авлагыг ойрын үед шинэчлэх магадлалтай" гэсэн хариултыг өгч байлаа.

Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг дэд сайд санаачилж танилцуулсан бөгөөд түүнийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд их өндрөөр үнэлж, сайшаагаад анхаарах зүйлүүдийн зөвлөмж болгож өгөхөөр болов.

Тус хурлаар элэгний В, С вирусын эмчилгээ оношилгооны талаар олон тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн бөгөөд ДЭМБ-аас хурлын үр дүнгээс гарч байгаа зөвлөмжийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлэхээр болсон юм.